Depository of News

Гүйцэтгэх захирал нь Хятадын тагнуултай харилцаатай болсон гэх мэдээллийг Nvidia компани няцаажээ

newsdepo.com · economy

АНУ-ын тагнуулын байгууллагууд Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай бизнесийн харилцаатай байсан, Хятадын тагнуул байж болзошгүй нэгэн этгээдийг онилсон тухай New York Times сонин мэдээлжээ. Женсен Хуантай төрөл садны ямар ч холбоогүй Алис Хуан (эсвэл Хуан Лэ) гэгч эмэгтэй нь Сингапурт төвтэй Megaspeed хэмээх дата төвийн компанийн удирдах албан тушаалтан юм байна. Түүнийг өмнө нь Nvidia компанийн чипүүдийг Хятад руу хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж, улмаар Америкийн албаныхан түүнийг хяналтдаа авч, үйл ажиллагааг нь ажиглаж эхэлжээ. New York Times сонин нэрээ нууцалсан эх сурвалжуудаас эш татан мэдээлснээр албаныхан түүнийг Хятадын тагнуулын сүлжээнд ажиллаж, Бээжин рүү арилжааны нууц мэдээллүүдийг дамжуулдаг байсныг тогтоосон гэнэ. Тухайлбал Америкийн албаныхан хяналт шалгалтынхаа явцад Алис Хуан нь Nvidia компанийн гүйцэтгэх захиралтай ойр дотно харилцаа тогтоосныг илрүүлсэн юм байна. Nvidia-гийн хүчирхэг чипүүд нь хиймэл оюун ухааны салбарын огцом хөгжлийн гол тулгуур болж байгаа бөгөөд үүний ачаар Женсен Хуан тус салбарын хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг болсон юм. АНУ-ын засаг захиргаа хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалахыг хичээж буй энэ үед Женсен Хуан болон ерөнхийлөгч Дональд Трамп нар ч тун ойр харилцаатай болоод байгаа. New York Times сонины мэдээлснээр Цагаан ордны албаныхан Алис Хуан болон Nvidia компанийн тэргүүн нарын ойр дотно харилцаанд нэлээд санаа зовниж байгаа аж. Трампын засаг захиргаа үндэсний аюулгүй байдлын үүднээс хиймэл оюун ухаанд зориулсан дэвшилтэт чипүүдийг Хятад руу экспортлоход хязгаарласан билээ. Megaspeed компанийн Алис Хуан нь Хятадын талд эдгээр хязгаарлалтыг тойрч гарахад тусалсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа гэнэ. Nvidia компани New York Times сонинд өгсөн тодруулгадаа гүйцэтгэх захирал Женсен Хуан болон Алис Хуан нарын харилцаанд ямар нэгэн онцгой, сэжигтэй зүйл байхгүйг мэдэгджээ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч "Үйлчлүүлэгчидтэйгээ уулзах нь гүйцэтгэх захирлын ажлын нэг хэсэг юм. Женсен жил бүр олон мянган үйлчлүүлэгч компанийн удирдлагуудтай уулздаг" гэж мэдэгдэлдээ дурдсан байна. Мөн Megaspeed болон бусад үйлчлүүлэгчид нь зөвхөн ердийн бизнесийн мэдээллийг хүлээж авдаг, өөр ямар нэг нууц мэдээлэл, тэр дундаа үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг огт хуваалцдаггүйг баталжээ. Эх сурвалж: AFP

Read full article →