Ирэх сарын 1-нээс дулааны төв болон салаа шугамаас огтолгоо авах, сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүйг мэдэгдэв
Ирэх сарын 1-нээс нэгдсэн сүлжээнд болон төвлөрсөн дулаан хангамжийн системүүдэд сэлгэн залгалт, шинээр холболт хийхгүйг "УБДС" ТӨХК-аас мэдэгдэв. Энэ тухай тус компаниас "2026-2027 оны өвлийн оргил ачааллын горим ажиллагааг эрчим хүчний системүүдэд мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан халаалтын улирал эхлэх, дуусах хугацаанд хэрэглэгчдийн эрчим хүчний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах үүднээс нэгдсэн сүлжээнд болон төвлөрсөн дулаан хангамжийн системүүдэд сэлгэн залгалт, шинээр холболт хийх үйл ажиллагааг 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2027 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд зогсооно. Улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл тусламжаар хэрэгжих, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлууд, зайлшгүй аваарийн захиалгаар хийгдэх сэлгэн залгалтын захиалгыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дурдсан цаг хугацаанд зохион байгуулж ажиллана. Тухайн заасан хугацаанд дулааны төв болон салаа шугамаас огтолгоо авах, сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ. 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн 14,500 гаруй барилгыг дулааны эрчим хүчээр хангах бол 266 барилга, объект шинээр дулааны эрчим хүчинд холбогдохоор техникийн нөхцөл авчээ.
