З.Мэндсайхан: Гашуунсухайтын цаад талын боомтын засвараас болж Оюутолгойн зэсийн экспорт гурав дахин буураад байна
Гашуунсухайт боомтоор экспортод гаргадаг зэсийн баяжмалын хэмжээ буурч байгаа талаар "Оюу толгой" компаниас мэдэгдсэн. Тус мэдэгдэлд "2026 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс хойш Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд хилээр буцаж нэвтрэх гарцад тодорхойгүй шалтгааны улмаас хязгаарлалт тогтоон, хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг дөрвөн цуваагаар хязгаарлаж байгаа нь баяжмал тээвэр, экспортын хэвийн үйл ажиллагаа доголдож, борлуулалт саатан эдийн засгийн хохирол учруулж болзошгүй эрсдэл үүссэн" гэсэн байв. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан дараах хариултыг өглөө. Тэрбээр "Өнгөрөгч наймдугаар сараас хойш Гашуунсухайтаар гарч байгаа нүүрсний экспорт 40 хувь буурсан. Хятадын талаас Гашуунсухайтын цаад талын боомтод нэг сарын хугацаатай засварын ажил эхлүүллээ гэсэн. Гэтэл засварын ажил нь хойшилж арванхоёрдугаар сарын 31-н гэхэд дуусгахаа мэдэгдлээ. Зөвхөн энэ боомтоос болж нүүрсний экспортын тоо хэмжээ буураад явж байсан бол энэ долоо хоногоос эхлэн тухайн боомтоор гардаг Оюутолгойн зэсийн экспорт гурав дахин буураад байна. Би Даваа гарагт Оюутолгой компанийнхантай холбогдсон. Тэд компанийнхаа шугамаар Өвөрмонголын талтай энэ долоо хоногт уулзалт хийгээд асуудлаа шийдэх талаар ярилцъя гэж байгаа юм билээ. Монголын талаас хил, гааль, боомтын ямар нэг асуудал байхгүй. Зөвхөн хилийн цаана хийгдэж байгаа урсгал засварын ажил байгаа юм. Энэ асуудлыг хоёр долоо хоногийн өмнө Засгийн газарт танилцуулсан. Сайд нар тус бүрдээ чиглэл аваад ажиллаж байгаа. Ер нь бид 2026 оны төсөвт тусгасан 90 сая тонн нүүрс экспортлох зорилтдоо хүрчихсэн. Зэсийн экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрчихсэн. Гэхдээ бидэнд ахиад хоёр сарын хугацаа байгаа учраас уул уурхайн экспортоо тасалдуулахгүй явуулах ёстой байгаа юм. Тиймээс энэ асуудалд Засгийн газар яаралтай арга хэмжээ авч байгаа" гэв.
