Depository of News

Монгол Улсын гадаад харилцааны сэргэлт Нордикийн орон Финланд улсаар өргөжин тэллээ

newsdepo.com · sport

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар өнгөрсөн өдрүүдэд (2026.10.22-24-нд) тус улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын талаарх судлаачийн байр суурь болгон Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн ахлах багш, доктор А.Батцэцэг ийн нийтлэлийг цувралаар хүргэж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 11 жилийн дараа Финланд улсад хийгдэж буй гэдгээрээ хоёр улсын дипломат харилцааны түүхэнд онцгой байр суурь эзэлж байна. Финланд Улс нь 1963 оны долдугаар сарын 15-ны өдөр Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улсыг хүлээн зөвшөөрч, харилцаа тогтоосон Нордикийн улсуудаас анхны улс юм. Энэхүү уламжлалт найрсаг харилцааг эдийн засаг, боловсрол, байгаль орчин, технологийн бодит хамтын ажиллагаагаар баяжуулах нь энэ удаагийн айлчлалын гол зорилго байлаа. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Ерөнхийлөгч Александер Стуббтай ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчид Финландын Парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхав. Айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын нийт 10 орчим эрхзүйн баримт бичигт гарын үсэг зурав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Финланд улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Хельсинки хотноо зохион байгуулагдсан “Монгол-Финландын бизнес форум” зохион байгуулагдаж хоёр орны бизнес эрхлэгчдийг шууд холбож өгөхөд чухал ач холбогдолтой байлаа. Монгол, Финландын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд хамтын ажиллагааны зургаан томоохон эрхзүйн баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд эдгээр гэрээ хэлцлийн нийт үнийн дүн 10 сая ам.доллараар (9.2-9.3 сая евро) хэмжигдэж байна. Бизнес форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Финландын Худалдааны танхим хамтран зохион байгуулсан бөгөөд хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй. Албан ёсны мэдээллээр форумд Монголын талаас эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, барилга болон ноос, ноолуурын салбарын төлөөллүүд давамгайлсан байлаа. Тухайлбал, Монголын “Хонка Лог Хоумс” ХХК болон Финландын алдартай үйлдвэрлэгч “Хонкарэкэннэ” (Honkarakenne Oyj) ХК, мөн Монголын “Бичура” ХХК болон Финландын сэргээгдэх эрчим хүчний “Полар найт энержи” (Polar Night Energy) компаниуд цаашид хамтран ажиллах албан ёсны санамж бичгүүдийг тус тус баталгаажуулав. Энэхүү форум нь хоёр орны бизнес эрхлэгчид шууд түншлэл тогтоож, Финландын дэвшилтэт ногоон технологи, ноу-хауг Монгол Улсад нутагшуулах чиглэлд хийгдсэн маш бодит үр дүнтэй арга хэмжээ болсон гэж үзэж байна. Энэ нь Монголын хувийн хэвшлийнхэнд Европын зах зээл, тэр дундаа Нордикийн өндөр технологийн ноу-хауг нэвтрүүлэх том боломжийг нээсэн төдийгүй хоёр талын худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагаагаар цаашид тогтвортой түншлэлийн харилцааг цоглоон хөгжүүлэх эрх зүйн баримт бичгийг баталгаажуулсан гэж хэлж болно. Өөр нэг онцломоор байгаа зүйл бол Финландын дэлхийд тэргүүлэгч боловсролын тогтолцоог Монголд нутагшуулах, багш бэлтгэх чиглэлээр маш тодорхой үр дүнд хүрээд байгаа. Бүр тодруулбал үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “KiVa” хөтөлбөр: Монгол Улсын Боловсролын яам, “Зүрх сэтгэлийн боловсрол” ТББ болон Финландын алдартай Туркугийн их сургууль хооронд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан, ингэснээр Финландад үр дүнгээ өгсөн, сургуулийн орчин дахь дээрэлхэлтийн эсрэг олон улсын “KiVa” хөтөлбөрийг Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлэхээр болсон нь сайшаалтай. Түүнчлэн Их, дээд сургуулиуд хоорондын суралцах ухаан, тархи судлал, хүүхдийн цогц хөгжил болон боловсролын дата аналитик, сургалтын хөтөлбөрийн чиглэлээр судалгааны хамтын ажиллагааны эрхзүйн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Энэ нь дэлхий судлалын шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан судалгаа хийх санамж бичгийг байгуулсан нь Монголын уул уурхай, геологийн салбарт байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх ач холбогдолтой. Финланд улс нь өвлийн аялал жуулчлал, цасны баярын менежментээрээ дэлхийд тэргүүлдэг. Монгол Улс “Welcome to Mongolia” хөтөлбөрийн хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Финландын туршлагаас суралцах, энэ чиглэлээр жуулчин солилцох тохиролцоонд хүрэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтыг анх удаа тус улсын нийслэл Хельсинк хотноо, Хельсинкийн их сургуулийн Их танхимд толилуулсан бөгөөд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид үндэсний соёл, урлагийн сор болсон бүтээлүүдийг толилуулж, үзэгч олны сонорыг мялаалж, тоглолтыг хоёр улсын төр, засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд болон Финландад суугаа монголчууд, гадаадын иргэд үзэж сонирхсон юм. Хельсинкийн их сургууль нь Монгол орон, монголчуудтай холбоотой түүхэн судалгаа, захидал харилцаа, архивын үнэт баримтуудыг хадгалж ирсэн түүхийн нандин холбоотой газар бөгөөд тоглолтын үеэр мөн “Монголын сайхан орон” морин хуурын болон гэрэл зургийн үзэсгэлэнг давхар дэлгэж сонирхуулсан нь үнэхээр бахархалтай байлаа. Өвлийн спортын төрлүүдийг Монголд хөгжүүлэх, тамирчдыг тус улсад бэлтгэх, дасгалжуулагч солилцох чиглэлээр салбарын баримт бичгүүдийг байгуулсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочилж, соёлын харилцааг бэхжүүлэх талаар санал солилцсоноос гадна Хельсинк хотын Хиетаниеми цогцолборт орших Баатруудын загалмай болон Маршал К.Маннерхеймийн бунханд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Финланд нь сэргээгдэх эрчим хүч, байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр дэлхийн жишиг улс юм. Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Хүнсний хувьсгал” зэрэг урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг Финландын ногоон технологитой уялдуулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллах улс төр-эдийн засгийн гүүр болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийсэн төрийн айлчлал нь зөвхөн дипломат уулзалтаар хязгаарлагдаагүй бөгөөд мөн боловсрол, хувийн хэвшлийн түншлэл, өндөр технологийн салбарт бодит хөрөнгө оруулалт, гэрээ хэлцлийг авчирсан өндөр үр дүнтэй айлчлал боллоо. Боловсролын салбарт нэвтрүүлэхээр тохирсон "KiVa" хөтөлбөр, хувийн хэвшлийн түвшинд хийгдсэн 10 сая ам.долларын гэрээнүүд нь хоёр орны ард иргэд, залуучуудын амьдралд шууд эерэг нөлөө үзүүлэх бодит ажлуудын эхлэл юм. Энэхүү айлчлал нь Монгол Улсыг олон улсын тавцанд нээлттэй, хөгжингүй орнуудтай идэвхтэй хамтран ажиллагч, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах гадаад бодлогоо амжилттай хэрэгжүүлж буйг дахин нотлон харуулсан үйл явдал болж өндөрлөлөө. Түүнэчлэн Монгол, Финландын харилцаа, тэр дундаа боловсрол, оюутан солилцооны түүх социализмын үед үндэс суурь нь тавигдсаныг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Социализмын үед буюу 1970, 1980-аад онуудад хоёр улс жил бүр “Соёл, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг байгуулж ажилладаг байжээ. Энэхүү хөтөлбөрийн дагуу хоёр тал харилцан оюутан, эрдэм шинжилгээний ажилтан, нарийн мэргэжлийн шинжээчдийг тэтгэлгээр сургаж, солилцож эхэлсэн. Финландын Засгийн газраас монгол оюутнуудад сургалтын төлбөр, дотуур байр, эрүүл мэндийн тусламж болон амжиргааны тэтгэлгийг бүрэн даадаг байсан байна. Тэр үед монгол оюутнууд, залуу мэргэжилтнүүд Финландад голчлон хэл шинжлэл, европ судлал, олон улсын харилцаа, ойн аж ахуй, цаг уур, байгаль орчин, технологийн чиглэлээр богино болон дунд хугацаагаар очиж, мэргэжил дээшлүүлж байжээ. Энэхүү социализмын үеийн оюутан солилцооны уламжлал өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар шинэ шатанд гарч, одоо Финландын Зүүн Финландын их сургууль, Туркугийн их сургуулиудад “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгээр монгол оюутнууд жилд тогтмол суралцах эрх зүйн орчин албан ёсоор бүрдэж байна. ХХ зууны эхэн үе тодруулбал Монголын тусгаар тогтнолын сэргэлтийн дараа хоёр орны шинжлэх ухааны хэлхээ холбоо эхэлсэн байдаг. Финландын алдартай монголч эрдэмтэн, дипломатч Густав Йон Рамстедт 1898-1912 оны хооронд Монгол нутгаар хэдэнтээ шинжилгээний аялал хийж, монгол хэл, аман зохиолыг судалж, баялаг материал цуглуулсан байна. Тэрбээр 1911 оны Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах үйл хэрэгт томоохон тус хүргэсэн гэж монгол, финландын судлаачид тэмдэглэсэн байдаг байна. Харин Монголын ноёд тухайлбал Хайсан гүн Рамстедтэд хувийн захидал илгээн, Хаант Оросоос тусламж авах хэрэгт зуучлагчаар ажиллахыг хүсэж байжээ. Густав Рамстедт үүнийг Оросын талд ойлгуулж, зуучилснаар монголчуудад орчин үеийн 15 мянган ширхэг винтов буу нийлүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж түүхэнд байдаг. Энд бас нэгэн сонирхолтой баримтыг дурдахад Густав Рамстедт монголчуудад үнэхээр хайртай байсан тул түүний хүүхдүүд нь бүгд монгол, финланд хос нэртэй байжээ. Энэхүү түүхэн баримтын эх сурвалж нь Густав Йон Рамстедтийн өөрийнх нь туурвисан “Дорно этгээдэд долоо удаа” хэмээх аяллын тэмдэглэл, дурсамжийн алдартай бүтээл юм. Мөн Финландын үндэсний архив дахь Густав Рамстедтийн гэр бүлийн намтар, угийн бичгийн албан ёсны баримтууд үүнийг баталгаажуулдаг байна. Густав Рамстедт 1898-1912 оны хооронд Монгол, Төв Азиар хийсэн долоон удаагийн том аяллынхаа тэмдэглэлийг энэ бүтээлдээ үлдээсэн байх бөгөөд Монголын ард түмэн, хэл соёлд хэрхэн татагдсан тухайгаа тодорхой дурдсан байдаг. Энэхүү бүтээлийг Конгрессын номын сангийн монгол мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ албан ёсны эрхтэйгээр монгол хэл рүү орчуулан гаргасан бөгөөд тэрбээр Густав Рамстедтийн амьдралын энэхүү сонирхолтой баримтуудыг судалгааны нийтлэлүүддээ тодорхой өгүүлсэн байдаг нь сайн хэрэг. Эрдэмтэн судлаач Густав Рамстедтийн угийн бичгийн архивын баримтуудаас түүний хүүхдүүдийн финланд болон монгол хосолсон бүтэн нэрсийг харах боломжтой. Тухайлбал, Ууган охиныг Sedkil Alisa Wahlroos (Сэтгэл) гэх бөгөөд Г.Рамстедт Монголд анхлан ирэхээсээ ч өмнө монгол хэл соёлыг хичээнгүйлэн судалж байх цаг дор 1898 онд ууган охиндоо энэ нэрийг өгчээ. Тэрчлэн том хүү Bilge Ilmari Ramstedt (Билгэ), охин Elma Tsetsek Kyllikki Järnefelt (Цэцэг), хүү Erdem Olavi Raustila (Эрдэм), охин Elzete Oilyk Inkeri Ramstedt (Өлзийт Ойлго) нэртэй байжээ. Г.Рамстедт 1903 онд Халимагийн Бага Дөрвөд аймгийн ноён Тундутовын гэргий, дуу хуурт дуртай Өлзийт хатантай уулзан, ардын дууг нь тэмдэглэж авч байсан тул түүнийг хүндэтгэн 1906 онд төрсөн охиндоо энэ нэрийг өгчээ. Цаашлаад хүү Aldar Eino Juhani Ramstedt (Алдар), хүү Maidary Ilona Margareta Ramstedt (Майдар) нэртэй юм. Түүхэн сурвалжид тэмдэглэгдсэнээр Густав Рамстедт нийт 7 хүүхэдтэй, 4 охин, 3 хүүтэй байжээ. Густав Рамстедт хүүхдүүдийнхээ нэрийг зүгээр ч нэг өгөөгүй, монгол хэлний үгсийн гүн утга учрыг бэлгэдэж, монголчуудад чин сэтгэлээсээ найрсаг хандаж байсны тод илрэл болгон финланд паспорт дээр нь албан ёсоор бичүүлж үлдээсэн нь эдүгээ хоёр орны харилцааны түүхэн дэх хамгийн дулаахан, бахархалтай баримтуудын нэг болж байна. Түүний гэргийг Ида Оливиа Александра Йосефссон (Ida Olivia Alexandra Josefsson, 1876–1962) гэдэг швед эмэгтэй байсан бөгөөд тэд 1897 онд гэрлэжээ. Тэрбээр тусгайлсан карьер хөөж, албан тушаал хашиж байгаагүй ч Рамстедтийг олон жилээр Төв Ази, Монголын тал нутгаар эрдэм шинжилгээний аялал хийх явцад ар гэрийн бүх ажлыг ганцаараа нуруундаа үүрч, 7 хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэн маш тэвчээртэй, агуу ээж байжээ. Ида Оливиа швед хэлнээс гадна финланд хэлийг маш сайн эзэмшсэн нэгэн байжээ. Профессор Густав Рамстедт өөрийн тэмдэглэлдээ эхнэрийнхээ энэхүү агуу тэвчээр, хайр халамж байгаагүй бол би шинжлэх ухааны ажлаа ингэж тайван хийж чадахгүй байсан гэдгээ үргэлж дурсаж, талархдаг байсан ажээ. Эцэст нь тэмдэглэхэд, Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй, бие даасан, тэнцвэртэй гадаад бодлогын хүрээнд Европын Холбоо болон Скандинавын хойгийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Финланд улстай харилцаагаа шинэ шатанд гаргаснаар Монгол Улс Нордикийн бүс нутаг дахь найдвартай түнш, “гуравдагч хөрш”-ийн байр сууриа улам баталгаажуулж чадсан гэж дүгнэн айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна.

Read full article →