Depository of News

Технологи хүргэлтийн салбарыг хэрхэн өөрчилж байна вэ?

newsdepo.com · tech

Өмнө нь хүргэлтийн үйлчилгээ нь илгээмжийг нэг цэгээс нөгөө цэгт тээвэрлэх энгийн үйл ажиллагаа мэт ойлгогддог байсан. Харин цахим худалдаа эрчимтэй хөгжиж, хэрэглэгчид илүү хурдан, хямд, найдвартай үйлчилгээг хэрэгцээтэй болсноор логистикийн салбар технологид суурилсан шинэ шатанд шилжиж байна. Монголд энэ өөрчлөлтийг хүргэлтийн салбарт хэрэгжүүлж буй компаниудын нэг нь UBcab Express юм. Таксины аппликейшнээс логистикийн технологи руу UBCab анх такси үйлчилгээнд технологийн шийдэл нэвтрүүлж, хэрэглэгч болон жолоочийг аппликейшнээр шууд холбох загварыг хөгжүүлсэн. Улмаар энэхүү технологийн суурь, жолоочийн сүлжээг хүргэлт, логистикийн салбарт ашиглаж эхэлснээр UBCab Express-ийн үйл ажиллагаа өргөжжээ. Өдгөө UBcab Express нь шуурхай хүргэлт, чиглэлийн хүргэлт, ачаа тээвэр, агуулахын логистик зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг системд холбон ажиллаж байна. Энд технологийн үүрэг нь зөвхөн хэрэглэгч аппликейшнээр хүргэлт захиалах боломжтой болсноор хязгаарлагдахгүй. Хүргэлтийн захиалга үүссэнээс эхлээд жолоочид хуваарилах, барааг ангилах, маршрут төлөвлөх, хүргэлтийн явцыг хянах хүртэлх бүх процесс системийн уялдаанд шилжиж байна. Нэг хүргэлт бус, олон мянган маршрутыг зэрэг оновчлох нь Логистикийн хамгийн том сорилтуудын нэг бол барааг хүргэхээс илүүтэй хэнийг, ямар дарааллаар, ямар маршрутаар хүргэх вэ гэдгийг зөв шийдэх явдал. UBCab Express хүргэлтийн байршил, чиглэл, туулах зай, замын хөдөлгөөн болон хүргэлтийн хугацаа зэрэг мэдээллийг ашиглан захиалгыг бүсчилж, жолооч нарт оновчтой хуваарилах технологийн шийдлүүдийг хөгжүүлж байна. Ингэснээр нэг жолооч нэг хүргэлтийн араас явах бус, ижил чиглэлийн олон хүргэлтийг нэг маршрут болгон зохион байгуулах боломж бүрдэнэ. Энэ нь туулах шаардлагагүй зайг багасгах, шатахуун болон тээврийн зардлыг бууруулах, нэг жолоочийн гүйцэтгэх хүргэлтийн тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, технологи хүргэлтийг зөвхөн хурдан биш, үр ашигтай болгох хэрэгсэл болж байна. Хаяг бол логистикийн дата Монголын хүргэлтийн салбарт тулгардаг томоохон асуудлын нэг нь хаягжилт байдаг. “Дэлгүүрийн хойно”, “ногоон байрны 3-р орц”, “уулзвараас баруун тийш” гэх мэт хүний ойлгох хаягийг технологийн систем маршрутын нарийн мэдээлэл болгон боловсруулах шаардлагатай болдог. Тиймээс UBCab Express хүргэлтийн хаяг, байршлын мэдээллийг технологийн системтэй уялдуулж, маршрутын төлөвлөлтөд ашиглах чиглэлээр ажиллаж байна. Компанийн хөгжүүлэлтийн материалд хэрэглэгчийн хаяг, хүргэлтийн цаг, тээврийн хэрэгслийн багтаамж, замын хөдөлгөөний мэдээллийг нэгтгэн маршрутыг оновчлох системийг тодорхойлжээ. Хаяг илүү нарийвчлалтай болох тусам жолооч хаяг хайж зарцуулах хугацаа буурч, хүргэлтийн хугацааг урьдчилан тооцох, олон захиалгыг нэг чиглэлд төлөвлөх боломж нэмэгдэнэ. Хэрэглэгч хүргэлтээ хүлээдэг биш, хянадаг болно Технологийн өөр нэг өөрчлөлт нь хүргэлтийн ил тод байдал юм. Уламжлалт хүргэлтэд хэрэглэгч “Бараа хаана явж байгаа бол?” гэж утсаар лавлах шаардлагатай байсан бол технологид суурилсан системд захиалгын төлөв, жолоочийн мэдээлэл, хүргэлтийн явцыг системээс хянах боломжтой. UBCab Express-ийн бизнес хэрэглэгчдэд зориулсан системд захиалгуудыг нэг дор удирдах, хүргэлтийн төлөвийг харах, олон захиалгыг файлаар оруулах зэрэг боломжууд нэвтэрсэн. Энэ нь зөвхөн хэрэглэгчийн тав тухын асуудал биш. Бизнесийн хувьд хэдэн зуун хүргэлтийн мэдээллийг гараар удирдах ажлыг системд шилжүүлж, ажилтны цаг болон үйл ажиллагааны зардлыг хэмнэх боломж юм. Технологи хүргэлтийн ажлын хэлбэрийг ч өөрчилж байна Хүргэлтийн салбарын өөр нэг өөрчлөлт нь ажиллах хүчний уян хатан загвар юм. UBCab Express-ийн хүргэлтийн сүлжээнд заавал автомашинтай хүн ажиллах шаардлагагүй. Явган, дугуй, мопед, суудлын автомашинаас эхлээд дунд оврын ачааны тээврийн хэрэгсэлтэй жолооч хүртэл өөрийн боломжид тохирсон хүргэлтэд оролцох боломжтой. Бүртгэл, баталгаажуулалт, гэрээ, захиалга хүлээн авах зэрэг процессыг цахим хэлбэрт шилжүүлснээр хүргэлтийн эрэлт нэмэгдэх үед ажиллах хүчний сүлжээг уян хатан нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Энэ загварын гол санаа нь “олон машин эзэмших” бус, байгаа нөөцийг технологиор зөв цагт, зөв захиалгатай холбох юм. Агуулах ч автоматжиж байна Хүргэлтийн технологийн хөгжил зөвхөн зам дээр яваа жолоочоор хязгаарлагдахгүй. Илгээмжийн хэмжээ нэмэгдэх тусам агуулахад барааг гараар ангилах нь хугацаа, хүний нөөц их шаардаж, алдаа гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс логистикийн дараагийн шат нь агуулах, ангилан ялгалтын автоматжуулалт болж байна. UBCab Express-ийн технологийн хөгжлийн чиглэлд агуулах, ангилах системийн автоматжуулалт, өгөгдөлд суурилсан маршрут төлөвлөлт, бодит цагийн хяналт зэрэг шийдлүүд багтаж байна. “Хямд хүргэлт” технологийн үр ашгаас бий болно Хүргэлтийн үнийг бууруулах хамгийн энгийн арга нь жолоочийн орлогыг багасгах биш. Харин нэг хүргэлтэд зарцуулж буй нийт нөөцийг багасгах юм. Нэг жолоочийн туулах зам богиносож, ижил чиглэлийн захиалгууд нэгтгэгдэж, агуулахын ангилалт хурдсаж, хүргэлтийн амжилтгүй оролдлого багасах тусам нэг илгээмжид ногдох зардал буурна. Технологийн бодит үнэ цэнэ энд бий. Бидний хувьд технологи гэдэг зөвхөн аппликейшн биш. Агуулах, ангилалт, маршрут, жолоочийн хуваарилалт, түгээлт, орон нутгийн болон олон улсын тээврийг хооронд нь холбосон систем юм. Эдгээр процессыг нэг дор удирдаж чадвал логистикийн нийт зардлыг бууруулж, хэрэглэгч бүрийн хэрэгцээнд тохирсон үйлчилгээг илүү хүртээмжтэй үнээр хүргэх боломжтой. Эх сурвалж: itoim.mn

Read full article →