Илон Маскийг ОХУ-ын ерөнхийлөгч Путин “жинхэнэ суут ухаантан” хэмээн магтав
Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хиймэл дагуулын интернэтийн Старлинк сүлжээг байгуулж буй Америкийн технологийн тэрбумтан Илон Маскийг "жинхэнэ суут ухаантан" хэмээн магтжээ. Тэрбээр Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын төлөөлөгчдөд үг хэлэх үеэрээ "Бид дөнгөж эхний алхмуудаа хийж байна" гэж хэлсэн нь Старлинктэй өрсөлдөх зорилготой, төрийн дэмжлэгтэй дотоодын хиймэл дагуулын сүлжээ болох Рассветийг хэлсэн хэрэг байв. Оросын цахим хөгжил, харилцаа холбооны сайд Максут Шадаев энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр Африкийн орнуудын төлөөлөгчдөд "Рассвет" төсөлд ашиглагдах хиймэл дагуулуудыг танилцуулсан юм. Москва "Америкийн түншүүдтэйгээ, тэр дундаа ноён Масктай нягт холбоотой ажиллаж байна. Учир нь тойрог замд бие биедээ саад учруулахгүй байх, тодорхой сахилга бат, дэг журмыг сахих нь маш чухал юм" гэж Путин энэ үеэр хэлжээ. "Бид ч, Америкийн түншүүд маань ч харилцан хүндэтгэлийг эрхэмлэдэг бөгөөд улс төрийн бүхий л асуудлуудыг үл харгалзан тэдэнтэй нягт хамтран ажиллаж байна" гэж тэрбээр нэмж хэлсэн юм. Путиний сансрын орон зайд зохицуулалт хийх тухай энэхүү уриалга нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дипломатуудын гаргасан нэгэн мэдэгдлийн дараа гарч байна. Уг мэдэгдэлд Оросын цэргийн хиймэл дагуулыг Украинд тагнуулын мэдээлэл дамжуулж буй, АНУ-д бүртгэлтэй, Финланд улсын ажиллуулдаг радарын хиймэл дагуулын ойролцоо "зориудаар болгоомжгүй" үйлдэл хийсэн гэж буруутгасан юм. Оросын тал энэ мэдэгдлийг "утгагүй зүйл" хэмээн няцааж байв. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Путин өмнө нь Зөвлөлтийн домогт пуужин зохион бүтээгч Сергей Королевтой Маскийг зүйрлэж байсан удаатай. Түүний тусгай элч Кирилл Дмитриев ч мөн адил технологийн тэрбумтныг магтаж, SpaceX болон Роскосмос байгууллагуудыг Ангараг гарагийг судлах чиглэлээр хамтарсан төслүүд дээр ажиллуулах санал тавьж байсан юм. Дэлхийн хамгийн баян хүн бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын холбоотон болох Маск сүүлийн жилүүдэд Украинд шүүмжлэлтэй хандах болсон бөгөөд Киевийн эрх баригчдад буулт хийж, Москватай энхийн гэрээ байгуулахыг шахах болсон. Маск өнгөрсөн амралтын өдрүүдэд SpaceX компани Украинд үзүүлж буй Старлинк хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг түр хугацаагаар хязгаарласныг хүлээн зөвшөөрч байв. Үүнийгээ тэр Украины арми хиймэл дагуулын системийг хүний амь насыг хөнөөх зорилгоор ашиглахгүй гэсэн амлалтаа зөрчсөнтэй холбоотой хэмээн буруутгасан юм. Гэхдээ түүний мэдэгдлийн дараа Старлинк, түүний цэргийн зориулалттай хувилбар “Starshield” систем хэвийн ажиллаж эхэлсэн байна. Эх сурвалж: AFP
