Испанид өндөр хурдны галт тэрэгнүүд хоорондоо мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алдлаа
Лхагва гарагт Испани улсад төмөр зам дээр зогсож байсан галт тэргийг өөр нэг өндөр хурдны галт тэрэг мөргөсний улмаас дор хаяж 68 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртжээ. Энэ онд тус улсад олон хүний амь насыг хохирсон төмөр замын хоёр дахь том осол гарч байна. Кастилья-Ла-Манча мужийн засаг захиргаа амь үрэгдэгсдийн тоог эцсийн байдлаар баталгаажуулж, өөр 58 хүн эмнэлэгт эмчлүүлж байгааг мэдээлжээ. Аврах багийнхан өдрийн турш ослын газраас амьд үлдсэн хүмүүс болон амиа алдагсдын цогцсыг хайсан байна. Энэ оны нэгдүгээр сард Испанийн өмнөд хэсэгт, мөн л ижил хоёр компанийн эзэмшлийн хурдан галт тэрэгнүүд мөргөлдсөн өөр нэг ослоос хойш ердөө есөн сарын дараа дахин ийм осол гарлаа. Испанийн ерөнхий сайд Педро Санчес ослын газар дээрээс мэдэгдэл хийхдээ "Өнөөдөр Испани орон бүхэлдээ гашуудаж байна" гэж хэлээд гурван өдрийн үндэсний гашуудал зарлаж байгаагаа мэдэгджээ. Санчес нэгэн цагт үндэсний бахархал болж байсан өндөр хурдны галт тэрэгний системд итгэх олон нийтийн итгэлийг сэргээхийн тулд аюулгүй байдлыг чангатгахыг уриалсан байна. Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр болох сонгуулийн өмнө ийм нөхцөл байдалтай тулгарч буй Санчес "Испани шиг улсад нэг жилийн дотор хурдан галт тэрэгний хоёр осол гарна гэдэг бол хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл" гэж хэлжээ. Испанийн төмөр замын сүлжээг хариуцагч ADIF компанийн мэдээлснээр уг осол Лхагва гарагийн өглөө төв бүсийн Толедо мужид гарсан байна. Мадридаас Севилья хот руу, өмнө зүгийг чиглэн олон зуун зорчигч тээвэрлэж явсан хоёр хурдан галт тэрэг уг осолд өртжээ. Төрийн өмчит RENFE компанийн галт тэрэг зогсож байсан бол хувийн хэвшлийн IRYO компанийн галт тэргийг араас нь мөргөсөн байна. Мөргөлдөөний улмаас IRYO галт тэрэгний сүүлийн хоёр вагон, RENFE галт тэрэгний урд хэсэг замаасаа гарчээ. Испанийн тээврийн сайд Оскар Пуэнте ослын шалтгааныг аюулгүй байдлын систем доголдсоны дараа төмөр замын удирдлагын төвөөс өгсөн "тайлбарлахын аргагүй" тушаалаас болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр галт тэрэгний жолооч нарт буруу байхгүйг онцолжээ. Пуэнтегийн хэлснээр өглөөний 08:30 цагийн үед компьютерын доголдлын улмаас төмөр замын 63 км урт хэсэгт аюулгүй байдлын систем ажиллахаа больж, улмаар тухайн хэсэгт явж байсан бүх галт тэрэг зогссон гэнэ. Гэтэл удирдлагын төвөөс RENFE компанийн галт тэрэгт хурдны ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэх тушаал өгснөөр уг галт тэрэг 08:53 цагт зогсоолд байсан IRYO компанийн галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Пуэнте үүнийг ноцтой алдаатай шийдвэр гэж мэдэгджээ. Эрх баригчид галт тэрэг ямар хурдтай явж байсныг тогтоохоор мэдээллийг судалж байгаа ч замын тухайн хэсэгт 200 км/цаг хүртэлх хурдтай явж байсан байж болзошгүйг тэр хэлсэн байна. "Би хэн нэгнийг буруутгах гэсэнгүй, зөвхөн болсон үйл явдлыг л тайлбарлаж байна" гэж Пуэнте энэ үеэр хэлжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр RENFE галт тэрэгт 397, IRYO галт тэрэгт 147 зорчигч тус тус явж байсан байна. Ослын газарт яаралтай тусламж үзүүлэхээр цэргийн онцгой байдлын анги нэгтгэлийг дайчлан ажиллуулжээ. Испанийн хаан VI Фелипе өчигдөр мөн ослын газарт очсон байна. Испанийн хааны гэр бүлээс гаргасан мэдэгдэлд "Бид амиа алдсан хүмүүсийн гэр бүл, ойр дотнынхны уй гашууг хуваалцаж, гэмтэж бэртсэн хүмүүс болон энэ явдалд өртсөн бүх хүнд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлж байна" гэжээ. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен "Хохирогчдын гэр бүл, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье. Өнөөдөр Европ даяар та бүхэнтэй хамт гашуудаж байна" хэмээн мэдэгдсэн юм. Испанийн Хөлбөмбөгийн Холбоо "Copa del Rey" (Испанийн цом)-ын тэмцээний Лхагва гарагт товлогдсон 24 тоглолтыг хойшлуулжээ. Нэгдүгээр сард Испанийн өмнөд хэсэгт гарсан өөр нэг галт тэрэгний ослын үеэр IRYO компанийн галт тэрэг замаасаа гарч, эсрэг чиглэлээс ирж явсан RENFE компанийн галт тэрэгтэй мөргөлдөхөд 46 хүн амиа алдаж байсан юм. Энэхүү осол нь 2013 онд 80 хүний аминд хүрсэн ослоос хойш Испанид гарсан хамгийн олон хүний амь хохирсон осол болж байна. 1992 онд Испанид өндөр хурдны төмөр замын сүлжээ ашиглалтад орсноос хойш энэ жилийг хүртэл тус сүлжээнд хүний амь нас эрсэдсэн осол гарч байгаагүй юм. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Испани улс өндөр хурдны төмөр замд их хэмжээний хөрөнгө оруулснаар энэ салбарт дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг болжээ. Испани улс 49 сая хүн амаа тээвэрлэхийн тулд сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд 3,900 км урт өндөр хурдны төмөр замыг байгуулсан байна. Олон Улсын Төмөр Замын Холбооны мэдээлснээр дэлхий дээр зөвхөн Хятад улс л (1.4 тэрбум хүн амтай, 45 000 км урт өндөр хурдны замтай) Испаниас илүү урт өндөр хурдны төмөр замын сүлжээтэй ажээ. Испани улс саяхнаас төмөр замын сүлжээгээ хувийн компаниудад нээж, төрийн өмчит RENFE компанитай өрсөлдөх боломжийг олгосон юм. Тухайлбал, Италийн хөрөнгө оруулалттай IRYO компани 2022 онд Испанид үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Испанийн төмөр замын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Жоан Родригес хувьчлалын улмаас тээврийн урсгал нэмэгдсэн нь төмөр замын дэд бүтцэд нэмэлт ачаалал үүсгэснийг хэлсэн байна. Лхагва гарагт TVE телевизэд өгсөн ярилцлагадаа Родригес "Өндөр хурдны зорчигч тээврийн үйлчилгээг зах зээлийн өрсөлдөөнд нээлттэй болгохын зэрэгцээ төмөр замын шугамд шаардлагатай засвар үйлчилгээ, арчилгааг хангалттай хийсэн эсэхэд бид эргэлзэж байна" гэж мэдэгджээ. Тэрбээр цааш нь "Энэ нь осол гарахад шийдвэрлэх хүчин зүйл болсон гэж хэлэх гээгүй ч, сүлжээний ашиглалт нэмэгдсэн нь анхааралдаа авах ёстой хүчин зүйл мөн" гэж хэлсэн байна. Эх сурвалж: Associated Press
