Depository of News

Төрийн айлчлалын үр дүн: Монгол Герман хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааны шинэ үе шат

newsdepo.com · sport

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 19-26-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман, Бүгд Найрамдах Финланд, Бүгд Найрамдах Беларусь улсуудад төрийн айлчлал хийв. Айлчлалын талаарх судлаачийн байр суурь болгон Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн ахлах багш, доктор А.Батцэцэг ийн нийтлэлийг цувралаар хүргэж байна. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын урилгаар Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д хийсэн төрийн айлчлал нь хэд хэдэн чухал түүхэн ойтой давхцаж байгаагаар онцгой ач холбогдолтой байлаа. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд ХБНГУ-д 14 жилийн дараа хийгдсэн анхны төрийн айлчлал болж байгаагаараа бас онцлог байв. Мөн энэхүү төрийн айлчлал нь Д.Нацагдорж тэргүүтэй монгол залуусын Герман улсад анх сургахаар илгээснээс хойших түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан явдал юм. ХБНГУ бол дэлхийн гурав дахь том эдийн засаг, Их Долоо, Их Хорийн бүлэг, OECD, ЕАБХАБ-ын гишүүн, Европын холбооны гол хөдөлгөгч хүч билээ. Германы тал Монгол Улсын төрийн тэргүүний хөлөглөсөн онгоцыг өөрийн агаарын хилийн орон зайд орсны дараа байлдааны нисэх онгоцоор хамгаалуулан хүндэтгэлтэйгээр угтан авч, Холбооны Гадаад хэргийн яамны “Вилла Борсиг” цогцолборын өмнө 21 удаа ёслолын буудлага хийсэн нь Монгол-Германы харилцаа, хамтын ажиллагаа ямар өндөр дээд түвшинд хүрснийг бэлгэдэн харуулсан үйл явдал байлаа гэж бодож байна. 2024 оны хоёрдугаар сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн бөгөөд энэ удаагийн төрийн айлчлал уг түншлэлийг бодит эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилготой байсан, үүнийгээ ч амжилттай хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан Тунхаглал”-д Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Бернхард Котч нар гарын үсэг зурав. Хамтарсан Тунхаглалд ирэх жилүүдийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойллоо. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер хэвлэлийн бага хурал дээр Монгол, Герман улс нь ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурладаг бөгөөд НҮБ болон олон улсын тавцанд бие биедээ итгэсэн түншүүд гэдгийг дахин нотлов. ХБНГУ бол Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын Европ дахь гол тулгуур багана юм. Энэхүү айлчлал нь Монгол Улс дэлхийн геополитикийн ээдрээтэй цаг үед Өрнөдийн тэргүүлэх гүрнүүдтэй харилцаагаа тэнцвэртэй, өндөр түвшинд хадгалж чадаж буйн тод илэрхийлэл боллоо гэж үзэж байна. Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхаж, уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцсон нэн чухал ач холбогдолтой байв. Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалын үеэр “Одоо хоёр улсын найрсаг харилцааг бодит эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтаар дүүргэх цаг болсон” гэдгийг онцолсон. Айлчлалын хүрээнд Берлин хотноо зохион байгуулагдсан Герман-Монголын бизнес Форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцож, Монгол Улсын уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт Германы өндөр технологи, стандартыг нэвтрүүлэх хэлэлцээрүүд байгуулагдав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг форумыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Германы харилцааг 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн нь худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээснийг тэмдэглэв. Берлин хотноо болсон “Герман-Монголын бизнес форум”-ын үеэр хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллагууд нийт 35.5 сая еврогийн (38.5 сая ам. доллар) үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл болон хамтын ажиллагааны Санамж бичгүүдэд гарын үсэг зурсан. Энэхүү форумаар худалдаа, хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, барилгын материал болон хүнсний үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах нийт 6 томоохон баримт бичгийг харилцан солилцсон үр дүнтэй байлаа. Үүнээс дурдвал: Монголын “GR Precast” ХХК Германы “CBS Home GmbH” компанитай хамтран Монгол Улсад хөнгөн бетон бэлдцийн орчин үеийн үйлдвэр байгуулах гэрээ байгуулав. “Blackbox Energy” болон “smartOPS GmbH” компаниуд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. “Хүнс Комплекс” ХХК Германы хүнсний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Poly-clip System” болон “Eberhardt” компаниудтай бизнесийн түншлэлийн санамж бичигт гарын үсэг зурав. Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, мөн Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зэрэг стратегийн ач холбогдолтой төслүүдийг урагшлуулах талаар хоёр улсын төрийн тэргүүн нар тухайлан хэлэлцсэн байна. ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны мэдээллээр Монгол Германы хоорон дахь гадаад худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд идэвхтэй өсөж байна. ХБНГУ нь Монгол Улсын хувьд ЕХ-н дахь худалдааны хамгийн гол түншүүдийн нэг бөгөөд НҮБ-ын олон улсын худалдааны Comtrade цахим мэдээллээр сүүлийн үеийн худалдааны үзүүлэлт дараах байдалтай байна. 2025-2026 оны байдлаар Германаас Монголд хийсэн экспорт 246 сая ам. доллар орчим байна.(UN 2025) Монгол Улс Германаас голчлон өндөр технологи, машин механизм, авто машин, тоног төхөөрөмж болон хүнсний бүтээгдэхүүн авдаг. Монголоос Германд хийсэн экспорт 14.4 сая ам. долларт байна. (UN 2025) Хоёр улсын гадаад худалдааны нийт эргэлт жилийн дунджаар 260 гаруй сая ам. доллароор хэмжигдэж байна. Худалдааны бүтцийн тухайд дараах нэр төрлийн бүтээгдэхүүнүүд гол жинг дардаг байна. Үүнд: Германаас Монгол руу агаарын хөлөг, нисэх онгоцны эд анги, тодруулбал МИАТ компанийн шинэчлэл болон лизингтэй холбоотой томоохон худалдан авалтууд, хүнс, ундаа, тамхины үйлдвэрлэлийн зориулалттай машин механизм, автомашин, ачааны тэрэг, эмнэлгийн болон оптик багаж төхөөрөмж, эмийн бүтээгдэхүүн, химийн бодисууд, Монголоос Герман руу самнасан ноолуур, ноос болон сүлжмэл, оёмол нэхмэл хувцас, бэлэн бүтээгдэхүүн, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн (зөгийн бал, зарим төрлийн дагалдах бүтээгдэхүүн), хуш модны самар болон хатаасан жимс зэрэг орж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон ХБНГУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогыг уялдуулж, байгаль орчин, ногоон эрчим хүчний чиглэлээр урт хугацааны санхүүжилт, технологийн дэмжлэг авах үндэс суурийг нэгэнт тавилаа. Агаарын тээвэр, суурь бүтэц болон ложистикийн салбарт хамтын ажиллагаа өргөжсөнөөр Монгол Улс Европын зах зээлд шууд гарах, ачаа тээвэр болон зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хамаарлыг төрөлжүүлэх боломж бүрдэж байна гэж үзэж байна. Түүнчлэн боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойтой давхацсан энэхүү айлчлал нь хүний нөөцийг чадавхжуулахад томоохон түлхэц болж, боловсролын хамтын ажиллагааны шинэ зууны хуудсыг нээлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотод зохион байгуулагдсан хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тус улсад суралцаж буй “Илгээлт-2100” хөтөлбөрийн 126 оюутан болон бусад монгол залуустай биечлэн уулзаж сэтгэлийн сайхан захиас, халуун дулаан үгээ хэллээ. Өнөөг хүртэл 35 мянга гаруй монгол иргэн Герман улсад боловсрол, мэргэжил эзэмшсэн бөгөөд цаашид ч тус улсад нарийн мэргэжлийн инженер, технологийн боловсон хүчин бэлтгэх квотыг нэмэгдүүлэхээр тохиролцов. Айлчлал нь зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээгээр хязгаарлагдаагүй, Монголын түүх соёл, шинжлэх ухааныг Европын төвд сурталчлахад чухал ач холбогдолтой боллоо гэж бодож байна. Хоёр улсын Ерөнхийлөгч Берлин хотноо “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” түүхэн үзэсгэлэнг албан ёсоор нээв. Энэ нь Европын иргэдэд Монголын эзэнт гүрний түүх, нүүдлийн соёл иргэншлийг шинжлэх ухааны үндэслэлтэй таниулах, судалгааны үр дүнд хийгдсэн оюуны бүтээл болон археологийн олдвор, өмнө нь дэлгэгдэж байгаагүй ховор нандин бүтээлээр баяжсан соёлын дипломат ажиллагааны томоохон арга хэмжээ боллоо. Мөн айлчлалын хүрээнд “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Еврази дахь соёлын солилцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, мөн их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болж Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор их, дээд сургуулиуд хоорондын 7 баримт бичиг байгууллаа. Их зохиолч Д.Нацагдорж түүний багш монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршуулж, Лайпцигийн их сургуульд дурсгалын самбарыг нээлээ. Эдгээр арга хэмжээ нь Берлин, Дрезден хотуудад зохион байгуулагдсан нь хоёр орны академик харилцааг шинэ шатанд гаргасан сайхан үйл явдал боллоо. Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” тоглолтыг Берлин хотын Дойчес театрт толилуулж, үндэсний соёл, урлагийн сор болсон бүтээлүүдийн дээжээс үзэгч олны сонорыг мялаасан юм. Тоглолтыг хоёр улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх, Франк-Вальтер Штайнмайер нар болон төр, засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд болон Германд суугаа монголчууд, герман иргэд үзэж сонирхов. Монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, нүүдэлчдийн ахуйг илэрхийлсэн гэрэл зургийн үзэсгэлэн болон морин хуур урлалын бүтээлийн дээжээс бүрдсэн үзэсгэлэнг тоглолтод хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд танилцуулж, монголын соёлын өвийг сурталчлан таниуллаа. Мөн Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон уулын явган цэргийн чиглэлээр төрөлжсөн сургалт зохион байгуулахаар тохиролцов. Монгол Улсын гадаад бодлогын чухал чиглэл нь гадаад орнуудад байгаа монгол иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах явдал байдаг билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Франкфурт Майн хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхээр болсныг албан ёсоор зарласан. 2026 оны тавдугаар сарын 12-ны УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр ХБНГУ-ын Франкфурт Майн хот, Австралийн Холбооны Улсын Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжсэн билээ. ХБНГУ-д 8,900 гаруй монгол иргэд байнга оршин сууж байгаагаас 5,250 гаруй мянган Франкфурт Майн хот, түүний орчимд ажиллаж, сурч, амьдарч байна. Франкфурт нь Европ болон Германы санхүү, эдийн засаг, олон улсын тээврийн хамгийн том зангилаа төв цэг юм. Мөн МИАТ компанийн шууд нислэг энэ хот руу хийгддэг тул тус бүс нутагт амьдарч буй иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах, иргэдийн эрх ашгийг хамгаалах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд маш чухал ач холбогдолтой гэж үзэж, Засгийн газраас 4 орон тоотойгоор байгуулахаар шийдвэрлэсэн байна. Хоёр улсын иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах боломжийг судалж, энэ чиглэлээр яриа хэлэлцээг эхлүүлэхээр болов. Эцэст нь тэмдэглэхэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийсэн төрийн айлчлал нь Монгол Улсын гадаад бодлогын нэр хүндийг Өрнөдийн ертөнцөд өндөрт өргөж, 2024 онд тунхагласан Стратегийн түншлэлийг бодит эдийн засаг, хөрөнгө оруулалт, технологи, боловсрол, музей, шинжлэх ухааны салбарын хэлэлцээрүүдээр баяжуулсан өндөр үр дүнтэй, түүхэн ач холбогдолтой айлчлал болж өндөрлөсөн гэж дүгнээд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна.

Read full article →