Depository of News

Маогийн талаар “бодлогогүй” зүйл ярьсныхаа төлөө Хятадын брэндүүдэд хаягдсан Мбаппе уучлал гуйжээ

newsdepo.com · world

Хятадын удирдагч агсан Мао Зэдуний талаар хэлсэн “бодлогогүй” үгийнхээ төлөө Францын хөлбөмбөгийн од Килиан Мбаппе уучлал гуйжээ. Түүний энэ үйлдлийн улмаас Хятадын хэд хэдэн брэнд хамтын ажиллагааны гэрээгээ цуцалсан юм. Францын телевизийн "The Bridge" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Мбаппе "Намайг хамгийн их инээлгэдэг мэм бол нэг залуугийн дүрс бичлэг юм. Тэр хүн Хятадын дарангуйлагч байх аа..." гэж хэлжээ. Үүний дараа дэлгэц дээр Мбаппегийн нүүр царайг Мао Зэдуний зурагтай эвлүүлсэн мэм гарч ирэхэд тэрбээр инээж байгаа нь харагдсан юм. Реал Мадрид багийн довтлогч Мбаппе уучлал гуйсан мэдэгдэлдээ "Миний хэлсэн үг бодлогогүй байсан. Энэ нь Хятад улс болон дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хятад хүмүүсийн сэтгэлийг гонсойлгосныг би одоо ойлгож байна. Миний үгэнд гомдсон хүн бүрээс уучлалт хүсье” гэжээ. Испанийн La Liga мөн уучлалт гуйж, "Килиан Мбаппегийн саяхан хэлсэн үг Хятад дахь хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг гонсойлгосонд гүнээ харамсаж байна" гэж мэдэгдсэн байна. Хэдийгээр түүхэнд маргаантай үүрэг гүйцэтгэсэн гэгддэг ч Хятадын Коммунист Намын одоогийн удирдлага Мао Зэдунийг хүндлэн дээдэлдэг. Хятадын нийгэм, сошиал орчин Маогийн тухай сэдэвт маш болгоомжтой ханддаг юм. Тиймээс Мбаппе шиг дэлхийн хэмжээний спортын одтой хамтын ажиллагаагаа брэндүүд яагаад ийм хурдан цуцалсныг ойлгож болно. Даваа гарагийн орой Хятадын хөлбөмбөгийн "Dongqiudi" форум дээр Мбаппегийн ярьсан зүйлтэй холбоотой хэлэлцүүлэг өрнөсөн юм. Тус форум Мбаппегийн үгийг "зохисгүй" бөгөөд "хятад хүмүүсийн сэтгэлийг гонсойлгосон” хэмээн дүгнэж байв. Үүний дараа Мбаппегийн үзүүлсэн мэм болон түүний ярьж буйг харуулсан бичлэгүүд Хятадын сошиал сүлжээнд хурдацтай тархаж, хүмүүс Францын довтлогч болон түүний харьяалагддаг Реал Мадрид клубийг бойкотлохыг уриалж эхэлжээ. "Dongqiudi" (хөлбөмбөгийн мэдээллийн платформ) мэдэгдэлдээ, Мбаппегийн хэлсэн үгс нь "Хятад улс болон Хятад ард түмнийг гомдоосон" тул үүнийг "орчуулах боломжгүй" гэж мэдэгдсэн байна. Хятадад маш алдартай, олон брэндтэй хамтран ажилладаг Мбаппег хятад хөгжөөн дэмжигчид нь "Хятадын зах зээлээс ашиг олж байж Хятад олон нийтийг гомдоосон үг хэллэг ашиглалаа" хэмээн шүүмжилжээ. Тус улсын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компани болох "Mengniu" мэдэгдэлдээ "Бид Хятад ард түмний сэтгэл зүйд халтай аливаа үг, үйлдлийг эрс эсэргүүцдэг бөгөөд үүнийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн байна. Ундаа үйлдвэрлэгч томоохон компани болох "Dongpeng" мөн үүнтэй төстэй мэдэгдэл гаргажээ. Төрийн мэдлийн "Global Times" сонины мэдээлснээр төв телевизийн суваг болох "CCTV"-ийн мэдээний аппликэйшнүүд Францын довтлогчтой холбоотой контентыг нийтлэхгүй байхаар болсон байна. Мөн "CCTV" цаашдаа Испанийн хөлбөмбөгийн Ла Лигагийн тоглолтуудыг дамжуулахаа зогсоохоор болсон тухай Хятадын хэвлэлүүд Мягмар гарагт мэдээлжээ. Хятад улс бол Реал Мадрид болон олон улсын спортын одуудын хувьд томоохон зах зээл бөгөөд тус улсын дотоодын брэндүүд Мбаппе, Норвегийн довтлогч Эрлинг Хааланд, NBA-ийн тоглогч Стефен Карри нартай олон сая долларын үнэ бүхий сурталчилгааны гэрээ байгуулсан байдаг. Мягмар гарагт орон нутгийн цагаар 14:00 цагийн байдлаар Хятадын Weibo сүлжээнд хамгийн их хэлэлцэгдэж буй эхний 10 сэдвийн тав нь Мбаппетай холбоотой байсан бөгөөд "Олон брэнд Мбаппетай хамтын ажиллагаагаа цуцаллаа" гэсэн хаштаг жагсаалтыг тэргүүлж байв. Мао Зэдун 1949 онд БНХАУ-ыг үүсгэн байгуулж, 1960, 1970-аад оны үймээн самуунтай, ээдрээтэй цаг үеүдэд улс орныг удирдаж байсан юм. Түүний "Их үсрэлт" хэмээн нэрлэсэн аж үйлдвэржилтийг хурдасгах оролдлого нь олон арван сая хүний ​​аминд хүрсэн өлсгөлөнд хүргэсэн билээ. Үүний дараа Коммунизмд аюул учруулж болзошгүй гэж үзсэн хүмүүсийг тухайлбал Хятадын сэхээтнүүд, газар эзэмшигчид, уран бүтээлчдийг, мөн намын доторх өрсөлдөгчдийг харгис хэрцгийгээр цэвэрлэх "Соёлын хувьсгал" эхлүүлж байсан юм. 1976 онд түүнийг нас барснаар Хятад улсад шинэ эрин үе эхэлж байв. Эх сурвалж: BBC

Read full article →