Depository of News

ЕТГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Канад улсаас орогнол хүсэхээр бэлдэж байгаа талаар мэдээлэл ирсэн

newsdepo.com · world

Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийг удаа дараа гүтгэсэн хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Европын орнуудад Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байх хугацаанд хариуцлагатай албан тушаал хашиж байсан иргэн Х.Нямбаатар Ерөнхийлөгч рүү удаа дараа гүтгэлэг, ямар ч ор үндэсгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Энэ нь олон улсад Монгол Улсын нэр хүнд, үндэсний эв нэгдэлд ан цав үүсгэх сөрөг мэдээлэл гэж ойлгож болно. Эдгээр асуудалд баримтаар няцаалт өгье. Ерөнхийлөгчийн хувьдаа нисдэг тэрэгтэй гэсэн. Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас лавласнаар Монгол Улсад 20 гаруй нисдэг тэрэг бий. 18 нь хувийн компани, хувь иргэнд бий. Төрд Зэвсэгт Хүчний Жанжин Штаб(ЗХЖШ)-т бий. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Шаардлагатай тохиолдолд ЗХЖШ-ын нисдэг тэрэг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид үйлчилдэг. Австрали Улсад хувийн хаустай гэсэн. Зарим иргэн Ерөнхийлөгчийн хаус гэж зураг нийтэлж байсан. Үүнийг шалгавал энэхүү амины орон сууцны мэдээлэл нь ил тод бий, ямар ч хамааралгүй мэдээлэл. Монгол Улсын Ерөнхийлөгч Австрали Улсад зорчоогүй 12 жил болсон. Андууд тауэрын барилга. Судалж үзэхэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд баригдаж байгаа энэ өмч хөрөнгийн эзэн нь Нийслэл өөрөө байна. Гачууртад олон зочид буудалтай гэж ярьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг "Илт хан" компанийн 58 хувийг эзэмшдэг. 10 гэр, 10 дүнзэн байшинтай. Гачууртад биш Тэрэлжид байдаг. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь бий. Хууль зүйн сайд байсан хүн баримтад тулгуурлаж ярих ёстой. Түүнээс биш хэн нэгний зургийг өнгөтөөр хэвлэж харуулахыг баримт гэхгүй. Бага тэнгэрт 30-40 сая ам.доллароор үнэлэгдэх хаус хороололтой гэсэн. Бичлэгт гарч байсан 3-4 хаусыг хэний өмч вэ гэдгийг нээлттэй мэдээллээс харахад "Грийн ресурс" компанийн өмч, иргэн Г овогтой С, С овогтой Б-ийн өмч хөрөнгүүд байна. United Mall гэх хувийн их дэлгүүртэй гэсэн. Энэ дэлгүүр Хан-Уул дүүрэгт байрладаг бөгөөд эзэмшигч нь Баатар овогтой Даваадорж, захирал нь Сосорбурамын Ганбаатар гэж байгаа. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамааралгүй. Улсын бүртгэлээс лавлагаа авч харахад ч хэнийх вэ гэдэг нь тодорхой. Энэ мэтчилэн хэн нэгний холбоо хамааралгүй хүний өмч хөрөнгийг Ерөнхийлөгчийнх мэтээр яриад гүжир гүтгэлэг явуулж байн. Тансаг машины цуглуулгатай гэсэн. Иргэн н.Нямдаваа нь фитнест л Монгол Улсын Ерөнхийлөгчтэй таардаг хүн. Та бүхэн мэдэж байгаачлан Ерөнхийлөгч иргэдтэй уулзалт хийхдээ хамгийн их хүнтэй гар барьж, зураг даруулдаг. Бараг хамгийн их зураг даруулдаг. н.Нямдаваа бол тэдний л нэг. Бизнес эрхлэгч хүн юм билээ. Энэ хүн өөрөө гүтгэлгийг шалгуулахаар хуулийн байгууллагад шалгуулахад эзэн холбогдогч нь тогтоогдсон. Тэр нь Хотын дарга асан Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан байсан Г.Золзаяа гэж хүн. Хууль хяналтын байгууллага тогтооход энэ хүн Хятад улс руу оргон зайлсан. Нэмж хэлэхэд энэ хүн Х.Нямбаатарын захиалгаар худалд мэдээллийг түгээсэн, тэр тусмаа татвар төлөгчдийн мөнгөөр тараасан гэдгээ хүлээн зөвшөөрч, бидэнд хандан захиа ирүүлсэн. Уучлалт гуйж байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Тамгын газрын ажилтнуудыг хагартлаа баяжсан, өндөр зэрэглэлийн G-Class машин унадаг гүтгэсэн. Зөвлөхүүд дунд, ЕТГ-ын ажилтнууд дотор G-Class унадаг хүн байхгүй. Төрдөө хоёргүй сэтгэлээр өөрийн мэдлэг боловсрол, туршлагаа зориулан ажиллаж байгаа. Энэ хүмүүс ч мөн өөрсдийн гэсэн нэр төртэй. Иргэн Х.Нямбаатар буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хотын дарга байсан хүн яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг удаа дараа гүтгээд байгааг та бүхэн асуух байх. Хураангуйлж хэлэхэд Канад улсаас орогнол хүсэхээр бэлтгэлээ хангаад энэ ажлыг хийж байгаа талаар мэдээлэл бидэнд ирсэн" гэв.

Read full article →