Өнгөрсөн есөн жилийн хугацаанд төрийн 15 байгууллагын 27 иргэн хар тамхины хэрэгт холбогдон шалгагджээ
"Нээлттэй яам-Мэдээллийн цаг"-аар яамны бодлого шийдвэр, ажлын үр дүнгийн талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ) - наас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн тоо баримтын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад цагдаагийн хурандаа Б.Ганчулуун хариулт өгөв. Тэрбээр хэлэхдээ "2017-2025 оны хугацаанд буюу өнгөрсөн есөн жил улсын хэмжээнд 2,422 холбогдогчтой хар тамхины 2,100 хэрэг гарсан байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд есөн жилийн хугацаанд 10,579 хүн нэг удаа хэрэглэх 21 төрлийн бодисыг хураан авч 50 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоосон. Насны ангилал: 18-25 насны 1,223 иргэн 24-35 насны 868 буюу дийлэнхдээ залуу үеийнхэн байна. Боловсролын түвшин: 60.5 хувь нь бүрэн дунд боловсролтой иргэд холбогдсон байдаг. Энэ онд энэ төрлийн гэмт хэрэгт 518 иргэнийг холбогдуулан шалгаж, 466 гэмт хэргийг илрүүлсэн бөгөөд 5.5 тэрбум төгрөгийг хууль бус эргэлтийг таслан зогсоолоо" гэлээ. Үргэлжлүүлэн "Цагдаагийн удирдах албан тушаалтнууд, алба хаагчид хар тамхины хэрэгт холбоотой юу" гэх асуултад хариулт өгсөн юм. Энэ талаар "Цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Цагдаагийн удирдах албан тушаалтан хар тамхины хэрэгт холбогдсон мөн шалгаж буй гэмт хэрэгт нь нөлөөлдөг гэдэг зүйл тогтоогдоогүй. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд төрийн албан хаагчид энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон уу гэдгийг харахад төрийн 15 байгууллагын 27 иргэн холбогдож шалгагдсан байдаг юм билээ" гэв.
