“Super Bowl” тэмцээний завсарлагын шоу үзүүлбэрийг рэппер Jay-Z гүйцэтгэнэ
Рэппер Jay-Z ирэх хоёрдугаар сард болох NFL-ийн аварга шалгаруулах "Super Bowl” тэмцээний завсарлагын шоу үзүүлбэрийг гүйцэтгэхээр болсныг Америкийн Үндэсний Хөлбөмбөгийн Лиг зарлалаа. Түүний "Roc Nation" компани 2019 оноос хойш "Super Bowl"-ын завсарлагын шоуг зохион байгуулж ирсэн бөгөөд тэрбээр жил бүр уг шоунд оролцох уран бүтээлчдийг сонгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ Jay-Z өөрөө өмнө нь NFL-ийн аварга шалгаруулах тэмцээний тайзан дээр гарч байгаагүй бөгөөд энэ удаагийн мэдэгдэлд тэрбээр цорын ганц гол уран бүтээлч байх эсэх талаар тодорхой дурдаагүй байна. NFL-ийн мэдэгдэлд "Энэхүү том тоглолтын завсарлагын үеэр Jay-Z хэнийг зочин уран бүтээлчээр урих бол гэсэн хүлээлт одоо эхэлж байна. Мэдээж хэрэг, түүний эхнэр Бейонсе энэ жагсаалтын эхэнд бичигдэх нь дамжиггүй" гэжээ. Ирэх жилийн "Super Bowl LXI" тэмцээн хоёрдугаар сарын 14-ний өдөр Лос-Анжелес хотын ойролцоо зохион байгуулагдана. Jay-Z өнгөрсөн амралтын өдрүүдэд "Super Bowl" зохион байгуулагдах Лос-Анжелесын цэнгэлдэх хүрээлэнд хоёр удаа тоглолтоо үзүүлсэн юм. Лос Лос-Анжелесын эдгээр тоглолтууд нь түүний анхны цомог болох "Reasonable Doubt"-ын 30 жилийн ойд зориулсан аялан тоглолтын нэг хэсэг байв. Жинхэнэ нэрээрээ Шон Картер болох Jay-Z энэ талаар "'Reasonable Doubt' цомгоос эхлээд 'Super Bowl'-ын завсарлагын тайзан дээр гарах хүртэлх энэ бүхэн үнэхээр урт зам байлаа" гэж мэдэгджээ. "Дэлхийн хамгийн том тайзан дээр хөгжим, хөдөлмөр, соёлын 30 жилийн түүх өрнөх гэж байна. Энэхүү аялал нь мөрөөдөл биелэхийн бодит жишээ байх болно” гэж тэр цааш нь хэлсэн байна. NFL-ийн комиссар Рожер Гүүдэлл хэлэхдээ "Түүний авч ирэх ур чадвар, бүтээлч байдал, соёлын нөлөөллийг дэлхий даяар хөгжөөн дэмжигчид мэдрэх болсонд би маш их баяртай байна" гэжээ. Тэр цааш нь "Бид 'Roc Nation'-тай шоуг зохион байгуулах гэрээ байгуулах үед надад ганцхан хүсэлт байсан. Тэр нь Jay-Z өөрөө хэзээ нэгэн цагт, өөрт нь тохиромжтой гэж үзсэн мөчдөө тайзан дээр гараасай гэсэн хүсэлт байлаа" хэмээн ярьсан байна. Эх сурвалж: BBC
