М.Санжаадорж: Төсвийн тухай хуулиас нийслэлийн зарлагын чиг үүргийг нь аваад хаячихсан
УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан тус хуульд 10 хоногийн өмнөхөн нэмэлт өөрчлөлт оруулсан атал дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлж буйг шүүмжлэв. УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Энэ намар УИХ-ын есдүгээр сарын 5-ны ээлжит бус чуулганаас эхлээд нийтдээ хоёр сар шахам хугацаанд төсөв хэлэлцэж байна. Төсвийн тодотголыг батлаад явуулсан бол одоо ирэх жилийн төсвийн гурав дахь хэлэлцүүлэг явууллаа. Наймдугаар сард шатахууны үнэ нэмэгдэж эхлэхэд төсвийн тодотгол оруулж ирэхийг шаардаж байсан. Тухайн үед инфляцын суурь түвшин 13.5 хувь, хүнсний инфляц 25 хувьд хүрч байсан. Шатахууны хомсдол иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байна гэдэг зүйлийг ярьсан. Засгийн газрын зүгээс манай эдийн засгийн бодлого маш сайхан явж байгаа, инфляцад санаа зовох хэрэггүй гэж байсан боловч хамгийн сүүлд гарсан инфляцын мэдээллээр огт буураагүй. 13.5 хувьтай байсан инфляц 12.9 хувьтай байна. Уг нь намрын налгар өдрүүд эхэлчихсэн байхад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээнд буурч, иргэдийн нуруу тэнийдэг цаг хугацаа. Харамсалтай нь тийм нөлөөлөл огт гарахгүй байна. Учир шалтгаан нь маш өндөр тэлсэн төсөв, төсөвт нүүрлэсэн хулгай авлигын асуудал эдийн засагт ийм сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Улсын төсвийн уул уурхайн хамаарлыг бууруулах тэлэлтийг хазаарлах үндсэн гол хууль бол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Энэ хуульд 25 дахь удаагаа 10 хоногийн өмнө өөрчлөлт оруулсан. Одоо дахиад өөрчлөлт оруулахаар сууж байна. Засгийн газар наймдугаар сарын 21-нд төсвийн тодотгол өргөн барихдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт өргөн барьсан. Наймдугаар сарын 31-нд ирэх жилийн төсөв өргөн барихдаа дахиад төсвийн тогтвортой байдлын тухай өөрчлөлт оруулах гэж байна. Засгийн газар 10 хоногийн хугацаанд асуудлаа төлөвлөөд УИХ-д давхар давхар ажил удахгүй байж болдоггүй юм уу. Тухайн жилийн онцлогоос хамаараад төсөвтэй тааруулаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг зөөлрүүлээд алга болгоод байж болохгүй. Төсвийн тодотголтой хамт батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дээр зарим шаардлага өөрчлөгдсөн. Тухайлбал төсвийн зарлагын өсөлт сүүлийн 12 жилийн уул уурхайн бус дотоодын нийт бүтээгдэхүүний дундаж өсөлтөөс илүүгүй байна гэх мэт. Оюутолгойн хоёр их наяд төгрөгийн ногдол ашгийг зарцуулахгүй гээд хуулийн төслөө буцаан татаж авсан. Гэтэл төсвийн тооцооллын хавсралтад 52 жагсаалт чинь байдгаар байж байна. Энэ техник ажлыг Засгийн газар яагаад УИХ-аар хийлгэх гэж байгаа юм бэ. Нэг мөсөн бүтнээр нь татаж аваад засваруудаа оруулаад УИХ хэлэлцэх ёстой. УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: 2027 оны төсөв батлагдсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл явж байгаа. Энэ дотор төсвийн тухай хуулиа шинэчлэн оруулж ир гэдэг үүрэг чиглэлийг Засгийн газарт өгнө. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хууль чинь Монгол Улсын төсөв нэлээд давжаадуу байх үед гарчихсан. Цагийн эрхээр өсөлт хөгжлүүд бий болохоор орон нутгууд өөрийнхөө эдийн засаг, төсвийнхөө боломж нөөц дээр эрэлхийлж ажиллах чиглэл рүү явж байгааг чөдөрлөж болохгүй. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж: Төсвийн тухай хууль 71 зүйлтэй. Гэхдээ 71 өөрчлөлт орчихсон. Салбар бүрийн хууль орж ирэхдээ Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж ирсээр байгаад төсвийн нэгдсэн бодлого алдагдчихсан. Зөвхөн нийслэлийн хувьд яривал, нийслэлийн зарлага нь ийм чиг үүргээр зарцуулна, орлого нь ийм байна шүү гэдэг байсан бол Төсвийн тухай хуулиас нийслэлийн зарлагын чиг үүргийг нь аваад хаячихсан. Нийслэлийн төсвийн зарлага нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар, орлого нь Төсвийн тухай хуулиар явж байгаа. Ирэх жилийн төсвийг дагуулаад Төсвийн тухай хуулиа шинэчлэх үүрэг авч байгаа. Төсвийн тухай хууль нэг жил үйлчлээд дууссаны дараа шинэ хууль өргөн барина.
