Монгол, Хятадын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин тэлэхийн хэрээр юанийн төлбөр тооцоо, хил дамнасан гүйлгээ, худалдааны санхүүжилтийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Энэ нөхцөлд хоёр улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын төлбөр тооцоог илүү шуурхай, хүртээмжтэй болгох нь бизнес эрхлэгчдийн худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг дэмжих чухал ач холбогдолтой юм. Энэ хүрээнд Капитрон банкны Гүйцэтгэх захирал Э.Төрболд, БНХАУ-ын Bank of China банкны ӨМӨЗО-ны салбарын Ерөнхий менежерийн орлогч Бао Син Вэнь, Монгол Улс дахь Хятадын Ерөнхий Худалдааны Танхимын Гүйцэтгэх дэд тэргүүн Ан Е нар “Монгол, Хятадын юанийн бизнесийн хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Тус хамтын ажиллагаа нь юанийн хил дамнасан төлбөр тооцооны үйлчилгээг хөгжүүлэх, санхүүгийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүдийн худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд шаардлагатай санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэхэд чиглэж байна. Капитрон банк олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай түншлэлийн хүрээгээ тогтмол өргөжүүлж, гадаад төлбөр тооцоо болон худалдааны санхүүжилтийн үйлчилгээг хөгжүүлэхэд анхааран ажиллаж ирсэн. Bank of China банктай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаснаар юанийн төлбөр тооцооны үйлчилгээг улам боловсронгуй болгох, харилцагч байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан гүйлгээг хялбаршуулах, олон улсын бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүгийн шийдлүүдийг илүү хүртээмжтэй хүргэх боломж нэмэгдэнэ. Түүнчлэн энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, Хятад хоёр улсын бизнес эрхлэгчдийн хоорондын төлбөр тооцооны үр ашгийг нэмэгдүүлж, худалдааны урсгалыг дэмжих, хоёр талын бизнесийн харилцааг илүү тогтвортой, өргөн хүрээнд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Цаашид Капитрон банк Bank of China болон холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, юанийн төлбөр тооцоо, хил дамнасан гүйлгээ, худалдааны санхүүжилтийн боломжийг үе шаттайгаар өргөжүүлэхээр зорьж байна. Ингэснээр харилцагчдынхаа олон улсын бизнесийн хэрэгцээнд нийцсэн шуурхай, найдвартай, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ Монгол, Хятад хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд бодит хувь нэмэр оруулан ажиллана.
