Сонгуулийн эхний шатанд ялагдсан Лула хоёр дахь шатанд ялснаар дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгч боллоо
Ням гарагт болсон сонгуулиар Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва баруун жигүүрийн өрсөлдөгч Флавио Болсонаруг ялж, дөрөв дэх удаагаа төрийн тэргүүнээр сонгогдлоо. Тэрбээр сонгуулийн эхний шатанд өрсөлдөгчдөө ялагдаад байснаа хоёр дахь шатанд ийнхүү гайхалтай ялалт байгуулсан байна. Зүүний үзэл баримтлалтай улс төрч Лула нийт саналын 51.79 хувийг авсан бөгөөд 1985 онд Бразил улс иргэний засаглалд шилжсэнээс хойш сонгуулийн эхний шатанд ялагдал хүлээснийхээ дараа ялалт байгуулсан анхны ерөнхийлөгч боллоо. Лула баяр хөөрт автсан дэмжигчдэдээ энэхүү ялалт нь "сөрөг хандлага, худал хуурмаг явдлын ялагдал" болсныг онцлоод "Ардчилал мандтугай!" хэмээн мэдэгджээ. Хуулийн хариуцлага хүлээсэн ерөнхийлөгч асан Жаир Болсонаругийн хүү Флавио Болсонару сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, үр дүнг хүчингүй болгохыг шаардсан байна. Дэлхийн улс орнуудын удирдагчид Лулад дахин сонгогдсонд нь баяр хүргэжээ. Болсонаругийн талынхны энэхүү эсэргүүцэл нь ажиглагчдын хувьд гэнэтийн зүйл байсангүй. Учир нь түүний эцэг ч мөн өмнө нь ийм үйлдэл гаргаж байсан юм. Гэвч тэдний энэ оролдлого амжилтад хүрэх магадлал тун бага байна. Юуны өмнө тэдний гол маргаан Дээд шүүхийн шүүгч Кристиано Занины гаргасан улс орон даяар санал хураалтын хугацааг хоёр цагаар сунгах шийдвэр дээр төвлөрч байгаа бололтой. Болсонаругийн зарим дэмжигчид Занин өмнө нь Лулагийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан тул түүний талыг барьсан шийдвэр гаргасан гэж буруутгаж байна. Гэвч үнэндээ хоёр тал хоёулаа санал хураалтын хугацааг сунгах хүсэлт гаргасан юм. Лулагийн багийнхан Сан-Паулу, Баиа мужуудад автобусны хүрэлцээ муу байсны улмаас сонгогчид санал өгөх байранд хүрч чадахгүй байгааг дурдсан бол Болсонаругийн багийнхан тус улсын өмнөд хэсэг болон Сан-Паулуд орсон хүчтэй бороог шалтгаан болгожээ. Хоёр талын аль аль нь санал бүр чухал гэдгийг ойлгож байсан тул өөрсдийн дэмжигчдийг санал өгөх боломжоос хоцроохыг хүсээгүй юм. Жаир Болсонаругийн томилсон Дээд Сонгуулийн Шүүхийн ерөнхийлөгч Кассио Нунес Маркес хоёр дахь шатанд Лула ялсныг баталгаажуулж, санал хураалтын хугацааг сунгасан нь сонгуулийн эцсийн үр дүнд нөлөөлөөгүйг мэдэгджээ. Хоёр нэр дэвшигчийн авсан саналын зөрүү 4.4 сая байгаа нь сонгуулийн дүнг эргэлзээтэй болгох, эсвэл маргаан үүсгэх боломжийг улам бүр хязгаарлаж байна. Аравдугаар сарын 4-ний өдөр болсон эхний шатны санал хураалтад Флавио Болсонару 47 хувийн саналаар ялж, Лула 45 хувийн саналтай удаалж байсан юм. Гэвч хоёр дахь шатны санал хураалтын өмнө Лулагийн тал зөв ажилласны үр дүнд эхний шатны санал хураалтад оролцоогүй 33 сая хүний нэлээд хэсгийг татаж чадсан байна. Ялалтаа зарлах илтгэлийг бэлдээд байсан Болсонару сонгуулийн үр дүнг "тайлбарлахын аргагүй" гэж нэрлээд үүнийг хүчингүй болгох ёстой гэж мэдэгджээ. "Миний дөрөв дэх бүрэн эрхийн хугацаа энэ улсын түүхэн дэх бүх ерөнхийлөгчдийнхөөс хамгийн шилдэг нь байх болно. Энэ хугацаанд би Бразилын ард түмний үгийг хамгийн ихээр сонсох болно” гэж төмөрлөгийн үйлдвэрийн ажилчин асан Лула дэмжигчдэдээ хэлсэн байна. Хэдийгээр ялалт байгуулсан ч түүнийг томоохон саад бэрхшээлүүд хүлээж байгаа. Үүнд хуваагдмал улс орон, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буй өрсөлдөгч, мөн Болсонаругийн холбоотнуудаар дүүрсэн Конгресс зэрэг багтаж байна. Даваа гарагт санхүүгийн зах зээл сонгуулийн энэхүү гэнэтийн үр дүнг нэлээд цочирдон хүлээж авчээ. Сан-Паулугийн хөрөнгийн бирж 15 хувийн уналттайгаар нээгдсэн тул арилжааг түр зогсооход хүрсэн бөгөөд дараа нь бага зэрэг сэргэсэн байна. Сонгуулийн үр дүнгийн талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп байр сууриа илэрхийлэхдээ үүнийг "луйвардсан" байж болзошгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. "Би хэнийг ч дэмжээгүй, гэхдээ энэ нь дахин нэг удаа луйвардуулсан сонгууль шиг харагдаж байна" гэж тэрбээр Даваа гарагт сэтгүүлчдэд хэлсэн боловч ямар нэгэн нотлох баримт, дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. "Миний хувьд энэ нь маш муу үр дүн шиг санагдлаа” гэж Трамп хэлжээ. Улс төрийн өөр өөр үзэл баримтлалтай дэлхийн бусад удирдагчид Лулад баяр хүргэсэн юм. Мексикийн зүүний үзэлт ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум сошиал хуудсандаа "Бразилын ард түмэн яллаа" гэж бичжээ. Перугийн барууны үзэлт ерөнхийлөгч Кэйко Фүхимори хөрш Бразилд болсон үйл явдлыг "ардчилсан өдөр" хэмээн сайшаасан байна. Чили, Эквадорын ерөнхийлөгч нар мөн адил утга бүхий мэндчилгээ дэвшүүлсэн байна. Канадын ерөнхий сайд Марк Карни хоёр улсын "түншлэл аль хэдийнээ цэцэглэн хөгжиж буйг"онцолжээ. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен "ардчилал болон олон талт үзэл" ялалт байгууллаа гэж мэдэгдсэн байна. Мөн зүүний үзэл баримтлалтай улс төрч болох Испанийн ерөнхий сайд Педро Санчес үүнийг "аугаа ялалт" хэмээн нэрлэжээ. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хоёр улс "илүү шударга ертөнцийг цогцлоохын төлөө" хамтран ажиллах ёстойг хэлсэн байна. Даваа гарагийн орой Инстаграм хуудсандаа нийтэлсэн бичлэгтээ Флавио Болсонару цагдаа нар түүнээс гадаад паспортоо хураалгахыг шаардаж, улс орноос гарахыг нь хориглосон тухай мэдэгджээ. Трамп өмнө нь Болсонаругийн эцэг Жаир Болсонаруг дэмжиж байсан билээ. Жаир Болсонару 2022 оны сонгуульд Лулад ялагдсаныхаа дараа төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр буруутгагдаж, одоо шоронд 27 жилийн хорих ял эдэлж байгаа юм. Флавио Болсонару энэ оны эхээр Цагаан ордонд Трамптай уулзаж, дэмжлэг хүссэн байдаг. Мягмар гарагт 81 нас хүрэх Лула өмнө нь ерөнхийлөгчийн албыг дараалсан бус хугацаагаар гурван удаа хашсан бөгөөд 2003 оны нэгдүгээр сараас 2010 оны арванхоёрдугаар сар хүртэл хоёр бүрэн эрхийн хугацааг, мөн 2023 оны нэгдүгээр сараас дахин ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Тэрбээр энэ удаагийн ялалтаараа Бразилын түүхэнд дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны хүн болж байгаа бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа 2030 он хүртэл үргэлжлэх юм. Гэвч энэ удаагийн сонгуулийн кампанит ажил маш ширүүн өрсөлдөөнтэй өрнөсөн бөгөөд нэгдүгээр сарын 5-наас эхлэх шинэ бүрэн эрхийн хугацаа нь дотоод болон гадаад орчны томоохон саад бэрхшээлүүд, тэр дундаа АНУ-ын ерөнхийлөгчийн зүгээс ирж буй сөрөг хандлага дор эхэлж байна. Трампын "Донрогийн үзэл баримтлал" (Donroe Doctrine) гэж нэрлэсэн бөмбөрцгийн баруун хагаст АНУ-ын ноёрхлыг тогтоох бодлогыг ялалтын илтгэлдээ Лула дурдахдаа Бразил улс "хэний ч арын хашаа (нөлөөллийн бүс) байхыг хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн Лулагийн ялалт нь Аргентин, Чили, Колумб зэрэг Латин Америкийн орнуудад баруун жигүүрийн нэр дэвшигчид болон улс төрийн хүчнүүд засгийн эрхийг авсан цаг үетэй давхцаж байна. Эх сурвалж: BBC
