Монгол ноолуур Беларусь маалинган даавууг нэгтгэн шинэ төрлийн сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко нар Тусгаар тогтнолын ордонд хийсэн албан ёсны хэлэлцээнийхээ дүнгээр хэвлэлд мэдээлэл хийлээ. Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд анх удаа Беларусь Улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, бодит хамтын ажиллагаагаар бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг талууд тэмдэглэлээ. Мөн талууд “Монгол Улс болон Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал” болон байгууллага хоорондын баримт бичиг байгуулсан нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодотгож байгааг онцоллоо. Хоёр улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгийг хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч эрхэм хүндэт Александр Григорьевич Лукашенко Таны урилгаар үзэсгэлэнт сайхан Беларусь Улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Биднийг элэгсэг дотноор хүлээн авч, өндөр хүндэтгэл үзүүлж буй эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Беларусийн төр засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал үр дүнтэй, амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Ийнхүү хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан төрийн айлчлал хэрэгжүүлж байгаа нь Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэж үзэж байна. Монгол Улсын төрийн тэргүүний энэхүү төрийн айлчлал нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 34 жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна. Миний бие өнөөдөр эрхэм Ерөнхийлөгчтэй хамт хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж байгаадаа баяртай байна. Айлчлалын хүрээнд “Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал”-д гарын үсэг зурж, ирэх он жилүүдийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо. Мөн хамгийн чухал зүйл бол “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г байгуулж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааны эрх зүйн бат бөх үндэс суурийг тавьж чадлаа. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, оюуны өмч зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичиг байгуулсан билээ. Тэгвэл энэхүү төрийн айлчлалын дүнгээр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, боловсрол, эрүүл мэнд, спорт, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичгийг нэмж байгууллаа. Мөн худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийн боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах, хоёр улсын худалдааны эргэлтийг гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Айлчлалын үеэр зохион байгуулж буй “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Бизнес эрхлэгчид болон худалдаа, аж үйлдвэрийн байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг бид тууштай дэмжих болно. Беларусь Улс нь манай улсын хувьд Европын зах зээл рүү гарах тээвэр, логистикийн чухал гарц болж байдаг бол Беларусь Улс нь манай улсыг Азийн зах зээл рүү гарах үүд хаалга хэмээн үздэг. Үүнтэй холбогдуулан Брест-Улаанбаатар чиглэлийн “Монгол вектор” чингэлэг тээврийн төмөр замын маршрут нь тээвэр, логистикийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү боломжоо ашиглан манай хоёр улс идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Мөн газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар ярилцаж, энэ чиглэлээр манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Манай улс ”Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусь Улсаас хөдөө аж ахуйн зориулалттай трактор, комбайн, машин механизм нийлүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд цаашид Монгол Улсад трактор угсрах үйлдвэр байгуулах асуудлаар ярилцлаа. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын ноос, ноолуурыг Беларусийн маалингатай хослуулж, шинэ төрлийн утас болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэхээр боллоо. Монгол, Беларусийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа харилцан нотоллоо. Энэ хүрээнд монголчуудын түүх, соёлын хосгүй үнэт өв болох “Монголын нууц товчоо”-г беларусь хэлнээ орчуулж, олон нийтийн хүртээл болгосныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Айлчлалын үеэр “Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо зохион байгуулж, мөнх хөх тэнгэр, тал нутгийн аялгуугаар Беларусийн анд нөхдийнхөө сонорыг мялаан, сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад баяртай байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Беларусийн Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хоёр улсын нийслэлд соёлын өдрүүд зохион байгуулж, үндэсний өв соёлоо харилцан сурталчлах, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх, түүх, соёлын өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, хамтарсан судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллах саналтай байна. Мөн хоёр улс НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, бие биеэ дэмжиж ирсэн бөгөөд цаашид уламжлалт байр сууриа хадгалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотолж байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Та бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл төгс байна. Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна. Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Беларусийн ард түмэнд чин сэтгэлийн талархал дахин илэрхийлье. Анхаарал хандуулсанд баярлалаа. БЕЛАРУСЬ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ А.Г.ЛУКАШЕНКО: Эрхэм хүндэт төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө, Өнөөдөр, өчигдөр хоёр өдрийн турш бид миний эрхэм найз, хамтран зүтгэгч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй маш өргөн агуулгатай яриа хэлэлцээ хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хариу айлчлал нь 2024 оны зургаадугаар сард бидний тогтоосон өндөр түвшний харилцаа холбооны сайн уламжлалыг үргэлжлүүлж байна. Үүний дараа бид Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын арга хэмжээний үеэр дахин уулзсан. Гэхдээ энэ айлчлал манай хоёр орны харилцааг чанарын хувьд шинэ түвшинд гаргах нь дамжиггүй. Газарзүйн хувьд алслагдмал хэдий ч Беларусь, Монгол Улс нийтлэг ашиг сонирхол, энх тайван, тэнцвэртэй, прагматик гадаад бодлого, ард түмний хоорондын урт удаан хугацааны найрамдал, хамтын ажиллагааны уламжлалаар холбогддог. Хэлэлцээний үр дүнгээс харахад Минск, Улаанбаатарын хоорондох улс төрийн өндөр түвшний ойлголцлыг эдийн засгийн томоохон төслүүд болгон хувиргах хоёр талын тууштай үүрэг амлалт харагдаж байна. Өнөөдөр гарын үсэг зурсан хэлэлцээрүүд, юуны түрүүнд Беларусь, Монгол Улсын 2027-2029 оны хамтын ажиллагааны замын зураглал нь энэ үйл явцад түлхэц өгөх болно. Мөн би хамтран зүтгэгчтэйгээ 2024 онд Улаанбаатар хотод байгуулсан хэлэлцээрүүдийн хэрэгжилтийн явцыг нарийвчлан хэлэлцсэн. Тодорхой чиглэлээр, ялангуяа хүнсний хангамжийн чиглэлээр бид мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан. Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа өсөж буй боловч түүний боломж бололцоо бүрэн хэрэгжээгүй байна. Энэ зорилгоор бидний ашиглаж буй нэмэлт хүчирхэг хэрэгсэл бол энэ оны 07 дугаар сард хүчин төгөлдөр болсон “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр” юм. Бид энэхүү баримт бичгийг бэлтгэхэд Монголын найзууддаа бүх талын дэмжлэгийг үзүүлсэн. Беларусь улс Евразийн эдийн засгийн холбоог даргалж байх үед Минск хотод гарын үсэг зурсан нь бэлгэшээлтэй болсон гэж бид үзэж байна. Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын бизнес эрхлэгчдэд тулгарч буй саад бэрхшээлийг эрс багасгасан. Одоо тулгамдаж буй асуудал бол бизнес эрхлэгчдэд үүнийг үр дүнтэй, үр ашигтай ашиглахад нь туслах явдал юм. Өнөөдөр бид Беларусь-Монголын хамтын ажиллагааны цаашдын гол өсөлтийн чиглэлүүдийг тоймлов. Юуны өмнө, энэ бол аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа юм. Беларусь Улс Монголын найдвартай карьер болон зорчигч тээврийн хэрэгслийн хэрэгцээг хангах, мөн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа баталгаажуулсан. Шинэ бөгөөд сонирхолтой чиглэл бол хөнгөн үйлдвэрлэл бөгөөд бид маалинган даавуу, ноолуураар даавуу хамтран үйлдвэрлэх гэж байна. Энэ нь Беларусийн байгалийн сэрүүн байдал болон Монголын тал нутгийн дулааныг хослуулсан өвөрмөц, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн байх болно. Зүгээр нэг зотон даавуу биш, харин хоёр соёл, эдийн засгийн амьд сүлжилдсэн бэлгэдэл юм. Хоёр дахь чиглэл бол хөдөө аж ахуйн цогцолбор юм. Беларусь улс Монголын хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулахад бэлэн байна. Бидний боломж болон Монголын цар хүрээ нь биднийг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд түлхэц өгч байна. Бид хүнсний боловсруулах цогцолборуудын барилгын ажлыг хурдасгаж, Беларусийн хөдөө аж ахуйн технологийн дамжуулалтыг эрчимжүүлнэ. Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд болон хүрсэн тохиролцоонууд хоёр улсад бодит эдийн засгийн ашиг тус авчирч, ард түмний маань сайн сайхан байдлыг улам сайжруулахад үйлчилнэ гэдэгт би итгэлтэй байна. Үнэн бодитой, үр дүнтэй яриа хэлэлцээний төлөө эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд дахин талархал илэрхийлье. Анхаарал тавьсанд баярлалаа.
