16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, З.Хүрэлсүх, Б.Баатарсайхан нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхээр болжээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11 дэх хэсэгт “Төрийн нууцад хамаарах хэрэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд ХААЛТТАЙ явуулахаар тусгайлан зааснаас бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаан нээлттэй байна” гэж заасан байдаг. Насанд хүрээгүй хохирогч, хэргийн оролцогчдын хууль ёсны эрхийг хангах үүднээс Ц.Давгадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хаалттай хянан хэлэлцсэн бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаан мөн хаалттай явагдах юм. Тухайн хэргийн шийдвэрийг шууд дамжуулан мэдээлэх бөгөөд шийдвэр гарсны дараа олон нийтийг мэдээллээр хангах үүднээс Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудсаар шүүхийн шийдвэрийн тоймыг нийтлэх болно. Эргэн сануулахад, анхан шатны шүүхээс Ц. Давгадоржийг 32 настай Т.З, 16 настай Ч.Ш нарыг амийг хөнөөсөн улмаар амь хохирогч Ч.Ш.-г алсны дараа цогцсыг нуух, зөөвөрлүүлэх үйлдэл хийлгэхийн тулд Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг сүрдүүлж, заналхийлсэн гэж үзэн Ц.Дагвадоржид хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноож, Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгасан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээгээд байсан юм. Эх сурвалж: Улсын дээд шүүх
