Бусдын дайвар, ачаа тээш болон битүүмжилсэн эд зүйлсийг авахдаа сайтар шалгаж, шаардлагатай бол татгалзахыг ЗӨВЛӨВ
Турк улсаас манай улсын хилээр мансууруулах төрлийн бодис хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. Энэ оны хоёрдугаар сарын 10-ны шөнө Турк улсаас манай улсын хилээр нэвтэрсэн ачаа тээвэрт үзлэг шалгалт хийх явцад Монгол Улсын гурван иргэн бүлэглэн ашиг олох зорилгоор сэтгэцэд нөлөөт 628.5 грамм бодисыг нуун далдлах замаар нэвтрүүлсэн гэмт үйлдлийг илрүүлжээ. Холбогдох этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Иймд иргэд та бүхэн амар хялбар аргаар ашиг олох гэсэн шунахайн сэдэлд автахгүй байх, олон улсын нислэг болон карго тээврээр бусдын дайвар, ачаа тээш битүүмжилсэн эд зүйлс, хүнсний бүтээгдэхүүн зэргийг авахдаа сонор сэрэмжтэй байж сайтар шалгах, шаардлагатай бол татгалзахыг зөвлөлөө.
