Nvidia компанийн гүйцэтгэх захирал Казахстан улсыг физик хиймэл оюун ухааны дэлхийн төв болгох санал тавьжээ
Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан өнгөрсөн долоо хоногт Казахстан улсад анх удаа зочлохдоо тус улсыг "физик хиймэл оюун ухаан" (Physical AI)-ы дэлхийн төв болгох санал тавьжээ. Казахстаны ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлснээр Хуан энэхүү саналыг аравдугаар сарын 23-ны өдөр Астана хотод ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзах үеэрээ танилцуулсан байна. Хуан энэ үеэр Казахстаныг хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, өргөнөөр нэвтрүүлэхэд чиглэсэн улс болгон хувиргах Токаевын стратегийн зорилтыг өндрөөр үнэлжээ. Nvidia компанийн тэргүүн энэ салбарт амжилтад хүрэхийн тулд шинжлэх ухаан, математик, технологийн чиглэлээр гүнзгий мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүд шаардлагатайг онцолсон байна. Тэрбээр мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Казахстаны компаниудтай хамтран ажилласны үр дүнд гарсан ахиц дэвшлийг дурджээ. "Бид Firebird AI KZ Ltd, Kazakhtelecom зэрэг Казахстаны компаниудтай түншлэлээ хөгжүүлж байгаа бөгөөд дэлхийн технологийн экосистемийн чухал оролцогч болсон Казахстаны анхны технологийн 'unicorn' (тэрбум доллароос дээш үнэлгээтэй стартап) болох Higgsfield компанийг дэмжин ажиллаж байна. Бидний хамтдаа хийж бүтээсэн зүйлс надад гүн сэтгэгдэл, бахархал төрүүлдэг" гэж Хуан энэ үеэр хэлсэн байна. Хариуд нь Токаев улс орныхоо хиймэл оюун ухааны экосистемийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн төлөө Nvidia компанийн тэргүүнд талархал илэрхийлжээ. Казахстаны ерөнхийлөгч АНУ-ын тус компанийн удирдлагын айлчлалыг хоёр талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа бас илэрхийлсэн байна. Эх сурвалж: Azer News
