Depository of News

П.Мягмардорж: Беларусьтай мал эмнэлэг, вакцинжуулалт дээр хамтарч Монголын бүтээгдэхүүнийг 200 сая хүнтэй зах зээлд нийлүүлэх боломжийг судлах хэрэгтэй

newsdepo.com · sport

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын ач холбогдол, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг аль салбаруудад өргөжүүлэх боломжтой байгаа талаар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль(ХИС)-ийн ахлах багш, доктор П.Мягмардоржоос тодрууллаа. "Монгол Улс гадаад бодлогын сонголтоо аль болох олон байлгах шаардлагатай" Доктор П.Мягмардорж "Монгол Улс томоохон хоёр их гүрний дунд байршиж байгаа, стратегийн хувьд гадаад бодлогын сонголтыг аль болох олон байлгахыг зорьж байгаа улс. Гадаад бодлогын сонголтыг олон байлгана гэдэг нь зөвхөн улс төр, дипломатын түвшний баримт бичиг олон байгуулж, түншлэлийн зэргийг дээш ахиулах гэхээс гадна бодит агуулгаар бизнес худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг үр дүнгээс нь харах шаардлагатай болох байх. 2026 оны зургаадугаар сарын 1-нд Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын наймдугаар хурал хуралдсан. Энэ үеэр манай талаас хүнс, хөдөө аж ахуйн хамтарсан төсөл, машин механизмын угсралт засварын ажлыг ярьсан бол Беларусь улс зах зээлээ тэлж экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхээр зорьж байна. Беларусь нэхмэл сүлжмэл үйлдвэрлэл төдийгүй хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний экспортод том байр суурь эзэлдэг. Экспортын 60 гаруй хувь нь ОХУ-д гардаг. Тиймээс экспортоо төрөлжүүлэх тал дээр анхаарч байгаа болов уу. Иймд манай талыг мөн экспортын гарц Ази руу гарах нэг өнцөг гэж харж байгаа байх. Бид Беларусийг юу гэж харж байгаа вэ гэвэл хамтарсан төсөл хөтөлбөрөөс гадна 2026 оны долоодугаар сарын 22-нд Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан гурван жилийн хугацаатай хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Евразийн эдийн засгийн холбооны таван улсад өөрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлоход тулгамдаж байгаа асуудал нь мал эмнэлгийн болон холбогдох шаардлагууд. Эдгээр шаардлагыг хангахад Беларуситай хамтрах боломжтой. Учир нь Беларусь нь мал эмнэлэг, вакцинжуулалт дээр харьцангуй туршлагатай. Иймд бид тус улстай хамтарч Монголын бараа бүтээгдэхүүнийг 200 сая хүнтэй энэ зах зээлд гаргах боломж юу байна вэ гэдгийг харж, манай улсын шийдвэр гаргагчид ажиллах хэрэгтэй гэж бодож байна" гэлээ. Харин Беларусь улс эдийн засгийн хориг арга хэмжээнд багтсан хэвээр байгаа нь хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлөх асуудлаар "Геополитикийн хувьд төвөгтэй цаг үе үргэлжилж байна. Гэхдээ тодорхой хугацааны дараа систем тогтвортой болно. Орос, Америк, Украины гурван талт уулзалт арваннэгдүгээр сард болох төлөвтэй байна. Орос, дагаад Беларусийн эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүд суларч эхлэх үед бид бэлтгэлээ хангасан байх хэрэгтэй. Олон улсын харилцаанд мөнхийн дайн, мөнхийн нөхөрлөл гэж байдаггүй. Гадаад харилцаанд сонголтоо олон болгохын тулд бэлтгэлээ хангаж байх ёстой. Бизнес эрхлэгчид Беларусийн зах зээлийн онцлогийг харж байх хэрэгтэй. Бид Беларусиас нэг их хол ард түмэн биш. Нэмээд нэг зүйл хэлэхэд, бид бол олон харилцаанд оролцож байгаа жижиг улс. Жижиг улсын гадаад бодлогын сонголт бага. Сонголтыг аль болох олон болгох хэрэгтэй. Хямрал мөнхөд үргэлжлэхгүй. Олон улсын харилцаа ямагт өөрчлөгддөг. Сонголтоо олшруулахдаа заавал өндөр хөгжилтэй, ардчилсан, зөвхөн хоёр хөрштэйгөө эсвэл гуравдагч хөрш гэх мэт бодлогын хязгаарлалтаа тайлах хэрэгтэй. Бид гадаад бодлогын хатуу сонголт хийхээс илүү стратегийн эрсдэлийг саармагжуулах буюу өөрсдөдөө ирэх дарамтыг бууруулах юм. Бүх өндгөө нэг сагсанд бүү хий гэсэн үг" гэв. Г.Тод: Беларусь улстай сүүний ашиг шим өндөртэй үхрийн үржүүлэг, генийн санг бүрдүүлэх чиглэлд хамтрах хүлээлт бий Олон улсын харилцаа судлаач Г.Тод "2020 оноос Беларусь гадаад бодлогодоо том шилжилт хийсэн үе. Азийн зах зээл рүү хандаж, Азийн орнуудтай хамтарч ажиллаж эхэлсэн. Улмаар 2024 оноос Монгол Улстай харилцаагаа бэхжүүлж эхэлсэн. 2024 онд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко манай улсад төрийн айлчлал хийх үеэрээ хоёр улсын хооронд байгуулсан санамж бичиг, гэрээг харвал гол төлөв хөдөө аж ахуй, мэргэжилтэн сургах хамтын ажиллагааны чиг хандлагатай байсан. Харин энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хариу айлчлалын хүрээнд хөдөө аж ахуй, шинжлэх ухаан технологи, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг илүү боловсронгуй болгох хандлага руу хэлбийж байгаа нь харагдаж байна. Беларусь улсын хувьд Монгол бол Зүүн Хойд Ази руу гарах зах зээлийн орон зай боломж гэж харж байгаа бол Монгол Улсын хувьд Беларусь бол Европын орнуудтай харилцах харилцааны нэг том хаалга болж байна. Үндсэндээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нь нэгдсэн ашиг сонирхол дээр явах нь дамжиггүй. Беларусь улсын хувьд хамгийн чухал брэнд болсон зүйл нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, бордоо зэрэг болж байна. Манай улсын хувьд Беларусьтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд энэ удаагийн айлчлалаар сүүний ашиг шим өндөртэй үхрийн үржүүлэг, ферм байгуулах, сүүний чиглэлийн үхрийн генийн санг бүрдүүлэх чиглэлээр ажиллах хүлээлттэй байна" гэлээ.

Read full article →