Depository of News

Жил орчим хугацаанд гадаадад байсан Венесуэлийн сөрөг хүчний удирдагч эх орондоо буцан иржээ

newsdepo.com · world

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо бараг нэг жил гаруй хугацааны дараа эх орондоо эргэн ирлээ. Тэрбээр өмнө нь эх орондоо буцаж ирэхийг хэд хэдэн удаа оролдсон ч бүтээгүй юм. Энэ нь түүний АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай харилцах харилцаанд сэв суулгаж байв. "Би энд байна. Та бүхэнтэйгээ хамт" хэмээн Нобелийн энх тайвны шагналын эзэн Мачадо өчигдөр буюу Ням гарагт сошиал хуудсандаа бичжээ. Хэвлэлийн багийнх нь мэдээлснээр тэр өчигдөр Венесуэлийн баруун бүсийн Лара мужид байрлах нэгэн сүмд очсон байна. Гэрчүүдийн мэдээлснээр түүнийг жип автомашинаар ирэхэд цугларсан хүмүүс төрийн дууллаа дуулж, "Эрх чөлөө!" хэмээн хашхиран угтаж авчээ. Мачадо тэндээсээ нийслэл Каракас хотод газраар (авто машинаар) хүрэх юм байна. Нэгдүгээр сард ерөнхийлөгч Николас Мадурог баривчлагдахаас ч өмнө тэр АНУ-ын засаг захиргаатай холбоотны харилцааг хөгжүүлэхийг зорьж байсан юм. Ройтерс агентлагийн зургаадугаар сард мэдээлснээр АНУ-ын албаны хүмүүс түүнээс эх орондоо буцаж ирэхээ хойшлуулахыг дор хаяж нэг удаа хүсэж байсан бөгөөд үүнээс өмнө хэд хэдэн удаа эх орондоо нэвтрэхийг оролдоод бүтэлгүйтэж байжээ. Трамп харин Мачадог дэмжихийн оронд эрх мэдлээ алдсан ерөнхийлөгч Николас Мадурогийн орлогч асан, түр ерөнхийлөгч Дэлси Родригесийг дэмжиж байгаагаа удаа дараа илэрхийлж, АНУ-ын компаниудын Венесуэл улсад хэрэгжүүлж буй газрын тосны олборлолт болон бусад бизнесийн хөрөнгө оруулалтуудыг сайшааж байв. Трамп есдүгээр сард үг хэлэхдээ Венесуэлд ардчилсан сонгууль явуулах талаар ярихад “арай эрт байна” гэж мэдэгдэж байсан юм. Ням гарагт Цагаан ордонд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа Мачадо эргэн ирснийг огт мэдээгүйгээ хэлж, АНУ цаашдаа ч Родригесийг дэмжсээр байхыг илэрхийлжээ. "Тэр бол маш сайн эмэгтэй. Гэхдээ бид Венесуэлд үнэхээр сайн ажиллаж байгаа" хэмээн Мачадогийн талаар Трамп хэлсэн байна. Энэ асуудалд ойр эх сурвалжуудын мэдээлснээр Мачадо хувийн нисэх онгоцоор Панамаас Колумби улсад ирж, тэндээсээ газраар Венесуэлийн хилийг давжээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэлдээ “Хатагтай Мачадог Венесуэлд аюулгүй буцаж ирэх боломжийг бүрдүүлсэн нөхцөл байдал нь АНУ-ын дэмжлэгтэйгээр явагдаж буй эвлэрлийн хэлэлцээний шууд үр дүн юм. Энэхүү хэлэлцээний хүрээнд хэдийнээ олон зуун улс төрийн хоригдлыг суллаж, сөрөг хүчний олон зуун зүтгэлтэн цөллөгөөс эх орондоо буцаж ирээд байна” гэсэн юм. “Бид улс төрийн бүх оролцогч талууд энэ эвлэрлийг дэмжинэ гэдэгт найдаж байна. Учир нь энэ бол Венесуэл улс сүүлийн 30 жилийн хугацаанд чөлөөт, шударга сонгууль төдийгүй тогтвортой ардчиллыг тайван замаар цогцлоох хамгийн том боломж юм” гэж Рубио цааш нь мэдэгджээ. Венесуэлийн түр засгийн газар одоо ирээдүйд болох сонгуулиудын өмнө Дээд шүүх, Сонгуулийн зөвлөл зэрэг байгууллагуудыг шинэчлэн бүрдүүлэхийг зорьж байна. Гэвч энэ үйл явцад Мачадогийн улс төрийн хөдөлгөөн оролцоогүй байгаа. Засгийн газрын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан Венесуэлийн харилцаа холбооны яам Мачадо буцаж ирсэнтэй холбоотой асуултад одоогоор хариу өгөөгүй байна. Мачадогийн гадаад харилцааны асуудал хариуцсан ахлах зөвлөх Давид Смоланскийн мэдээлснээр тэр зургаадугаар сард Венесуэлд болсон хүчтэй газар хөдлөлтөд өртөгсөд, улс төрийн хоригдлуудын ар гэрийнхэн, олон улсын хамтын нийгэмлэг болон Венесуэлийн ардчилсан хөдөлгөөний удирдагчидтай уулзахаар төлөвлөжээ. Смоланксий “Тэр чөлөөт, шударга сонгууль явуулах товыг тогтоохын төлөө идэвхтэй ажиллах болно” гэж хэлсэн байна. Өнгөрсөн сард Родригес болон АНУ-ын эрчим хүчний сайд Крис Райт нарын оролцоотойгоор болсон ёслолын үеэр олон улсын эрчим хүчний компаниуд тус улс дахь төслүүдээ өргөжүүлэх амлалт өгсөн юм. Хөрөнгө оруулагчдад шаардлагатай тогтвортой байдлыг зөвхөн “ардчилсан засгийн газар” л хангаж чадна гэж Мачадо мэдэгдээд байгаа. Мадурогийн засгийн газар Венесуэлээс гарахыг хориглосон байсан ч тэрбээр нэг жил гаруй хугацаанд нуугдаж амьдарсны эцэст Нобелийн энх тайвны шагнал хүртэхээр 2025 оны сүүлээр эх орноосоо нууцаар гарсан юм. Мачадогийн "Vente Venezuela" хөдөлгөөн гадаадад амьдарч буй Венесуэлийн иргэдийн сонгогчийн бүртгэлийн мэдээллийг цуглуулах зориулалттай аппликэйшнийг Бямба гарагт танилцуулжээ. ​​Сүүлийн 18 сарын хугацаанд 15 ажилтны бүрэлдэхүүнтэй баг хөгжүүлсэн уг аппликэйшнээр дамжуулан цуглуулсан мэдээллээ шинэчлэгдсэн сонгуулийн зөвлөлд шилжүүлж, хэрэглэгчдийг сонгогчдын албан ёсны бүртгэлд оруулах боломж бүрдэнэ гэж тус хөдөлгөөнийхөн найдаж байна. Мачадогийн хөдөлгөөнөөс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан, одоогоор Испанид амьдарч буй Эдмундо Гонсалес удахгүй Венесуэлд очиж, Мачадотой нэгдэхээ сошиал сүлжээгээр дамжуулан мэдэгджээ. Эх сурвалж: Reuters

Read full article →