Хитлерийн “Бүргэдийн үүр” амралтын газарт гал гарсны дараа герман эр баривчлагджээ
Бямба гарагт Германы гал сөнөөгчид Адольф Хитлерийн "Бүргэдийн үүр" хэмээх уулын амралтын газарт гарсан түймрийг унтраахаар ажилласан бол цагдаа нар сэтгэцийн асуудалтай байж болзошгүй нэгэн сэжигтнийг саатуулжээ. Баварийн Альпийн нуруунд, далайн түвшнээс дээш 1,834 метрийн өндөрт байрлах Нацистын өндөр албан тушаалтнуудын зочин хүлээн авдаг байсан уг барилгад Баасан гарагийн орой гал гарсан тухай дуудлага ирсэн байна. Альпийн уулын оргилд цас орж байх үед "Бүргэдийн үүр" бүхэлдээ галд автсан хэвээр байсан бөгөөд гал унтраах албаны дарга Михаэль Брандл хэвлэлийн хурлын үеэр түймрийн үлдэгдэл голомтуудыг үдээс хойш унтрааж дуусгасныг мэдэгджээ. Барилга нурж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас дотор нь хүн нэвтрүүлээгүйг Брандл нэмж хэлсэн байна. Бавари мужийн эрх баригчдын мэдээлснээр Германы өмнөд хэсэгт, Оберзальцбергийн оргилд байрлах "Кельштайнхаус" буюу "Бүргэдийн үүр"-т гарсан түймрийг унтраахад 200 орчим гал сөнөөгч дайчлагджээ. Энэхүү байгууламж нь жилд 350,000 орчим жуулчдыг татдаг юм. Эрх баригчдын мэдээлснээр Баасан гарагийн оройн 21:50 цагт галын дохиолол дуугарсан байна. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Тухайн үед хүчтэй бороо орсны дараа цасан шуурга дэгдэж, улмаар ууланд ширүүн салхи салхилсан нь гал унтраах ажлыг хүндрүүлжээ. Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Лиза Майерын хэлснээр гал сөнөөгчид барилгад ойртохын тулд амьсгалын аппарат ашиглах шаардлагатай болсон гэнэ. Бавари мужийн дотоод хэргийн сайд Йоахим Херрманн уг гал түймрийг "санаатай үйлдсэн гэмт хэрэг" байж болзошгүй гэж мэдэгдсэн бол цагдаа нар хэргийн газраас нэгэн сэжигтнийг саатуулснаа дуулгажээ. Баварийн цагдаагийн албаны ажилтан Роберт Холзингер хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ "Бүргэдийн үүр" рүү явж байсан гал сөнөөгчид болон цагдаа нар "улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикл унасан этгээд"-ийг олж хараад зогсоосон гэнэ. Орон нутгийн "PNP" сонинд мэдээлснээр прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Райнер Витце сэжигтнийг тус бүс нутагтай холбоотой боловч тэнд оршин суудаггүй, 33 настай Германы иргэн болохыг мэдэгдсэн байна. Мөрдөн байцаагчид улс төрийн сэдэл байгаа эсэхийг шалгаж байгаа ч сэжигтнийг "сэтгэцийн эмгэгтэй байж болзошгүй" гэж үзэж байна. 1937-1938 оны хооронд баригдсан "Бүргэдийн үүр" нь Хитлерийн "Гуравдугаар Рейх"-ын үлдээсэн өвийн нэг хэсэг юм. Үүнийг Хитлерийн засаглалын дурсгал болгон бүтээсэн хэдий ч дарангуйлагч өөрөө маш чанд хамгаалалтын дор энэхүү цогцолборт ховорхон очдог байжээ. Хитлер үүний ойролцоо "Бергхоф" хэмээх өөр нэг зуслангийн байшинтай байв. Чулуу, боржин чулуугаар баригдсан "Бүргэдийн үүр"-ээс Альпийн нурууны гайхалтай үзэмж харагддаг бөгөөд үүнийг гадаадын дипломатуудад сэтгэгдэл төрүүлэх зорилгоор төлөвлөж барьсан гэдэг. Хитлер үүнийг өөрийн суртал ухуулгын кинонуудад зураг авалтын талбар болгон ашигладаг байжээ. Энэхүү байгууламж дэлхийн хоёрдугаар дайны үед ямар ч гэмтэл авалгүй үлдсэн бөгөөд хожим нь дайны дараах Холливүүдийн кинонуудад дүрслэгдсэнээрээ олны танил болсон юм. 1952 оноос хойш энд тус байрны Нацист түүхийг өгүүлэх үзэсгэлэн дэлгэгдэж, мөн ресторан үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Бавари мужийн дотоод хэргийн сайд мэдэгдэхдээ уг байгууламжийг "ямар ч тохиолдолд балгас болгон орхихгүй" гэсэн байна. Тэрбээр "Энэхүү байгууламж, түүний эргэн тойрны талбай нь тодорхой нэг түүхтэй холбоотой. Тиймээс бид түүхийг дурсан санах ажлаа үргэлжлүүлэх нь чухал юм" гэж хэлжээ. Эх сурвалж: AFP
