Depository of News

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ

newsdepo.com · sport

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ. Анхан шатны шүүх 2025 оны есдүгээр сард тус хэрэгт холбогдсон Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Найдалаа, Ч.Отгочулуу нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргаж байв. Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болсон юм. Тэгвэл тус хэрэгт холбогдогчид Давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгчийн өнөөдрийн хуралдаанаар зарим шүүгдэгчийн хувьд хэргийн үйл баримт болон гэм буруугийн асуудлаар анхан шатны шүүхээс дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон буюу эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй хэрэгт эрх зүйн дүгнэлт өгөх замаар хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг хянах боломжгүй гэж үзжээ. Ийнхүү Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэж байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр: 1.1. Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүдийн хамтран үйлдсэн гэх хэргийн тухайд; Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр ажиллаж байсан Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Н.Баярчимэг, О.Хуягцогт, Д.Даваасамбуу, Б.Махбал нар нь холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “НВЦ”, “Монгол драй милк”, “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Мондулаан”, “Бэрэн групп” зэрэг компаниудад тус тус хууль бус давуу байдал бий болгоход “1-ээс 7” хүртэлх удаагийн үргэлжилсэн үйлдлээр хамтран оролцож, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон. Учир нь: Анхан шатны шүүхээс “хэргийн болсон үйл явдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, хамтран оролцоо”-нд хамаарах яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг нотолгооны стандарт шаардлагын хүрээнд нарийвчлан, бүрэн, бодитой шалгаж үнэлээгүй буюу эсрэг тэсрэг эх сурвалж бүхий нотлох баримтуудын аль нэг хэсгийг баталсан эсхүл үгүйсгэн няцаасан талаарх хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 362 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаар тогтоолд дээрх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн шинж буюу хууль зөрчсөн үйлдэл тус бүрийг нотлох баримтын эх сурвалжид тулгуурлан нарийвчлан тогтоох, улмаар хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийвэл зохих зарим асуудлуудыг тодорхойлсон байтал анхан шатны шүүх өмнөх алдаагаа дахин давтаж, дээд шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг биелэгдээгүй байна. Мөн анхан шатны шүүх “хэргийн бодит байдлыг тогтооход баримтлах хууль, зарчим, нотолгооны стандарт шаардлагад үл нийцэх”, хийсвэрлэсэн шинжтэй зарим дүгнэлт хийснийг зөвтгөх боломжгүй. Тухайлбал, “Шүүх нь Улсын Их хурлаас батлагдсан Хөгжлийн банкны тухай хуулийн хэм хэмжээнээс давсан, эрх зүйн хүчин чадлын хувьд зөвхөн дотоод үйл ажиллагаанд ашиглагдах нийтээр дагаж мөрдөх шинжгүй журмын зохицуулалтыг баримтлан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах боломжгүй ба уг зөрчил нь бусад хуулиар хамгаалагдсан хариуцлага хүлээх харилцаа байна”, мөн Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хамтын зарчмаар шийдвэр гаргасан байхад зөвхөн тус зөвлөлийн дарга нар гэм буруутай гэх мэтээр зөвтгөх боломжгүй таамаглалын шинжтэй нөхцөл байдлыг үүсгэжээ. 1.2. “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох шүүгдэгч Г.Галсаннямд холбогдох гэмт хэргийн шинжийг хэрэгт авагдсан яллах, цагаатгах нотлох баримтуудыг нотолгооны стандарт шаардлагын дагуу шалгаж, үнэлэн дүгнээгүй, үгүйсгэн няцаах эсхүл баталсан дүгнэлтийг эргэлзээгүй, хангалттай байдлаар хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцох ба энэ талаарх шүүгдэгч Г.Батдорж, тэдний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлийг шууд үгүйсгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 1.3. Шүүгдэгч Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарт холбогдох Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, улмаар “Энержи ресурс” ХХК, “Говийн зам” ХХК-иудад хууль бус давуу байдал бий болгосон гэх хэрэг, мөн Н.Алтанхуягт холбогдох Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Бэрэн групп” ХХК-нд хууль бус давуу байдал бий болгосон хэргүүдийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ хамаарах яллах ба цагаатгах нотлох баримтуудад бодитой тулгуурлан нотолгооны стандарт шаардлагын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан, мөн дээд шатны шүүхээс хүчингүй болгосон буюу өмнөх анхан болон давж заалдах шатны дүгнэлтийг дахин хуулбарлан бичсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд тус шүүхээс зөвтгөх боломжгүй. Прокурорын яллах дүгнэлт болон Улсын Дээд шүүхийн тогтоолын дүгнэлт, прокуроруудын эсэргүүцэл, холбогдох шүүгдэгч нар, өмгөөлөгч нарын тайлбар зэргээс үзэхэд, дээрх шүүгдэгч нарын үйлдсэн гэх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд гэмт хэргийн шинж, нотолбол зохих асуудал нэг бүрийг яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудын хүрээнд нотолгооны стандарт шалгуурын дагуу нарийвчлан, бүрэн, бодитой шалгаж, үнэлж дүгнэх буюу эсрэг тэсрэг эх сурвалж бүхий нотлох баримтуудын аль нэг хэсгийг, эсхүл бүхэлд нь баталсан, эсхүл үгүйсгэн няцаасан талаарх хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. Тухайлбал: 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон “Говийн зам” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлд авто зам барих, ашиглах, шилжүүлэх тухай” 74 дугаар концессын гэрээгээр хүлээсэн талуудын эрх, үүрэг, үндсэн ба бусад нөхцөл, хэрэгжих хугацаа 10 жил, түүнийг цуцлах, маргаан үүссэн тохиолдолд шийдвэрлэх журам зэрэг нь тодорхой зохицуулагдсан, мөн Энержи Ресурс ХХК болон Эрдэнэс монгол ХХК-ийн компаний хооронд 2011 онд хийгдсэн Гашуун сухайт боомт дахь шалган нэвтрүүлэх дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай консерцумын гэрээгээр талуудын эрх, үүрэг, үндсэн ба бусад нөхцөл, хугацаа зэрэг нь тодорхой зохицуулагдсан байтал дээрх гэрээний талуудын хүсэл зориг, гэрээгээр зохицуулагдсан асуудлуудыг үл харгалзан дур мэдэж буюу яаралтай гэх горимоор төрийн өмчид авах тухай Засгийн газрын шийдвэрийн үндэслэл болгосон үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, хамаарах бусад хууль тогтоомжид заасан төрийн үйл ажиллагааны үндсэн ба тусгай зарчмууд, гэрээний талуудын эрх тэгш, чөлөөт байдал зэрэгт хэрхэн нийцсэн эсэх, Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлт авто зам барих тухай гэрээг захиалагч талаас Зам тээврийн яам байгуулсан байхад тус яамны санал, гэрээний нөхцөлийг үл харгалзан Эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулсан нь үндэслэлтэй эсэх, Энержи Ресурс ХХК-иас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт ирүүлсэн гэх “мэдээлэл хүргүүлэх тухай албан тоот” нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, эсхүл 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүргэгдсэн эсэх, тус мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг нь гэрээний дагуу барьсан зам, дэд бүтцүүдийг төрд худалдах утга агуулгатай байсан эсэх буюу албан бичиг дэх бичвэр нь Засгийн газар яаралтай горимоор хэлэлцэх асуудалд хэрхэн хамааралтай эсэх, Энержи Ресурс ХХК-иас ирүүлсэн “мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичигт үндэслэн Засгийн газар яаралтай горимоор хуралдсан нь холбогдох хууль тогтоомжид хэрхэн нийцсэн эсэх, Засгийн газрын хуралдааны журмын 7.8-д заасан үндэслэл, журам хэрхэн зөрчигдсөн эсэх, Засгийн газрын хуралдаанаар “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг яаралтай гэх горимоор хэрхэн хэлэлцсэн эсэх, ямар судалгаа, үндэслэлд тулгуурлан хэлэлцсэн эсэх, гишүүдийн олонхын санал авч дэмжигдсэн эсэх, асуудлыг хариуцсан гэх сайд тухайн тогтоолын төслийг бичмэл хэлбэрээр бус зөвхөн аман байдлаар танилцуулсан нь үндэслэлтэй эсэх, Хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан гэрээний дагуу хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг төрийн өмчид авах асуудлыг хэн санаачилсан, хэн яаралтай горимын журмаар хэлэлцүүлэхээр оруулсан эсэх, тэдгээрийн үйлдэл, үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй эсэх, Засгийн газрын яаралтай горимоор хуралдсан хуралдааны тэмдэглэлийг хасаж цуглуулж бэхжүүлсэн, бүрэн судалсан эсэх, Хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг төрийн өмчид авахад УИХ-ын холбогдох байнгын хороодын санал, Сангийн яамны саналыг авсан байх гэх шаардлага хэрхэн хангагдсан эсэх, Хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг төрд худалдан авах тохиолдолд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх үндэслэлтэй байсан эсэх, улмаар Хөгжлийн банкнаас хувийн хэвшлийн барьсан зам, дэд бүтцийг санхүүжүүлэхдээ “бодит өртгөөс илүү үнээр үнэлүүлж” худалдан авсан эсэх зэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нарийвчлан дүгнээгүй, холбогдох баримтуудыг үгүйсгэж няцаагаагүй байна.

Read full article →