Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар энэ сарын 22-24-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Тус улсын Ерөнхийлөгч Александер Стубб манай улсын тэргүүнийг өнөөдөр /2026.10.23/ албан ёсоор угтан авав. Хоёр улс 1963 оны долоодугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Финланд Улс манай улстай дипломат харилцаа тогтоосон Нордикийн анхны улс юм. Энэ удаагийн айлчлал нь төрийн тэргүүний түвшний хоёр дахь айлчлал бөгөөд 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад анх удаа төрийн айлчлал хийж байжээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, соёл, боловсрол, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана. Бүгд Найрамдах Финланд Улсын тухай товч танилцуулахад, одоогийн Финланд нь Шведийн Хаант Улсын нэг хэсэг байсан бөгөөд Финландын дайны дараа буюу 1809 оноос Оросын Хаант Улсын автономит улс болсон. 1917 онд Оросоо тусгаар тогтносны дараа ЗХУ-ын эсрэг 1939-1940 оны Өвлийн дайн, 1941-1944 оны дайн, мөн нацизмын эсрэг Лапландын дайнд оролцож, тусгаар тогтнолоо авч үлдэж байжээ. Тус улс нь 1955 онд НҮБ-д 1995 онд Европын холбоонд, 2023 онд НАТО-д тус тус элссэн. Финланд улс нь 5.6 сая хүн амтай бөгөөд 86 хувь нь Фин, 5 хувь нь Швед, 1.8 хувь нь Орос, 0.9 хувь нь Эстони, 0.8 хувь нь Украин, 0.1 хувь нь Сами үндэстнээс бүрддэг. Нийслэл Хельсинки хот "Балтын тэнгисийн сувд" хэмээн алдаршсан. Уг хот Балтын эрэг болон 315 арал дээр оршдог. Өдгөө Хельсинки хотод 696,000 хун оршин суудаг бөгөөд нийслэл орчмын метрополитан бус нутагт 1.5 сая орчим оршин суугч амьдардаг. Финланд нь парламентын бүгд найрамдах засаглалтай бөгөөд 2023 оны ээлжит сонгуулиар бүрдсэн есөн намын төлөөлөл засгийн эрхийг хэрэгжүүлдэг байна. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн тухайд Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэрлэсэн дүнгээр 317 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 56,230 евро байна. Эдийн засгийн гол салбар нь үйлчилгээ /63.2%/, үйлдвэрлэлээс /24%/ бүрддэг. Ойн аж ахуй нь тус улсын уламжлалт салбар бөгөөд энгийн модон бүтээгдэхүүнээс эхлээд өндөр технологийн шошго, цаас, картон, сав баглаа боодол үйлдвэрлэж экспортолдог. Мөн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн бөгөөд судалгаа, шинжилгээний ажилд ДНБ-ий 2.76 хувийг зарцуулдаг дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Түүнчлэн тус улсын дэлхийд тэргүүлэх нэг салбар нь боловсрол. Энэ удаагийн айлчлалын хүрээнд тус улстай боловсролын салбарт хамтран ажиллах олон төрлийн санамж бичиг байгуулах гэж буй нь хамтын ажиллагааны эхлэл болж байгаа юм. Тухайлбал, Финландын Туркугийн их сургууль, Боловсролын яам болон "Зүрх сэтгэлийн боловсрол" ТББ-ын хооронд сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван талт санамж бичиг байгуулна. Финланд нь боловсролын салбар болон улсын түвшинд багшийн сургалт, сургалтын хөтөлбөр, сургуулийн менежментийг экспортын бүтээгдэхүүн болгон хөгжүүлжээ.
