Depository of News

Улаанбаатар хотын 1992-2025 оны газар олголтын асуудлыг шалгах Түр хороо байгууллаа

newsdepo.com · sport

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Тус тогтоолын төслийг батлах санал хураалтад 90 гишүүн оролцсоноос 48 нь дэмжив. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр тус тогтоолын төслийг өргөн барьсан. Хянан шалгах түр хороо нь Улаанбаатар хотын газар олголтын хүрээнд 1992 оноос өнөөг хүртэл гарсан шийдвэр, газар ашиглалтын байдал, гарсан алдаа, зөрчил, газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох, цаашид газар ашиглалт, өмчлөлийн ил тод, шударга тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн санал дүгнэлт гаргах аж. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхын бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Б.Заяабал, С.Зулпхар, М.Мандхай, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Б.Уянга, М.Энхцэцэг нар багтжээ. Харин цөөнхийг төлөөлж Ц.Баатархүү, П.Батчимэг, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа-Нара, П.Наранбаяр, Ө.Шижир, М.Сарнай нар ажиллахаар болжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын 1992-2025 оны газар олголтын асуудлыг зургаан багц асуудлын хүрээнд судлан хяналт шалгалт явуулж, нээлттэй сонсгол зохион байгуулах юм байна. Үүнд: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох захиргааны байгууллагын гаргасан газар олголттой холбоотой 1992-оос 2025 оны шийдвэрүүд; Газрын тухай хуулийн хэрэгжилт, газрыг өмчлөл, эзэмшил, ашиглалтын зориулалтаар олгосон байдал; Нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламж, гол усны хамгаалалтын бүс зэрэг хуульд хориглосон бүсэд газар олгосон эсэх; Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, эмнэлгийн эдэлбэр газарт газар олголт хийгдсэн байдал; Газар олголтын ил тод байдал, мэдээллийн сангийн бодит байдал; Одоогийн эрх зүйн орчин, хэрэгжилтийн зөрчил, цаашид өөрчлөлт оруулах шаардлага зэргийг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргана. санал хураалтын дүн

Read full article →