Depository of News

"Өнөөдрийн байдлаар дүүжин тээврийн тоормосны системийг туршиж байна"

newsdepo.com · world

Улаанбаатар хотын Яармагаас Хархорин чиглэлд иргэдэд үйлчлэх дүүжин тээврийн туршилтын ажил эхлээд буй. Туршилтын явцын талаар "Өнөөдрийн байдлаар төслийн хамгийн чухал буюу онцгой нөхцөлд ажиллах тоормосны системийг туршиж байгаа юм. Энэ нь системийн аюултай нөхцөлд найдвартай зогсож байгаа эсэх, хэвийн ажиллагааны үед кабиныг зөв зайд, жигд зогсоож буй эсэх зэрэг хурд сааралтын үзүүлэлтүүдийг техникийн шаардлагатай харьцуулан аюулгүй байдлыг баталгаажуулдаг. Үүний дараа цахилгаан, автомат удирдлага болон хамгаалалтын системийн туршилтыг хийнэ. Тухайлбал хаалга бүрэн хаагдаагүй үед кабин хөдөлгөөн эхлүүлэхээс хамгаалагдсан эсэх, цахилгаан тасрах, мэдрэгч гэмтэх, удирдлагын систем алдаа заах үед аюулгүй төлөвт хэрхэн шилжиж байгааг шалгах бөгөөд энэ нь зөвхөн төхөөрөмж тус бүрийг бус, бүх хамгаалалт хоорондоо уялдаатай ажиллаж байгаа эсэхийг нягталдаг. Цаг агаарын онцгой нөхцөлд хэрхэн ажиллаж буйг нягтлах шалгалтыг үе шаттай явуулах бөгөөд кабины савлагаа, тулгуур болон тросстой шүргэлцэх эрсдэлийг үнэлэхээс гадна мөстөлт, цас болон хур тунадасны нөлөөт эрсдэлийг тооцож ажиллах юм" гэж Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас(ННТУГ) мэдээллээ. Хамгийн чухал туршилт нь аваарын үед зорчигчдыг хэрхэн аврах талаарх системийн ажиллагааг хянах бөгөөд энэ хүрээнд ОБЕГ, НОБГ-тай хамтран аюулгүй ажиллагааны журам боловсруулан бэлтгэл ажлыг хангаж, үе шаттай сургалтуудыг зохион байгуулж байгааг тодотгов. Францын “Пома групп” нь дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахын өмнө аюулгүй байдал, даац, механик тоноглол, цахилгаан удирдлага, ослын үеийн болон аврах ажиллагааг олон үе шаттайгаар туршиж нягталдаг байна. Тээвэрлэлт эхлэх үед, хурд авах, мөн гэнэт удаашралт болон огцом зогсох, савлах үеийн тогтвортой байдлыг нарийвчлан баталгаажуулахаас гадна кабины хэв гажилт, бэхэлгээний сулрал, хэвийн бус чичиргээг хэмжих туршилтуудыг явуулах аж.

Read full article →