Монгол-Финландын харилцаа: Түүх ба өнөө үе
I. Mонгол, Финландын харилцааны торгон эх XX зууны эх үеийн Монгол, Финландын харилцааны түүхэнд нэрт дорно дахин судлаач монголч эрдэмтэн доктор дипломатч Густав Йон Рамстедт (Ramstedt, Gustaf John, 1873-1950) зүй ёсоор хүндтэй байрыг эзэлдэг билээ. Профессор Густав Рамстедт 1893 онд Хельсинкийн их сургуулийн Ази судлалын салбарыг сонгодог хэлзүйн ухаанаар бакалавр, 1895 онд санскрит хэл, түүний гүн ухаанаар мастерын зэрэг, Халх Монгол хэлний үйл үгийн тийн ялгалыг судалж, сайхь сэдвээр 1902 онд мөнхүү их сургуульд хэл шинжлэлийн ухаанаар докторын зэрэг тус тус амжилттай хамгаалжээ. Тэрбээр энэхүү нэн дорвилог бүтээлдээ монгол хэлний үйл үгийн бүтэц, өгүүлбэр зүйн талаар анх удаа тайлбар өгч, амьд монгол ярианы аялгууг галигласан байна. 1898-1912 онд Густав Йон Рамстедт тэрбээр дорно зүгт долоон удаа эрдэм шинжилгээний аяллаар явах цаг дор Монголын нутгаар 3 удаа (1898-1901, 1909, 1912) аялж, алтай судлалын талаар үнэлж баршгүй материал цуглуулжээ. Тэрбээр 1898-1901 онд Ижил мөрөн, Сибирь, Өвөр Байгаль, Монголын Алтайн хязгаар нутгаар эрдэм шинжилгээний аялал хийж, баялаг цуглуулга хуримтлуулж, Транс-Сибирийн төмөр замаар буцжээ. Доктор Густав Йон Рамстедт 1904-1905 онд Оросын газарзүйн нийгэмлэгийн санхүүжилтээр нэрт эрдэмтэн Андрей Д.Рудневын хамт Халимаг, Афганистан, Дундад Ази, Хятадын Туркестанд (өнөөгийн Шиньжан-Уйгур) аялаж, энэ удаагийн шинжилгээний ажлын үеэр XIII Далайн ламын Бүрэн эрх барих төлөөлөгч буриад Агваан Доржиевтай уулзан нөхөрлөж, Лхаст нэвтрэх зөвшөөрөл авсан гадаадын цөөхөн иргэдийн нэг болсон хэдий ч цаашдын судалгааны аялал Түвд орох боломжийг түүнд олгоогүй юм. 1909 онд тэрбээр Монголд хоёр дахь удаагаа аялахдаа Финландын нэрт археологич, угсаатны зүйч Сакари Палсийг (Sakari Palsi, 1882-1965) дагуулан явжээ. Сакари Палси сайн гэрэл зурагчин байсан учир аяллынхаа явцад олон тооны археологийн болон угсаатны зүйн нэн ховор нандин гэрэл зургуудыг буулган авч, эдгээр нь 1982 онд түүний төрсний 100 жилийн ойгоор анх удаа бие даасан цомог болон хэвлэгдэн гарчээ. Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд онцлон тэмдэглэх нэгэн зүйл бол 1911 оны зун чин ван М.Ханддорж тэргүүтэй Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зүтгэлтнүүдийг Санкт-Петербургт хүрэлцэн ирж, Манж Чин гүрнээс туурга тусгаарлаж, Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглах тухайд Хаант Оросын ГХЯ-ны удирдлагуудтай хэлэлцэж байх цаг дор Густав Рамстедт Монголын төлөөлөгчидтэй биечлэн ирж уулзаж, зөвөлгөө өгч, зуучлан тусалж байсан явдал болно. Түүний үр дүнд Оросууд Монголчуудад 15 мянган винтов буу нийлүүлэх шийдэлд хүрч байсан баримтыг Финландын монголч эрдэмтэн Харри Хален өөрийн судалгааны өгүүлэлдээ тэмдэглэсэн нь буй. Профессор Густав Ж.Рамстедт тэрбээр 1912 онд гурав дахь удаагийн аялалдаа залуу судлаач, авиазүйч Арво Сотавалтаг (Arvo Sotavalta, 1889-1950) дагуулан явжээ. Тэдний энэ удаагийн аялал тусгаар тогтносон Монгол Улсад аялж байснаараа онцлог байжээ. Тэрбээр энэ удаагийн шинжилгээний аяллынхаа үеэр 1912 оны өвлийн тэргүүн сарын эхээр нийслэл Хүрээнд буудаллаж байх цаг дор Монголын удирдагч Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд хошой чин ван Ханддорж, Хайсан гүн нартай биеэр уулзаж, Хаант Оростой байгуулж буй хэлэлцээнд Урианхай, Өвөр Монгол, Буриад Монголын асуудлыг хөндөж тавихын чухлыг сануулж, Монголыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Их Фа (Франц), Ин (Англи), Дэ (Герман), Мэй (АНУ), Билиш (Бельги), Бин (Япон), Дан Ма (Дани), Хэ Лан (Голланд), Ау (Австри-Унгар)-ын Засгийн газарт тухайлан ноот бичгээр хандах талаар зөвлөж байсан баримтыг ОХУ-ын нэртэй эрдэмтэн түүхийн шинжлэх ухааны доктор Марк Исаакович Гольман өөрийн бүтээлдээ бичсэн юм. Тэрбээр хошой чин ван Ханддорж, Хайсан гүн нартай хувийн сайн харилцаа тогтоожээ. Хельсинкийн их сургуулийн номын санд хадгалагдаж буй профессор Густав Йон Рамстедтийн ном, бүтээлүүдийн дотор Хайсан гүнээс түүнд илгээсэн захидлууд, хариу захидал, Монголын тусгаар тогтнолыг сэргээн зарласан Тунхаглал бичгийн гар бичмэл зэрэг байгаа юм. 1919 онд профессор Густав Рамстедт Алс Дорно зүгийн Япон улсад Финландын анхны дипломат элчин төлөөлөгч буюу Хэргийг түр хамаарагчаар (a chargé d'affaires) томилогдож тэнд дипломат албыг даруй 10 жил хашиж, мөн Токиогийн их сургуульд Алтай хэл судлалаар багшилж байжээ. Токиод дипломат алба хашиж байх цаг дор солонгос хэл түүний анхаарлыг гойд татаж солонгос оюутан Рью Чин Келээс өөрийн нь хэлийг заалгаж сурчээ. Түүний 1939 онд Хельсинкид хэвлүүлсэн “Солонгос хэлний дүрэм”, 1949, 1952 онд хэвлүүлсэн “Солонгос хэлний үгзүй” 2 дэвтэр бүтээлүүд нь алтай хэлний харьцуулсан судалгаанд жинтэй хувь нэмэр болсон байна. Япон гүрэн Чусонь буюу Солонгос улсыг 1910 онд өөртөө хүчлэн нэгтгэж (annexation) 1945 он хүртэл Солонгосын хойг бүхэлдээ Японы нутаг дэвсгэрийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг, гадаад муж байсан билээ. Тэрбээр 1906-1917 онд Хельсинкийн их сургуулийн Алтай хэл шинжлэлийн тэнхимийн доцент, 1929-1941 он хүртэл мөнхүү сургуулийн тэргүүлэх профессороор ажиллаж байв. Их сургуульд багшилж байх цаг дор түрэг, монгол хэлний харьцуулсан судлал, бичгийн монгол хэлзүй, “Монголын нууц товчоо”, Ил хаан Аргун, Өлзийт нараас Францын гоо Филиппт илгээсэн захидлууд, Саган Цэцэний түүхээс өргөн ашиглаж байснаа тэмдэглэсэн байдаг. Профессор Густав Рамстедт Монголын Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмт гишүүн профессор Жамсрангийн Цэвээнтэй эрдэм номын сайн харилцаатай байжээ. Тухайлбал Густав Рамстедт зуны амралтаа нутагтаа өнгөрөөгөөд Токио буцах замдаа Өвөр Байгалийн Эрхүү хотоос профессор Ж.Цэвээнд 1926 оны есдүгээр сарын 19-нд бичихдээ: «Эрхэм хүндэт хуучны найз Жамцарано минь. Бид сүүлчийн удаа уулзсанаас хойш олон жил өнгөрчээ...1919 оны намар би их сургуульд хамт сурч байсан нөхөр минь болох профессор Смольбергийн хүсэлтээр Япон, Хятад явахыг зөвшөөрсөн юм. Энд би (1920 оны нэгдүгээр сараас одоог хүртэл) (Токиод -Д.У тодотгов) Финландын Хэргийг түр хамаарагчийн тушаал эрхэлж, өөрөөр хэлбэл дипломат алба хашиж байна. Гэхдээ хийх юм бага тул эрдэм шинжилгээний ажил хийхэд цаг элбэг хүрэлцэж байна. Би мөн япон (энэ хэлээр би одоо чөлөөтэй ярьж байгаа), солонгос, айн хэлтэй танилцав. Солонгос хэл (хэв шинж, үг бүтээх ёсоороо ч, үгийн гарлаараа ч) алтай хэлнүүдтэй тун ойрхон байгааг нээсэн маань миний хувьд туйлын сонирхолтой байв. Би одоо солонгос хэлний шинэ хэлзүйн ном хэвлүүлэх бодолтой байна. Энэ номд уг хэлний бүх бүтэц урьд урьдаас илүү тодорхой харагдах болно. Солонгосчууд болон алтайчууд анх нэг (хүн судлалын үүднээс ч, хэл шинжлэлийн үүднээс ч) ард түмэн байсан гэдэгт би эргэлзэхгүй байна» гэж байжээ. Профессор Ж.Цэвээн доктор Густав Рамстедтийн бичсэн «Уйгур улсын хураангуй түүх» номыг “Шинэ толь” сэтгүүлд цуврал болгон орчуулж нийтлүүлсэн ба 1922 онд тусгайлан товхимол болгон хэвлүүлсэн юм. Эрдэмтэн Густав Рамстедт тэрбээр 1943 оноос Финланд-Уйгурын нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр олон жил ажиллажээ. Нэрт эрдэмтэн доктор Николай Николаевич Поппе түүний тухай хэлэхдээ: «Ийм эрдэмтэн зуун жилд ганц удаа л төрдөг» гэсэн ажгуу. II. Монгол-Финландын харилцаа, хамтын ажиллагааны өнөө үе Монгол, Финландын хооронд 1963 оны долоодугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй бөгөөд дипломат харилцаа тогтоосон Нордикийн анхны улс юм. Хоёр орон 1966 оноос эхлэн Гадаад худалдааны яамны дэргэдэх экспорт, импортын нэгдэл, пүүсүүдийн шугамаар худалдаа хийж, 1974 онд Засгийн газрын түвшинд худалдааны хэлэлцээр байгуулж, 1990 оноос хойш Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллах Монгол-Финландын Засгийн газар хоорондын комисс байгуулагдан ажиллаж байгаа юм. 2007 оны тавдугаар сард “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ. 1980-1990-ээд онд Финландын зээл, тусламжаар цаг агаарын тандалтын сүлжээ байгуулах, нарны эрчим хүчийг ашиглах туршилт хийх, хүйтэн нөхцөлд авто зам тавих технологи турших, ойн түймрээс сэргийлэх болон ойг нөхөн үржүүлэх, сүүний үйлдвэрийн технологийг шинэчлэх зэрэг олон төсөл хэрэгжүүлжээ. Дэд бүтцийн хөгжлийн яам 1994 оноос эхэлж Финланд улсын Замын газартай холбоо тогтоож, Финланд улсад өргөн хэрэглэж үр дүнд хүрч байсан хүйтэн асфальтын хольцыг Монгол орны нөхцөлд нэвтрүүлэх аргыг 1998 оноос хийж эхэлсэн ажээ. Энэ нь зам, барилгын өртгийг 40 хувь хүртэл хямдруулж чанарыг нь сайжруулахад ихээхэн тус дөхөм үзүүлжээ. Энэ ажилд Финландын Замын газар мэргэжлийн туслалцаа үзүүлсэн иржээ. Финландын санхүүгийн тусламжтайгаар хүнс, ХАА, ойн аж ахуй, мод боловсруулалт, геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах эхлэл тавигдсан ажээ. Тухайлбал, Финландын хүүгүй зээлээр “Туомо Халонен” компани жилд 20 мянган адуу, 2 мянган үхэр, 20 мянган бог нядалж, 900 тонн төрөл бүрийн хиам үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг Багахангайд барьж, уг үйлдвэрийг 1995 онд ашиглалтад оруулсан байна. Финландын “Элекстер” пүүс сүүг ердийн нөхцөлд удаан хугацаагаар хадгалах, боловсруулалт хийж савлах автомат шугамыг 1989 онд Улаанбаатарын сүүний үйлдвэрт суурилуулж, “Финпак” пүүс нийллэг уут, хуванцар лонх, сав үйлдвэрлэдэг жижиг цехийг 1990 онд барьж ашиглалтад оруулж байжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шугамаар хэрэгжүүлсэн "Хөгжлийн алтан сан" банк бус санхүүгийн байгууллага буюу одоогийн Хас банкийг үүсгэн байгуулахад Финландын Засгийн газраас 600 мянган ам долларын буцалтгүй тусламж үзүүлж байжээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шугамаар хэрэгждэг "Micro Start" хөтөлбөрт Монгол Улсыг 1996 оноос хамруулсан бөгөөд уг хөтөлбөрийн дагуу эмэгтэйчүүд, ядуу гэр бүлд эргэлтийн хөрөнгө олгож, ажил хөдөлмөр эрхлүүлэхэд зориулж 2000 онд Финландын Засгийн газраас 600 мянган ам долларыг нэмэлт санхүүжилтээр олгож байжээ. Монгол-Финландын соёлын харилцаа 1970-аад оноос эхэлж, 1980 оноос соёлын хамтын ажиллагааны хоёр жилийн төлөвлөгөө байгуулан хэрэгжүүлж иржээ. Энэхүү төлөвлөгөөний дагуу жүжигчид, урлаг судлаач, түүхчдийг харилцан хүлээн авч, үзэсгэлэнг зохион байгуулах зэргээр хамтран ажиллаж ирсэн байх бөгөөд мөн ч боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааны үндэс суурь тавигдсан байна. Эдүгээ Монгол, Финландын харилцаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан, уламжлалт найрсаг харилцаанд тулгуурладаг. Монгол Улсын Хойд Европын орнуудтай хөгжүүлж буй харилцаанд Финланд Улс чухал байр суурь эзэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орны өндөр, дээд түвшний уулзалтууд идэвхжиж, боловсрол, байгаль орчин, ногоон технологийн салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна. 2011 оны найм-есдүгээр сарын заагт Финландын Ерөнхийлөгч хатагтай Тарья Халонен бизнесийн томоохон төлөөлөгчдийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн билээ. Тэрбээр Хойд Европ буюу Нордикийн орнуудаас Монгол Улсад айлчилсан анхны төрийн тэргүүн болсон юм. Энэхүү айлчлалын үеэр Финландын Геологийн албаны дэмжлэгтэйгээр Монголд Геологийн төв лабораторийг байгуулж, ашиглалтад оруулж байжээ. Хоёр орны худалдааны эргэлт газар зүйн алслагдмал байдлаас шалтгаалан харьцангуй бага хэмжээнд хэлбэлздэг ч Финландын өндөр технологи, ноу-хау Монголд идэвхтэй нэвтрэх түүхийн босгон дээр иржээ. Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Финландын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдаан 2026 оны гуравдугаар сард Хельсинки хотноо амжилттай зохион байгуулагдаж, сайхь хуралдаанаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, дижитал технологи, геологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой алхмуудыг хэлэлцжээ. 2025–2026 онд хоёр орны харилцаа улс төр болон боловсролын салбарт нэн идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэх хэрэгтэй. 2025 оны наймдугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд Улсад анх удаа албан ёсны айлчлал хийж, хоёр талын харилцааг бэхжүүлэх Хамтарсан Мэдэгдэл гаргасан нь чухал ач холбогдолтой болсон юм. Тэрбээр айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй албан ёсны хэлэлцээ, Эдийн засгийн сайд Сакари Пуистотой уулзалт хийж, айлчлалын үеэр Парламентын дарга Иүси Хала-Ахо хүлээн авч уулзсан юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Бүгд Найрамдах Финланд Улсад албан ёсны айлчлал хийж буйтай нь холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Александр Стубб хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр талууд Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлст суурилан тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэв. Түүнчлэн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэгтэйг тэмдэглэж, Финланд Улсын Ерөнхийлөгч Александр Стубб Монгол Улсад айлчлах урилгатайг нотолсон юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Финланд Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буй бөгөөд цаашид хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан нийтлэг зорилтын хүрээнд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ. 2025 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Финландын Ерөнхийлөгч Александр Стубб-тай уулзаж, харилцааг өргөжүүлэх тухайд харилцан санал солилцсон явдал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны шинэ төлөвийг нээх үндэс суурийг тавьжээ. Финландын дэлхийд тэргүүлэгч боловсролын системийг Монголд нутагшуулах ажил эрчтэй явагдаж байна. 2026 оны аравдугаар сард Монгол Улсын Боловсролын яам Финландын Турку их сургууль болон “Eduten” платформын удирдлагуудтай уулзаж, Монголын багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Сүүлийн жилүүдэд (2025–2026 он) хоёр орны хамтын ажиллагаа зөвхөн уулзалт, санамж бичгээр хязгаарлагдахгүй, урт хугацааны бодит төслүүд болж өргөжиж байна. Финланд Улс дэлхийд хамгийн шилдэг боловсролын системтэй. Монгол Улс энэхүү туршлагыг өөрийн хөрсөнд нутагшуулах чиглэлд томоохон алхмуудыг хийж байгаа ажээ. МУБИС болон Финландын урт түүхтэй, боловсрол судлалаар тэргүүлэгч Турку их сургууль хамтран багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулах ажил хэдийн эхэлжээ. Хоёр тал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Финланд арга зүйг Монголын боловсролын системд нутагшуулах, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх хамтарсан судалгаа, академик хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ. Финландын Турку их сургуулиас салбарлан гарсан математикийн ухаалаг платформ болох “Eduten”-ийг Монголын ерөнхий боловсролын сургуулиудад эх хэл дээр нь амжилттай нэвтрүүлж, сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлж байна. Монгол Улсаас хэрэгжүүлж буй боловсролын шинэчлэлийн хүрээнд хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн сургалтын чанарын ялгааг бууруулахад Финландын талтай туршлага солилцох, хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийг (жишээ нь, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”) өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй ярилцаж байгаа юм. Финланд бол газар нутгийнхаа 70 гаруй хувийг эзэлдэг ой модоо хамгийн зөв зохистой удирддаг, ойн менежментээр дэлхийд тэргүүлэгч орон юм. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ялангуяа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Финландаас суралцах зүйл их байна. 2025 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Финланд Улсаас хавсран суугаа Элчин сайд Микко Киннунентэй уулзаж, Ойн тогтвортой менежмент, засаглалыг сайжруулах (2025–2026 он) чиглэлд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцсон байна. Энэ хүрээнд ойн нөөцийг хамгаалах, урт хугацааны тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, ойн салбарын засаглалыг бэхжүүлэхэд хамтран ажиллаж байна. Олон улсын байгууллагууд болон Финландын мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Монголын ойн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг хөгжүүлэх төслүүд амжилттай хэрэгжсэн байдаг. Энэ нь орон нутгийн иргэдэд тулгуурласан ойн нөхөрлөлүүдийг чадавхжуулах, модыг зөв зохистой ашиглан байгаль орчноо хамгаалахын зэрэгцээ иргэдийн амьжиргааг дэмжих, биомасс болон мод боловсруулах технологийг нэвтрүүлэхэд чиглэж байна. Дээр дурдсан Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдаанаар ой мод, сэргээгдэх эрчим хүч, геологийн салбарт судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн, багш судлаачдыг харилцан солилцох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр санал нэгдсэн нь чухал ач холбогдолтой. Монгол Улс Финланд Улстай ийнхүү хамтарснаар тэдний “Ногоон шилжилт” (Clean Transition) болон өндөр технологийн туршлагаас суралцаж байна. НҮБ-ын Comtrade олон улсын худалдааны мэдээллийн сангаас харахад сүүлийн жилүүдэд хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд жилд дунджаар 47-48 сая ам.долларт хэлбэлзэж байна. Монгол Улсад орж ирж буй нийт бараа эргэлтийн дийлэнх буюу 47.15 сая ам.долларыг Финландаас авсан импорт бүрдүүлдэг. Монгол Улс уул уурхайн болон зам тээврийн салбартаа Финландын дэлхийд тэргүүлэгч дараах брэндүүдийн тоног төхөөрөмж, технологийг өргөнөөр ашигладаг. Финландын уул уурхайн машин механизмын Metso Outotec корпорац уул уурхайн салбарт хүдэр бутлах, нунтаглах, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжөөрөө дэлхийд танигджээ. Оюу Толгой, Эрдэнэт зэрэг Монгол Улсын томоохон ордуудад Финландын энэхүү брэндийн технологи, шугам голлон ашиглагддаг байна. Sandvik Mining and Construction корпорац нь Финландад үйлдвэрлэлийн том баазтай, чулуулаг өрөмдөх, газар доорх уурхайн тээвэрлэлт болон олборлолтын хүнд механизмаар дэлхийд тэргүүлэгч брэнд юм. Normet бол Газар доорх уурхайн бетон цутгалт, тэсэлгээний цэнэгт машин зэрэг тусгай зориулалтын хүнд машин механизмаар мэргэшсэн компани. Үүнээс гадна Финландын алдартай Kone брэндийн цахилгаан шат, болон ойн менежментийн өндөр чанартай цаас, цаасан бүтээгдэхүүнүүд Монголын импортод жин дардаг. Монгол Улсаас Финланд руу гаргаж буй экспорт харьцангуй бага буюу 80-100 мянган ам.долларт хэлбэлзэж байна. Өнөөгийн тогтвортой экспортод голлон дараах бүтээгдэхүүнүүд багтаж байна. Үүнд: Арьс ширэн эдлэл, цүнх, аяллын хэрэгсэл, ноос ноолууран бэлэн хувцас, сүлжмэл эдлэл, гар урлал болон үндэсний хөгжмийн зэмсэг зэрэг орж байгаа ажээ. Цаашдын чиг хандлагын тухайд газар зүйн алслагдмал байдлаас шалтгаалж худалдааны эргэлтийн хэмжээ түүхий эдээс илүүтэйгээр өндөр технологи, ой модны менежмент болон дижитал боловсролын салбарын “ноу-хау” нэвтрүүлэх чиглэлд илүү идэвхжиж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Монгол Улсын ЕХ-ны орнуудтай хийж буй нийт худалдаанд ХБНГУ, БНХАУ-аар дамжсан импортууд хамгийн том жинг дардаг. Финланд Улс нь Монголын ЕХ-ны орнуудтай хийж буй худалдааны эргэлтээр дунд хавьд буюу тогтвортой түншүүдийн тоонд ордог бөгөөд түүхий эд бус, цэвэр инноваци, ухаалаг технологийн импортын суваг гэдгээрээ Монголын эдийн засагт онцгой ач холбогдолтой байдаг ажгуу. Финландын технологийн гигант Nokia компанитай хийсэн бодит түншлэл, хамтын ажиллагаа Монголын харилцаа холбооны салбарт идэвхтэй өрнөж байгаа ажээ. Иргэд Nokia-г зөвхөн хуучны гар утас үйлдвэрлэгчээр төсөөлдөг ч эдүгээ тус компани 5G сүлжээ, суурь болон дэд бүтэц, үүлэн технологиор дэлхийд тэргүүлэгч бөгөөд Монголын компаниуд тэдэнтэй дараах чиглэлээр хамтран ажиллаж байна. Монголын харилцаа холбооны салбарын шинэ тоглогч болох Ondo компани Финландын Nokia компанитай 5G сүлжээ байгуулах гэрээ болон Стратегийн хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ хамтын ажиллагааны онцлог нь Монголын компани зөвхөн бэлэн технологи худалдаж авах биш, Nokia-тай хамтран хамтарсан технологи хөгжүүлэх, цаашлаад Монголд хөгжүүлсэн шийдлүүдээ дэлхийн зах зээлд гаргахад чиглэж байгаагаараа онцгой ач холбогдолтой. Түүнчлэн технологийн салбарт зөвхөн харилцаа холбоогоор өмнө дурдсан Финландын ухаалаг математикийн AI-д суурилсан технологи “Eduten” платформ Монголын сургуулиудад албан ёсоор нэвтэрсэн нь хоёр орны технологийн хамтын ажиллагааны маш том бодит жишээ болж байна. Nokia болон Финландын мэдээллийн технологийн салбар Монгол Улсын цахим шилжилт, суурь бүтцэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Финланд бол ухаалаг технологи, стартап экосистемээрээ дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд Монголын харилцаа холбооны салбарт дараах бодит ажлууд хэрэгжиж байна. Монгол Улс 2025 онд үндэсний 5G сүлжээгээ албан ёсоор ашиглалтад оруулах үндэс суурийг тавьсан. Үүний хамгийн гол түншлэлийг Монголын харилцаа холбооны Оndo компани Финландын Nokia-тай хамтран хэрэгжүүлж байгааг дээр дурдсан. Ondo нь Nokia-гийн сүлжээний технологид суурилан 30 км-ийн зайд байгаа операторгүй экскаваторыг 5G долгионоор алсаас удирдах туршилтыг амжилттай хийжээ. Энэ нь Монголын уул уурхайн салбарт Финландын ухаалаг технологийг нэвтрүүлэх том суурь болж байгаа юм. Монголын ууган операторууд болох Мобиком, Юнител, Скайтел зэрэг компаниуд олон жилийн турш өөрсдийн суурь станц, дата дамжуулах тулгуур сүлжээ болон интернетийн урсгалын найдвартай байдлыг хангахдаа Nokia Networks салбарын өндөр хүчин чадалтай сервер, тоног төхөөрөмжийг тогтвортой ашиглаж иржээ. Мөн Финландын алдартай IT загваруудыг манай финтек болон цахим банкны системүүд дотоодын зах зээлдээ нэвтрүүлж байна. 2026 оны гуравдугаар сард Хельсинки хотноо зохион байгуулагдсан Монгол-Финландын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдаанаар дижитал технологи болон инновацын салбарыг хоёр орны харилцааны шинэ тэргүүлэх чиглэл болгон зарласан байна. Үүний хүрээнд: Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дижитал үндэстэн” хөтөлбөр болон цахим оюун (AI), Их өгөгдөл (Big Data)-ны үндэсний стратегид Финландын цахим засаглалын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх; Финландын стартап хөгжүүлэлтийн санхүүжилтийн хөтөлбөрүүдээр (жишээ нь, Finnpartnership) дамжуулан Монголын технологийн стартапуудыг Европын зах зээлтэй холбох, IT мэргэжилтнүүд болон судлаачдыг харилцан солилцох асуудлууд эрчтэй яригдаж байна. Эцэст нь тэмдэглэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Финланд улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг чанарын шинэ шатанд гаргах нь дамжиггүй билээ.
