Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Илгээлт-2100” тэтгэлэгт хамрагдан Дрезден хотноо суралцаж буй оюутнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрийн урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал өчигдөр /2026.10.22/ өндөрлөлөө. Айлчлалын сүүлийн өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Холбооны Саксони муж улсын Дрезден хотод ажиллав. Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Анх 1923 онд гурван монгол оюутныг, үүний дараа 1926 онд 35 монгол сурагчдыг Герман Улсад илгээж байсан бөгөөд тэдний дунд нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Д.Намдаг, Ц.Намхайцэрэн, Н.Наваан-Юндэн зэрэг орчин цагийн урлаг, соёлыг манай улсад түгээн дэлгэрүүлэгч, зүтгэлтнүүд багтдаг. Социализмын үед олон мянган оюутнууд тухайн үеийн Зүүн Германд сурч, боловсрол эзэмшсэн бөгөөд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ хоёр орны иргэд хоорондын харилцааны чухал суурь болж ирсэн. Манай улсын нийт 35 мянга орчим иргэн ХБНГУ-д мэргэжлийн болон дээд боловсрол эзэмшиж, герман хэл, соёлд суралцсан байна. Энэхүү түүхэн уламжлал одоо ч үргэлжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 127 оюутан Герман Улсад суралцаж байна. Одоогоор Дрездений Техникийн их сургуульд 126 оюутан, Дортмундын Техникийн их сургуульд нэг оюутан суралцаж байгаа бөгөөд оюутнууд эхлээд герман хэлний бэлтгэл сургалтад хамрагдаж, улмаар 22 мэргэжлээр сонгон суралцаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын төлөөлөлтэй уулзав. Дрездений техникийн их сургуулийн оюутан Г.Энхжин: Би монголдоо нэг жил хэлний бэлтгэлд суугаад өнгөрсөн долоодугаар сард Германд ирсэн. Ингэхдээ Монгол Герман хоёр улсын боловсролын салбарт хамтарч эхэлсний 100 жилийн босгон дээр ирсэндээ маш их бэлэгшээж байгаа. Гадаад улсад суралцаад авах юм их бий. Гаднын ийм соёлыг Монголдоо нутагшуулах юм сан, энэ талаас нь суралцах юмсан гэж хардаг болчихдог юм байна. Дрездений техникийн их сургуулийн оюутан Э.Гандөш: Би физикийн чиглэлээр суралцаж байгаа. Энд ирээд Герман улс шинжлэх ухааны салбарт томоохон байр суурь эзэлдгийг ойлгож мэдэрч байна. Физикийн шинжлэх ухаан амьдралд маш хэрэгтэй. Энэ чиглэлээр суралцаад олон салбарт хөрвөж ажиллах боломжтойг харж байна. Технологи болон анагаахын салбарт судалгаа шинжилгээ хийж хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой салбар юм. Дрездений техникийн их сургуулийн оюутан Г.Ану: Би энд ирээд Монголтойгоо харьцуулж харсан л даа. Монголдоо очоод мэргэжилтэйгээ холбоод хийж болох олон зүйл байгаа. Эндэхийн боловсролын системийг оюутан, сурагчдыг илүү биеэ даан суралцахад нь чиглүүлдэг юм байна гэж харсан. Амьдрал дээр байнга хэн нэгэн зааж чиглүүлээд явахгүй шүү дээ. Тиймээс "Чи юм сурах арга барилаа сураад ав" гэдэг систем нь маш их таалагдсан. Монгол Улс, ХБНГУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагааны тухай Дээр дурдсан Дрезден хотноо суралцаж буй оюутнуудаас гадна Германы Эрдмийн солилцооны албаны (DAAD) 2025 оны Монгол Улсын талаарх тайланд мэдээлснээр 2023/2024 оны хичээлийн жилд Германы их, дээд сургуульд 721 Монгол оюутан суралцсан байна. Түүнчлэн Хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон ХБНГУ-ын Оюутан солилцооны хөтөлбөр хооронд 2010 оны зургаадугаар сарын 2-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн хүрээнд нийт 75 оюутан ХБНГУ-д тэтгэлгээр суралцан төгссөн. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр 2019 онд дуусгавар болсон. Монгол Улс дахь ерөнхий боловсролын 21 сургуулийн 94 бүлэгт 30334 суралцагч герман хэл судалж, герман хэлний 60 багш ажиллаж байна. Дээд боловсролын 5 их сургуульд герман хэлний багш, орчуулагч, хэл шинжлэлийн мэргэжлээр 150 орчим оюутан суралцаж байгаа нь боловсролын салбарын цаашдын хамтын ажиллагааны бат бэх гүүр болж буй юм. ХБНГУ-ын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлж буй "Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш" (PASCH) санаачилгын хүрээнд манай улсын ерөнхий дунд боловсролын 14 сургууль германы сургуулиудтай түншийн харилцаатай хамтран ажилладаг. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) 2014 онд байгуулагдаж сургалтаа эхлүүлсэн бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэдэл болсон амжилттай жишээ юм. Тус сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд 400 орчим оюутан суралцаж байна. Тус сургуулийн төгсөгчид 100% ажлын байраар хангагдаж, манай томоохон уул уурхай, боловсруулах үйлдвэрүүд, технологийн компаниудад ажилладаг. МГТИС-ийн хотхоны лабораторийн өргөтгөл төслийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын KfW банкны хөнгөлөлттэй зээлээр мөн хэрэгжүүлж байна. "Соёлын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг 1997 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, "Шинжлэх ухаан, технологи, боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр"-ийг Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хооронд 2003 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулснаар орчин цагийн Монгол, Германы боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бий болсон. Эдгээр хэлэлцээрийн дагуу хоёр улсын Боловсрол, соёлын яамд хоорондын соёлын зөвлөлдөх уулзалтын механизмыг бий болгон боловсролын чиглэлийн хоёр талт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэх уулзалтыг тогтмол зохион байгуулж байна. Зөвлөлдөх уулзалтыг 2013, 2016, 2019, 2023, 2026 онуудад зохион байгуулсан. ХБНГУ-ын Саксони муж улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааны төлөөлөгчийн газар 2024 оны 7 дугаар сарын 2-нд Улаанбаатар хотод нээгдсэн. Тус төвийн үндсэн зорилго нь Монголын оюутнуудыг Саксони муж улсын их, дээд сургуульд байгалийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцахад мэдээлэл, зөвлөгөө өгөх, Саксоний их сургуулиуд болон Монголын их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа, судалгаа, оюутан, эрдэмтдийн солилцоог дэмжих юм. Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн эхний шат 12 сая еврогийн санхүүжилттэйгээр 2013-2016 онд баруун болон төвийн аймгуудын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад амжилттай хэрэгжсэн. Төслийн хоёрдугаар шат 2016 онд эхэлсэн бөгөөд нийт 12 сая еврогийн санхүүжилтээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлагад нийцсэн сургалтын стандарт, хөтөлбөр, гарын авлагыг барилга, уул уурхайн салбарын 12 мэргэжлээр боловсруулж сургалтад ашиглах, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сургалтын орчныг сайжруулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарыг сургалтад хамруулж чадавхыг бэхжүүлэх, олон улсын зөвлөх мэргэжилтэн сургуулиудад ажиллуулах зэрэг үйл ажиллагаа явуулсан. Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын холбогдох байгууллагууд болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран 2019–2024 онд cTVET төслийг, 2024–2026 онд түүний үргэлжлэл болох cTVET II төслийг тус тус хэрэгжүүлсэн. Дрезден хотын тухай Дрезден хот нь Саксони муж улсын нийслэл бөгөөд Германы зүүн хэсэгт, Элбэ мөрний эрэг дагуу оршдог бөгөөд 328.28 км² нутаг дэвсгэртэй, 571 мянга орчим хүн амтай. Хотын нутаг дэвсгэрийн 62 орчим хувийг ой, ногоон байгууламж эзэлдэг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Европын томоохон ногоон хотуудын нэгэнд тооцогддог. Дрезден хот нь Германы зүүн бүс нутгийн эдийн засаг, аж үйлдвэр, өндөр технологийн томоохон төвүүдийн нэг бөгөөд микроэлектроник, хагас дамжуулагч, мэдээллийн технологи, машин үйлдвэрлэл, эм зүй, биотехнологийн салбарууд өндөр хөгжсөн. Ялангуяа электроникийн үйлдвэрлэл, судалгаа өндөр хөгжсөн бөгөөд “Silicon Saxony” хэмээх Европын томоохон өндөр технологийн кластер төвлөрдөг. Саксони муж улс нь Европын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн чухал төвүүдийн нэг бөгөөд Европт үйлдвэрлэж буй 3 микрочип тутмын нэгийг тус хотод үйлдвэрлэж байна. Дрезден хотод GlobalFoundries, Infineon, Bosch, X-FAB зэрэг энэ чиглэлийн томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн TSMC, Bosch, Infineon, NXP-ийн хамтарсан “European Semiconductor Manufacturing Company” (ESMC) компанийн 10 тэрбум еврогоос дээш хөрөнгө оруулалттай шинэ үйлдвэр Дрезден хотод баригдаж байгаа нь бүс нутгийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн чадавхыг цаашид нэмэгдүүлэхэд чиглэж байна.
