"Охины эмчилгээнд саад учруулалгүйгээр хандив зохион байгуулсан этгээдүүдэд шалгалт хийгээд өгөөч ээ. Бүлэг залилан байж болзошгүй"
Б.Хүсэлгоо охины эмчилгээний хандивтай холбоотой асуудлаар иргэн Т.Маргад-Эрдэнэ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын гадна өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Наймдугаар сарын 8-наас Zarig.mn, сэтгүүлч Өнөрцэцэг зүрхний хавсарсан гажигтай гэх оноштой хүүхдэд хандив цуглуулсан. Хандивын үеэр ойлгомжгүй, зөрүүтэй мэдээллүүд гарч байсан тул иргэн хүнийхээ хувиас асуулт асуусан ч хариулт өгөөгүй. Төрийн хийх ёстой ажлыг хувь хүмүүсийн хандиваар хийгээд л яваад байх юм уу? Мөн эрүүл мэндийн салбарт давхар стандарт байгаад байна. Эмч нарын зөвлөгөөнөөр орж 7-28 хоногийн хугацаанд гардаг дүгнэлтийн бичиг нь өдөртөө гарсан. Түүнчлэн Гуравдугаар эмнэлэгт зүрхний өвчтэй хүүхдийн мэдээлэл очоогүй байтал Өргөө амаржихын тасгийн эрхлэгч, зүрхний эхоны эмч тэр хүүхдийн хагалгаа хэзээ хийгдэж, хаашаа явахыг шийдчихсэн байна. Энэ асуудлыг хөндөөд ирэхээр Нийслэлийн эрүүл мэндийн газар нь таг чиг байна. Хэн олонд танигдсан эсвэл олны анхааралд өртсөн нь эмнэлгийн үйлчилгээг түрүүлж авч байна шүү дээ. Энэ асуудалд Ерөнхий сайд нь хүртэл орооцолдчихсон. Нэг хүүхдийн гадаад паспортыг яаравчлуулахаар шийдэж байна. Гэтэл ард нь тэр хүүхэдтэй адилхан зуу зуун өвчтэй хүүхдүүд байгаа шүү дээ. Тэдний асуудал яах вэ? Мөн ₮300-аад саяын хандив боссон хэрнээ 9-р сарын 11-нд хандиваа хаагаагүй байсан. Хандивууд орсоор ₮300 саяас давчихсан байсан. Иймд наймдугаар сарын 8-наас эхлээд тус хандивтай холбоотой асуудалтай баримтуудыг бүрдүүлсэн. Б.Хүсэлгоо охины эмчилгээнд саад учруулахгүйгээр хандивыг зохион байгуулсан насанд хүрсэн этгээдүүдэд шалгалт хийгээд өгөөч ээ. Бүлэг залилан байж болзошгүй асуудал хөндөгдөөд байгаа учир иргэн хүнийхээ хувьд гомдол гаргах гэж байна" гэв.
