Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхгүй. Одоо ингээд “ямар ч зовлонгүй” боллоо
Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгөөр ДЦС-VI болон 10 аймгийн дулааны станц гэх мэт нийгмийн болон суурь дэд бүтцийн төслийн санхүүжүүлэх агуулгатай хуулийн төслөө УИХ-аас өнөөдөр татан авсан. Уг асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "17 жил хувь нийлүүлэгчдийн гэрээнд огт өөрчлөлт орж байгаагүй. 17 жилийн дараа Засгийн газар 30 их наяд төгрөгийн зардлыг бууруулах гэрээнд албан ёсоор хэлэлцээр дуусгаад гарын үсэг зурсан. Одоо гурван жил тутамд зээлийн хүүг ярьдаг болсон. 2037 оноос нааш ногдол ашиг байтугай "н" үсэг яригддаггүй байсан. Бид ногдол ашгийг 10 жилээр наашлуулж авахаар тохиролцоонд хүрсэн. Оюутолгойн ТУЗ-ийн даргатай хэлэлцээр хийсэн. Дараа нь Рио Тинто-ийн гүйцэтгэх захирал Монголд ирэхэд хэлэлцээр хийж, миний өрөөнд албан ёсоор мэдээлэл хийсэн. Ингэхдээ Оюутолгойн ногдол ашгийг 2027 оноос өгөхөө дахин баталгаажуулж буйгаа хэлсэн. Ногдол ашгийн хэдэн төгрөгийг ирэх жил авахаа тохиролцохын тулд ирэх оны төсөв дээр Оюутолгойн ногдол ашгийг тоогоор нь оруулаад батлуулсны дараа манай хуулийг дагах ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Нэгэн ногдол ашиг өгнө гэж тохирсон учраас бид тоогоо УИХ-аар албажуулаад хууль дээр эцэслэн шийдэх байсан. УИХ-д өргөн мэдүүлэхдээ Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн нэг их наяд төгрөгийг Хуримтлалын санд хадгална. Хоёр их наяд төгрөгөөр нь эрчим хүч болон боловсролын салбарын төслийг шийдье гэж УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч УИХ дээр зургаан байнгын хороо хуралдсаны дараа харахад зарчмын зөрүүтэй 235 санал гарсан байна. Нэг ёсондоо хэлэлцээр хийж, ногдол ашиг авахаар тохиролцоод УИХ-аар албажуулахаар явж байтал гишүүдээс 235 санал гаргасан байгаа нь Засгийн газрын бодлоготой нийцэхгүй байна. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хуулийн төслийг татан авлаа. Ингэснээр ногдол ашиг авах асуудал орхигдож байна гэсэн үг биш. Ногдол ашиг авахаа харилцан тохиролцсон. Одоо бид тоон дээрээ эцэслэж тохиролцоод орж ирсэн ногдол ашгийг хуваарийн дагуу Хуримтлалын санд хийж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулна. Хоёр их наяд төгрөгөөр дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхгүй. УИХ-ын гишүүдийн гаргасан саналууд байхгүй болж байна. Одоо ингээд ямар ч зовлонгүй боллоо" хэмээн ярив. "17 жил яригдаагүй байсан ногдол ашгийн үүд хаалга 2027 онд нээгдэж байгаа. Энэ бол түүх" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үргэлжлүүлэн сэтгүүлчид Оюутолгойн ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараах уу гэж асуухад тэрбээр "Иргэдээс дансанд нь хийх үү гэж асуу гээд байсан. Хууль давж тэгж асууж чадахгүй. Баялгийн сангийн хуулийн дагуу Хуримтлалын санд оруулаад боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулна. Ирэх жилээс Баялгийн сангийн хуулийн дагуу Оюутолгойгоос орж ирсэн ногдол ашгийг зөвхөн эрүүл мэндэд зарцуулна шүү гэдэг байдлаар хязгаарлаж нээвэл инфляц хөөрөгдөхөөс сэргийлэх боломжтой. Хууль эрх зүйн орчин ийм. Хэрэв бэлэн мөнгөөр тараая гэдэг сонголт хийвэл хуулийг өөрчлөх хэрэгтэй. Засгийн газар ажиллаж байна. Гол нь эдийн засгаа бодох ёстой. Хуримтлалын сангийн дагуу боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулах зориулалт байна. Тэгэхээр зориулалтын дагуу хэрэглэхэд хязгаарлалт хийгээд явах бололцоотой. Олж ирсэн нь буруутаж, улс төржиж байгаа хүмүүс зөвдөнө гэсэн үг байхгүй. Гурван их наяд төгрөгийг хуулиар албажуулаад авчихсан бол хэлэлцээр хийхдээ ийм хэмжээний ногдол ашиг авахыг төрийн эрх барих дээд байгууллага шийдсэн гэж босго тавих байсан. Ногдол ашгийн тоон дээрээ эцэслэж чадахгүй байна шүү дээ. Оюутолгойн ногдол ашгийн гурван их наяд төгрөгийг УИХ-аар албажуулаад авчихсан бол бодитой байх байлаа. 17 жил яригдаагүй байсан ногдол ашгийн үүд хаалга 2027 онд нээгдэж байгаа. Энэ бол түүх. Жил тутам энэ асуудлаа яриад явахад ирээдүй хойч үед өгөөжөө өгнө. Энэ үүд хаалгыг нээсэн үед нь зөвөөр хүлээж аваад шийдсэн бол хэрэгцээтэй байлаа" гэв.
