Depository of News

С.Цэнгүүн: Татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулахыг нээлттэй харуулдаг болох хуулийн төслөө дэмжүүлж чадсангүй

newsdepo.com · world

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар С.Цэнгүүн нарын 31 гишүүн өргөн барьсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тэрбээр "Бидний өргөн барьсан хуулийн төсөл нь татвар төлөгчдийн мөнгийг бүхэлд нь бүх задаргаатай хэлбэрээр онлайнд байршуулдаг байя гэх агуулгатай байсан. Харамсалтай нь гарын үсэг зурж хамтран санаачилсан гишүүд маань эсрэг санал өгөөд энэ хуулийн төслөө дэмжүүлж чадсангүй. Монгол Улсын төсөв нам тэжээдэг байж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгийг төлөвлөх үеэс эхлээд юунд төлөвлөж, хэрхэн зарцуулах гэж байгааг иргэдэд харуулдаг байх ёстой. Иргэдэд харуулдаггүйн улмаас улсын төсөв хэлэлцэх үеэр хаа нэгтэйгээс нууц файл гарч ирдэг. Засгийн газраас оруулж ирдэг төсвийн төсөл дээр 50, 60 тэрбум төгрөгийн бүхэл дүнтэй тоонууд байдаг учраас задаргааг нь нарийн харах боломжгүй. Иргэд болон УИХ-ын гишүүд нэг талбар дээрээс ямар мөнгөн дүнтэй юуг батлах гээд байгааг хардаг байх хэрэгтэй. Харамсалтай нь энэ удаагийн чуулганаар хэлэлцэхээргүй боллоо. Бид шилэн данснаас ийм мөнгөн дүн ингэж гарсан гэдгийг сүүлд нь хардаг. Анх төлөвлөхөд нь тухайн хэрэггүй зардлыг гаргуулахгүй байхад анхаардаг байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтыг задаргаа бүрээр нь олон нийтэд онлайнд нээлттэй болгох хуулийн төслийг хэлэлцүүлэх саналыг энэ удаа дэмжүүлж чадсангүй" гэв.

Read full article →