Depository of News

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг ₮3.5 саяд хүргэхийг дахин шаардлаа

newsdepo.com · world

Цалин хөлсний нэмэгдлийг хэлэлцээрийн дагуу шийдвэрлэхийг Засгийн газраас шаардаж МҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалин урамшуулалтай холбоотойгоор Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ны дарга Ч.Нарантуяа дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Бид цоо шинэ зүйл шаардаагүй. Өнгөрсөн 2025 оны өдийд Сүхбаатарын талбайд урт удаан хугацааны тэмцэл хөдөлгөөн хийсэн. Эмч ажилчид ажил хаяхад нэг өдөр дутуу байхад Засгийн газрын холбогдох сайд нар хүлээн авч уулзаж, салбарын нэмэлт хэлэлцээрийг байгуулсан байдаг. Нэмэлт хэлэлцээрээр 2026 онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 75 хувиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн. Нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлж наймдугаар сарын 1-нээс сар бүр есөн хувиар нэмэгдүүлж оны эцэст 75 хувь хүрэх ёстой байсан. Гэтэл наймдугаар сараас эхлэн олгох ёстой есөн хувийн нэмэгдэл цалинг өнөөдрийг хүртэл өгсөнгүй. Тэр байтугай "2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэнэ" гэж хэлэлцээрийн заалтад тусгасан байдаг. Хамтын хэлэлцээрийн энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд болон Засгийн газраас шаардаж байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан гүйцэтгэлээр санхүүжиж өндөр цалин авч байгаа мэтээр харагдаж байна. Гэтэл гүйцэтгэлээр цалинжих нь бүү хэл квотыг нь бууруулж өгч байна. Эмч ажилчид үндсэн цалингаа 30 хувиар нэмэгдүүлсэн ч авдаг ёстой нэмэгдэл хөлс нь олгогдохоо больсон. Үр дүнгийн урамшуулал авахаа байлаа. Бүх байгууллагад ажлын байрны дарамт маш их ирж байгаа. Үйлчлүүлэгчийн дарамт, удирдлагын дарамт, байгууллагуудын удирдлагуудыг дээд байгууллагаас дарамтлах, дээд байгууллагуудыг нь Засгийн газраас дарамтлах дарамт маш их болсон" гэв.

Read full article →