Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар цасаар шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна
Өнөөдөр буюу аравдугаар сарын 23-ны өдөр Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Нутгийн баруун, хойд, төвийн хэсгээр цасан бүрхүүл тогтоод байгаа ба Дорнод, Дарханд хүчтэй салхитай байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Ховд, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Хөвсгөл, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Өчигдөр Архангайн Хотонт, Төв аймгийн Баянжаргаланд салхины дундаж хурд секундэд 33-38 метр, зарим үед секундэд 40-45 метр хүртэл ширүүсэж цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. Архангай, Өвөрхангайн зүүн, Дундговь, Өмнөговь, Хэнтийн нутгаар салхины хурд секундэд 17-22 метр, зарим үед секундэд 26-28 метр хүртэл ширүүсэж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ.
