Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна
2017 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулдаг. Энэ журам ирэх сарын 1-нээс мөрдөгдөнө. "УБЦТС" ТӨХК-аас мэдээлснээр цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын айл өрхүүд хамрагдах юм байна. Тарифын хөнгөлөлт нь 11 дүгээр сарын 1-наас дараа оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилдэг бөгөөд 220В-ын сүлжээнд холбогдсон бол 1,500кВт.ц, 380В-ынх бол 3,000кВт.ц хүртэлх хэрэглээг 100%, энэхүү хязгаараас давсан бол 50%-ийн хөнгөлөлтийг үзүүлдэг. Оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх хэрэглээнд шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилнэ. Цахилгааны төлбөрийг тооцоолохдоо тоолуурын заалтыг үндэслэж өдөр, орой, шөнийн хэрэглээ тус бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг гаргаж, хувь тус бүрийг 150 кВт.ц, 151-300 кВт.ц, 300 кВт.цагаас дээш гэсэн шатлалт тарифаар үржүүлж нийлбэр дүнг гаргадаг байна. Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн өргүй, зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх, цагийн ялгаварт тоолууртай айл өрхүүд хамрагдана хэмээн журамд заажээ. Улаанбаатар хотын гэр хорооллын бүс 171,000 гаруй айл өрхтэй байна.
