Жэймс Бондын дүрийг бүтээх дараагийн жүжигчнийг энэ амралтын өдрүүдэд шалгаруулна
Дараагийн Жэймс Бондыг тодруулах үйл явц эцсийн шатандаа орж байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Эдгээрээс үзвэл энэ амралтын өдрүүдэд цөөн тооны сонгогдсон жүжигчид Британийн тагнуул 007-гийн дүрд тоглохоор шалгаруулалтад оролцох юм байна. "Hollywood Reporter" болон "Variety" сэтгүүлүүдийн хэд хэдэн эх сурвалжаас эш татан мэдээлснээр Каллум Тернер, "Slow Horses" цувралын од Жэк Лауден зэрэг жүжигчид энэ амралтын өдрүүдэд Лондон хотод шалгуулахаар камерын өмнө зогсох ажээ. Шалгаруулалт үндсэндээ гурван хэсгээс бүрдэх бөгөөд үүнд тусгай үзүүлбэр, камерын өмнөх төрх, мөн харилцан ярианы гүйцэтгэл багтаж байгаа гэнэ. 2021 онд гарсан "No Time to Die" киноны дараа Даниэл Крэйгийн орхисон уг дүрд нийт 3-5 жүжигчин өрсөлдөж байгаа гэх мэдээлэл байна. "Hollywood Reporter"-ийн зарим таамгаас зөрүүтэй мэдээлснээр "Sinners" киноны Жэк О'Коннелл, "Wuthering Heights" киноны од Жэйкоб Элорди нар энэхүү шалгаруулалтад оролцохгүй гэнэ. “Dune" киноны найруулагч Дэни Вильнёв алдарт Бондын цувралын дараагийн киног найруулахаар болсон юм. Уг цувралын эрхийг "Amazon MGM" студи 2022 онд $8.45 тэрбумаар худалдаж авч байв. Харин киноны зохиолыг "Peaky Blinders" цувралын зохиолч Стивен Найт бичихээр болсон юм. Брокколигийн гэр бүлээс "бүтээх үйл явцыг удирдах эрх"-ийг (creative control) шилжүүлж авахын тулд өнгөрсөн онд $1 тэрбумыг төлсөн тус компани дээрх мэдээллийг батлаагүй, бас үгүйсгээгүй бөгөөд "Hollywood Reporter"-т өмнө нь гаргасан мэдэгдлээ л дахин сануулжээ. Тус мэдэгдэлд "Дараагийн Жэймс Бондыг хайх ажил үргэлжилж байна. Сонгон шалгаруулалтын явцад дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй бөгөөд цаг нь болохоор 007-гийн шүтэн бишрэгчидтэйгээ шинэ мэдээ хуваалцахдаа бид баяртай байх болно" гэсэн юм. Тэд олны анхаарлын төвд байдаг энэхүү шийдвэрийг гаргахдаа маш болгоомжтой хандаж байгаагаа илэрхийлжээ. Тус компанийн кино бүтээл хариуцсан захирал Кортни Валенти "Та бүхэн Жэймс Бондын дүрд хэн тоглохыг хэзээ зарлах бол гэж сонирхож байгааг би мэдэж байна. Хэт их догдлох хэрэггүй дээ. Бид энэ ажлыг маш нямбай, гүн хүндэтгэлтэйгээр гүйцэтгэж байгааг ойлгоорой. Энэхүү шинэ бүлгийг үзэгчдэд хүргэх нь бидний хувьд насан туршийн мөрөөдөл байсан бөгөөд бид үүнд маш хариуцлагатай, нухацтай хандаж байна” гэж хэлсэн байна. Бондын цувралын “үнэнч шүтэн бишрэгч” Вильнёв хэлэхдээ олон нийтийн хайртай энэхүү цувралд хувь нэмрээ оруулах боломж гарч ирсэн нь түүнийг сүүлийн арван жилийн ихэнх хугацааг зарцуулсан “Dune” цувралаасаа хөндийрөхөд хүргэснийг мэдээлжээ. Энэ оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх “Dune: Messiah” киноны талаар тэр “Empire” сэтгүүлд ярихдаа “Би өөртөө ‘Энэ төсөл рүү буцах нь зөв санаа байж магадгүй’ гэж хэлсэн. Гэхдээ энэ нь хуучин дурсамждаа хөтлөгдсөн юм уу, санагалзсандаа биш, харин ч эсрэгээрээ би үүнээсээ аль хэдийн залхсан байсан юм” хэмээсэн байна. Тэрбээр цааш нь “Би энэ бүтээлдээ маш хатуу шалгуур тавьж, өөртөө сэтгэл ханаж, тайвшрахгүй байхыг хүсэж байна. ‘Энэ ажил дуусахад намайг Арракис гарагаас холдуулахын тулд маш хүчирхэг пуужин хэрэгтэй болох нь дээ’ гэж бодож байлаа. Тэгтэл надад Бондын дараагийн киног хийх санал ирэхэд би шууд л ‘За, яг л миний хайж байсан зүйл байна’ гэж өөртөө хэлсэн” хэмээн ярьжээ. Бондын дүрд тоглох жүжигчдийг шалгаруулах сүүлийн том сорил болсноос хойш 20 гаруй жил өнгөрөөд байна. Тухайн үед ирээдүйн “Супермэн” Хенри Кавилл шалгаруулалтын сүүлийн шатанд үлдсэн гэгдэж байсан ч эцсийн дүндээ уг дүр Крэйгт очсон бөгөөд тэрээр 2006 онд гарсан “Casino Royale” кинонд анх удаа Бондын дүрд тоглож байв. 2025 онд Вильнёвыг найруулагчаар сонгосон нь тодорхой болсноос хойш ‘шинэ Бонд хэн байх вэ’ гэсэн таамаг улам бүр эрчимжсэн юм. Уг киног 2028 онд дэлгэцэд гаргахаар төлөвлөж байна. Эх сурвалж: The Guardian
