Depository of News

АНУ-ын төрийн дуулалд хүндэтгэл үзүүлээгүй сагсан бөмбөгийн од Леброн Жэймсийг ерөнхийлөгч Трамп шүүмжлэв

newsdepo.com · world

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп төрийн дуулалд хүндэтгэл үзүүлсэнгүй хэмээн сагсан бөмбөгийн од Леброн Жэймсийг шүүмжилжээ. Мягмар гарагт Филадельфи багийн улирлын нээлтийн тоглолтын өмнө төрийн дуулал эгшиглэж байхад NBA-гийн од тамирчин маань бие халаалтаа үргэлжлүүлж байсан нь ингэх шалтгаан болсон байна. Трамп уг үйл явдлын дүрс бичлэгийг сошиал сүлжээнд хуваалцахдаа Жэймсийн талаар "Би анхнаасаа л түүнийг бүтэхгүй хүн, ЖИНХЭНЭ ИЧГҮҮРТЭЙ этгээд гэж хэлж байсан" хэмээн бичжээ. "Америкийн далбаа болон манай улсын үнэт зүйлсийн төлөө амиа өргөсөн Америкийн агуу дайчид, баатруудаас Леброн Жэймс уучлалт гуйх хэрэгтэй!” гэж Трамп цааш нь бичсэн байна. Мягмар гарагт Нью-Йорк хотод болсон тоглолтын үеэр АНУ-ын төрийн дуулал эгшиглэж байхад Жэймс гольфын цохилтын хөдөлгөөн болон сагсан бөмбөгийн үсэрч шидэх хөдөлгөөнийг давтаж байгаа харагдсан юм. Филадельфи багт анхны улирлаа эхлүүлж буй Жэймс багийн нөхдийнхөө хамт байсан бөгөөд бусад тоглогчид нь төрийн дууллын үеэр хөдөлгөөнгүй зогсож байв. Трамп, Жэймс хоёр олон жилийн турш бие биеэ шүүмжилж, хааяа олон нийтийн өмнө харилцан хэрүүлийн үг шидэлцсээр ирсэн түүхтэй. Пүрэв гарагийн үдээс хойших байдлаар Трампын энэхүү шүүмжлэлд Жэймс хариу болгон ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байсан юм. NBA-ийн түүхэн дэх хамгийн олон буюу 24 дэх улиралдаа тоглож буй 41 настай Жэймс өчигдөр орой Кливлэнд багийн эсрэг багийнхаа талбайд анх удаа тоглохоор бэлтгэж байв. Түүний Трамп болон улс төртэй холбогдсон томоохон үйл явдлуудаас дурдвал 2017 онд Кливлэнд багт тоглож байхдаа Жэймс нэг хөлдөө хар, нөгөө хөлдөө цагаан өнгийн пүүз өмсөж, хоёулынх нь ард алтан өнгийн үсгээр ​​"тэгш байдал" (equality) гэсэн үгийг томоор бичүүлэн өөрийн байр сууриа илэрхийлж байв. Тоглолтын дараа тэр Трампын талаар "Энэ бол гайхалтай сайхан улс. Бид хэн нэг ганц хүнд энэ улс хэр үзэсгэлэнтэй, хэр хүчирхэг болохыг тодорхойлох боломжийг хэзээ ч олгохгүй" хэмээн мэдэгджээ. Жэймс мөн олон нийтийн сүлжээнд Трампыг "бүтэхгүй нөхөр" хэмээн нэрлэж байсан бөгөөд “Тэр хэдэн хүүхэд арьс өнгө, уг гарлаасаа үл хамааран өөрийг нь АНУ-ын ерөнхийлөгч хэмээн харж, дуурайж, үлгэр болгож байгааг ойлгохгүй байна. Энэ нь миний санааг юу юунаас илүү зовоодог” гэж хэлж байсан юм. NBA-гийн аварга цолыг дөрвөн удаа хүртсэн Жэймс 2018 онд нийгмийн асуудлуудын талаар байр сууриа илэрхийлснийхээ төлөө Трампыг дэмждэг "Fox News"сувгийн хөтлөгч Лаура Инграхамын шүүмжлэлд өртсөн ч нийгмийн асуудал болон улс төрийн нөхцөл байдлын талаар дуу хоолойгоо хүргэхээ зогсоох бодолгүй байгаагаа илэрхийлж байлаа. "Бид хэзээ ч амаа хамхиад зөвхөн бөмбөгөө залахгүй. Би лав тэгэхгүй. Би нийгмийн хувьд, залуучуудын хувьд, мөн гарах гарцгүй мэт санагдах хүнд нөхцөлд орчхоод хэн нэгний тусламж хүсэж буй олон хүүхдийн хувьд маш чухал хүн шүү дээ” гэж тэр энэ үеэр хэлж байв. Жэймс энэ үеэр Мухаммед Али, Жим Браун, Билл Расселл, Жэки Робинсон нарыг дурдсан бөгөөд тэд бол нэр төр, шагнал урамшууллыг үл тоон тэгш байдал, өөрчлөлтийн төлөө дуугарч байсан тамирчид юм. Жэймс бас 2020 онд "Associated Press" агентлагийн "Оны шилдэг эрэгтэй тамирчин"-аар шалгарч байлаа. Үүнд түүний Лос-Анжелес Лэйкерс багийг аварга болгоход манлайлсан нь нөлөөлснөөс гадна "Black Lives Matter" хөдөлгөөний оргил үед өмнө нь хэзээ ч санал өгч байгаагүй олон хүнийг сонгуулийн санал хураалтад оролцоход нөлөөлсөн нь чухал үүрэг гүйцэтгэжээ. "Би талбай дээр юу хийхээ сайн мэднэ, мөн тоглолтынхоо төлөө бүхнээ зориулдаг. Гэхдээ одоогийн байдлаар би талбай дээрхээсээ илүүтэйгээр талбайн гадна нийгэмд илүү их нөлөө үзүүлж чадна. Сагсан бөмбөг тоглох арга барилаараа дамжуулан хүмүүст урам зориг өгсөөр байхыг хүсэж байна. Гэхдээ талбайн гадна хүмүүсийг хөгжүүлэх, урамшуулах, нэгтгэх, тэдэнд хүч чадал өгөх гээд хийж болох өөр олон зүйл бий” гэж тэр хэлж байсан юм. Жэймсийн улс төржилт бусад мэргэжлийн тамирчдын шүүмжлэлд өртөж байсан түүх бий. Тухайлбал AC Milan багийн довтлогч, LA Galaxy багийн од асан Златан Ибрагимович 2021 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа улс төр, нийгмийн асуудалд анхаарал хандуулдаг тамирчдыг шүүмжилж байжээ. Жэймс болон бусад тамирчдыг улс төрийн үйл хэрэгт оролцохыг тэр "алдаа" гэж нэрлээд "тэд зүгээр л өөрсдийн хамгийн сайн чаддаг зүйлээ л хийх хэрэгтэй, учир нь энэ байдал тэднийг тийм ч сайхан харагдуулахгүй байна" гэж хэлсэн юм. Харин Жэймс үүний хариуд “Би хэзээ ч буруу зүйлийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй” гэж хэлж байжээ. Эх сурвалж: Associated Press

Read full article →