Нью-Йорк хотын зөвлөл морь хөллөсөн сүйх тэрэгний үйлчилгээг хориглох шийдвэр гаргажээ
Нью-Йорк хотын зөвлөл 2028 оноос эхлэн тус хотод морь хөллөсөн сүйх тэрэгний үйлчилгээг хориглох шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь олон зуун ажлын байрыг устгахаар байна. Хотын зөвлөл Пүрэв гарагт "Романчийн хууль”-ийн төслийг хэлэлцэж, санал хураалт явуулжээ. Энэхүү хуулийн төслийг өнгөрсөн зун Төв Цэцэрлэгт Хүрээлэнд (Central Park) морин тэрэгнээс шидэгдэн унаж, амиа алдсан 18 настай Романч Махажаны дурсгалд зориулан ийнхүү нэрлэжээ. Шийдвэрийн дагуу 2028 оны зургаадугаар сараас эхлэн морин тэрэгний үйл ажиллагаа бүрмөсөн зогсох юм. Мөн уг хуулийн төсөлд 2027 онд энэ салбарт ажиллаж буй хүмүүс болон бизнес эрхлэгчдэд өөр салбарт шилжин ажиллахад нь туслах төлөвлөгөө боловсруулах тухай тусгасан байна. Пүрэв гарагийн өглөө хотын зөвлөлийн эрүүл мэндийн хороо уг хоригийг 6:3 харьцаатай саналаар дэмжсэн нь хотын зөвлөлийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх замыг нээж өгчээ. Эцсийн санал хураалт болохоос хэдхэн цагийн өмнө морин тэрэгний хөтөч нарыг төлөөлдөг Тээврийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн 100 дугаар салбарын гишүүд болон ажилчид хотын захиргааны байрны гадаа цугларч, уг хуулийн төслийг зогсоохыг шаардан эсэргүүцлээ илэрхийлж байв. Тэд гартаа шийдвэрийг эсэргүүцсэн бичиг бүхий уриа барьсан байсан бөгөөд нэгэн оролцогч бүр эсэргүүцлээ илэрхийлэхдээ адууны хомоолтой уут өргөн зогсож байжээ. Морин тэрэгний үйлчилгээ эрхлэгчид цаашид хэрхэх талаар тодорхой шийдэлгүйгээр амьжиргааны эх үүсвэрээ алдах эрсдэлтэй байгааг онцолж байлаа. Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Жон Самуэлсен хэвлэлд өгсөн ярилцлагадаа хуулийн төсөлд ажилчдыг өөр салбарт дахин сургах бодит төлөвлөгөө тусгагдсан гэдгийг "огт худал" гэж мэдэгджээ. Тэрбээр "Үүнд ямар ч бодит зүйл алга. Зөвхөн 'авч үзнэ' гэсэн ерөнхий үг хэллэг л байна. Ийм байж болохгүй" гэж хэлсэн юм. Хориглохыг дэмжигчид олон жилийн турш морин тэрэгний үйлчилгээтэй холбоотой аюул эрсдэл, зорчигчид болон явган зорчигчдод учирч болзошгүй аюулын талаар санаа зовнилоо илэрхийлсээр ирсэн бөгөөд Махажаны үхлийн дараа энэ асуудал орон даяар анхаарлын төвд орсон юм. Сүйх тэрэгний морьдыг хэрхэн арчилж, хэрхэн хандаж байгаа асуудал ч мөн маргаан дагуулсаар ирсэн. Амьтны сайн сайхны төлөө тэмцэгчид энэ салбарт үүссэн нөхцөл байдлыг шүүмжилж, 2020 оноос хойш хэд хэдэн морь үхсэн, тэр дундаа тэрэг чирч явах үедээ морьд ухаан алдан унасан тохиолдлууд гарч байсныг онцолжээ. Энэхүү шийдвэр гарахаас өмнө Дональд Трамп өөрийн сошиал хуудсанд бичихдээ "Зөвхөн нэг эмгэнэлт ослоос үүдэн зуу гаруй жилийн түүхтэй, хүмүүсийн хайртай Төв Цэцэрлэгт Хүрээлэнгийн сүйх тэрэгний үйлчилгээ үгүй болж байгаад харамсаж байна" гэсэн байна. Тэрбээр цааш нь "Энэ бүсэд автомашины осол олон гардаг ч тэд автомашинуудыг цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэхийг хориглодоггүй шүү дээ. Тэгвэл яагаад сүйх тэрэгний үйлчилгээг хориглож байгаа юм бэ? Энэ бол гайхалтай уламжлал байсан. Түүхийн бас нэг хэсэг устаж алга боллоо” гэж бичжээ. Тээврийн ажилчдын үйлдвэрчний эвлэл хууль батлагдвал холбооны шүүхэд хандахаар төлөвлөж байгаагаа хотын албан тушаалтнуудад мэдэгдсэн байна. Пүрэв гарагийн санал хураалт нь энэ сарын эхээр хотын дарга Зохран Мамдани болон хотын зөвлөлийн дарга нар Нью-Йорк хот даяар сүйх тэргээр аялахыг зогсоохоор тохиролцооны дараа болсон юм. Мамдани өмнө нь засаг захиргаа энэ уламжлалыг зогсоохын зэрэгцээ холбогдох хүмүүст үзүүлэх үр дагаврыг шийдвэрлэхээр төлөвлөж байгаагаа тодорхой мэдэгдсэн. "Нью-Йорк хотод сүйх тэрэгний салбар төгсгөл болж байна. Манай засаг захиргаа ажилчид болон эздийг хамгаалж, морьдын аюулгүй байдлыг хангах болно" гэж Мамдани сошиал хуудсандаа бичжээ. Эх сурвалж: Associated Press
