Б.Түвшин: Оюутолгойн ₮3 их наяд яг ногдол ашиг мөн үү. Хэрэв мөн бол 66 хувийг эзэмшдэг тал нь ₮6 их наядыг авах уу
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг болон 2027 оны төсөвтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин Оюутолгойн гурван их наяд төгрөгтэй холбоотой асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Манай намын бүлэг 2027 оны төсөв дээр гурван байр суурь дээр нэгдэхээр болсон. Нэгт төсвийн алдагдлыг бууруулах ёстой. 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай гэж төсөөлөл баталсан атлаа 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар нэмэгдүүлж орж ирсэн. Хоёрт төсвийг төсвийн хүрээний мэдэгдэлд нь бариулах ёстой. Төсвийн хүрээний мэдэгдлээс давсан долоон их наяд төгрөгийн зардалтай байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг төсөв дагуулж өөрчилдөг байдлыг манай намын бүлэг эсэргүүцнэ. Төсвийн хүрээний хэмжээнд бариулж улсын төсвийг баталдаг байх ёстой. Гуравт Оюутолгойгоос гурван их наяд төгрөг орж ирнэ. Энэ мөнгө ногдол ашиг мөн үү. Хэрэв ногдол ашиг мөн бол 66 хувийг эзэмшдэг тал нь зургаан их наяд төгрөг авах уу. Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага нь шийдвэрээ гаргасан уу. Олон нийтэд ногдол ашиг гэж мэдээлсэн үү. Санхүүгийн тайлан бүртгэл дээр ногдол ашгийн байдлаар бүртгэж тайлагнасан уу. Одоогоор энэ гурван их наяд төгрөг ногдол ашиг мөн, биш нь мэдэгдэхгүй байна. Хэрэв энэ мөнгө орж ирвэл Баялгийн санд хуримтлагдах ёстой. Манай намын Л.Гантөмөр гишүүн Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөгийг ард иргэдэд тараах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Харин О.Цогтгэрэл гишүүн Оюутолгойн 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх, Б.Пүрэвдорж гишүүн тэтгэврийн зөрүүг арилгах, харин миний хувьд тэтгэврийн санг мөнгөжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Гэхдээ энэ бол бүлгийн нэгдсэн байр суурь биш зөвхөн үзэл баримтлал. Ардчилсан намын бүлгийн байр суурь бол Оюутолгойн гурван их наяд төгрөг Баялгийн санд орох ёстой. Засгийн газраас оруулж ирсэн Баялгийн сангийн хуулийг өөрчлөх асуудлыг дэмжихгүй. Дулааны цахилгаан станц барих нь эдийн засгийн хувьд маш үр ашигтай төсөл. Төр барьчихаар алдагдалд оруулаад байна. Тиймээс эдийн засгийн үр ашигтай төслийг Оюутолгойн мөнгөнөөс санхүүжүүлэх нь буруу" гэлээ.
