Путинийг “хүмүүнлэг” гэж зусардсан Трампын тусгай элч АНУ-д шүүмжлэлийн бай болж байна
Лхагва гарагт Санкт-Петербург хотод Трампын тусгай элч Стив Виткофф, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар уулзсаны дараа Украины дайныг дуусгах асуудлаар гурван талт яриа хэлэлцээг ирэх сард зохион байгуулахаар тохиролцсоныг Кремль зарласан билээ. Энэ уулзалтын үеэр Виткофф “Та миний ерөнхийлөгч Трампыг хүмүүнлэг үзэлтэн гэж их ярьдаг. Та ч бас хүмүүнлэг үзэлтэн юм байна, эрхэм ээ. Би үүнийг тань үнэхээр хүндэтгэж байна” гэж Путинд хандан хэлсэн нь АНУ-ын улс төрийн хүрээнд хурц шүүмжлэл дагуулаад байна. Сүүлийн саруудад Трампыг байнга шүүмжлэх болсон Бүгд Найрамдах намын сенатор Том Тиллис “Энэ юу болоод байна аа, Стив? Хүмүүнлэг үзэлтэн гэдэг үгийн тодорхойлолтыг дахиад нэг хараач” гэж сошиал хуудсандаа бухимдан бичжээ. Бүгд Найрамдах намын хувь заяаг шийдэх Конгрессын завсрын сонгууль ойртохын хэрээр Трамп тав дахь жилдээ үргэлжилж буй дайныг дуусгахын тулд Украины талд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт тэр Оросоос дизель түлш авах, ингэхийн тулд тус улсын эсрэг зарлах гэж байсан хориг арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан. Уг хориг арга хэмжээний хуулийг өнгөрсөн зун нас барсан Бүгд Найрамдах намын нөлөө бүхий сенатор Линдси Грэмийн нэрээр нэрлэсэн юм. Трамп ингэхдээ АНУ-ын болон дэлхийн зах зээлд түлш шатахууны үнэ өссөн явдлыг Ираны дайнтай хамааралгүй, зөвхөн Оросын газрын тосны үйлдвэрүүдэд довтолсон Украины ажиллагаанаас болсон гэж буруутгаж байгаа. Мөн сүүлийн үед АНУ-ын тал Украинд өгдөг тагнуулын мэдээллээ зогсоосон, сансрын холбооны системээ хязгаарласан тухай Киевийн эрх баригчид гомдоллох болсон. Энэ бүх алхам Трампын шүүмжлэгчдийг төдийгүй, нам нэгтнүүдийг нь ч бухимдуулж байна. "Дональд Трамп албан тушаалд орсноос хойш манай засаг захиргаа Оросын ерөнхийлөгчийн талд үйлчлэх болсныг бид харсан" гэж Гадаад Харилцааны Зөвлөлийн судлаач Лиана Фикс хэлжээ. “Трампын завсрын сонгуулийн өмнөх сандралыг Путин ашиглаж, түүгээр маш сайн тоглож чадаж байна" гэж тэр нэмж хэлсэн юм. "Заримдаа би АНУ-ын хүмүүс Украин улс Оросын түрэмгийлэгчийн эсрэг оршин тогтнолын төлөө дайтаж байгааг ойлгож байгаа болов уу гэж гайхдаг" гэж АНУ-ын армийн тэтгэвэрт гарсан хурандаа, Вест Пойнт дахь цэргийн түүхийн хөтөлбөрийн захирал асан Жиан Жентиле хэлжээ. “Трампын эдгээр үйлдлүүд нь Украинд хор хөнөөл учруулах зорилготой гэдэгт эргэлзэх зүйл алга" гэж АНУ-ын тэнгисийн цэргийн тэтгэвэрт гарсан хурандаа, Стратегийн болон Олон Улсын Судалгааны Төвийн ахлах зөвлөх Марк Канчиан хэлсэн байна. Трамп, Путин нарын хэлхээ холбоо, харилцааны асуудал эртнээс анхаарлын төвд байсаар ирсэн. 2016 онд сонгуульд ялахад нь Оросын нөлөө орсон эсэх асуудлыг мөрдөн шалгах ажил Конгрессын шийдвэрээр хэрэгжиж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл Трамп үүнийг “худал гүтгэлэг” хэмээн гомдоллодог юм. Эх сурвалж: AFP
