Depository of News

Францын үймээн самууны талаар “тэнэг” зүйл ярьсан хэмээн Трамп, Нетаньяху нарыг Макрон далд утгаар шүүмжлэв

newsdepo.com · world

Франц даяар өрнөж буй үймээн самууны талаар "тэнэг" зүйл ярьсан хэмээн Трамп, Нетаньяху нарыг тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон далд утгаар шүүмжилжээ. Лхагва гарагт тэрбээр улс оронд нь өрнөж буй эсэргүүцлийн жагсаал, үймээний талаар "тэнэг" байр суурь илэрхийлсэн дэлхийн удирдагчдыг шүүмжилсэн нь үнэндээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нарыг онилсон үг байв. Макрон мэдэгдэлдээ эдгээр удирдагчид өөрсдийн улс оронд болох сонгуульд давуу тал олж авахын тулд “Францыг ашиглаж байна” гээд тэднийг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн хуурамч зураг, дүрс бичлэгүүдэд хэт автсаныг шүүмжилжээ. Амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өнгөрсөн Бямба гарагт үймээн самуун, эмх замбараагүй байдал болж хувирсан нь сүүлийн жилүүдэд Францад тохиолдоогүй ноцтой хүчирхийллийг дэгдээсэн юм. Персийн булангийн орнуудад хийсэн айлчлалынхаа дараа Доха хотод сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Макрон "Гадаадаас мэдээлэлд хөндлөнгөөс нөлөөлсөн нь гадаадын зарим удирдагчдыг оролцуулаад олон хүний ​​зүгээс хүлээн зөвшөөрөхийн аргагүй, бүр тэнэг гэмээр мэдэгдэл гарахад хүргэлээ" гэж хэлжээ. Тэрбээр Трамп, Нетаньяху нарын нэрийг шууд дурдаагүй ч АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд арваннэгдүгээр сард болох чухал завсрын сонгуулийг хүлээж байгаа бол Израилийн ерөнхий сайд энэ сарын сүүлээр болох парламентын сонгуулиар улс төрийн хувь заяагаа шийдэх гэж байгаа билээ. Макроны үзэж байгаагаар сонгуулиар амьсгалсан эдгээр удирдагчид хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн мэдээллийг "заримдаа хэт итгэмтгийгээр" давтан ярьж байгаа гэнэ. Мягмар гарагт Нетаньяху хэлэхдээ Франц улс "хэт даврагч исламын шашинтнуудын довтолгоонд" өртсөн гэж мэдэгдсэн бол Трамп "Францад болж буй үйл явдал цагаачлалтай холбоотой" хэмээн мэдэгдэж байв. Трамп мөн ирэх онд болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хэт барууны үзэлтэн Марин Ле Пэнийг "консерватив дуу хоолой" хэмээн магтжээ. Францад амралтын өдрүүдэд болсон үйл явдлаас "гадаадын хөндлөнгийн оролцоо" олж хараагүйгээ Макрон илэрхийлсэн ч "Бид хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн, Францад хэзээ ч болоогүй үйл явдлуудыг харуулсан дүрс бичлэгүүдийг олж харсан. Зарим хүмүүс биднийг 'цагаачид болон исламын шашинтнуудын сүрэгт эзлэгдсэн' гэж ярьж байгаа нь огт худал зүйл. Өнөөдөр бидний тухай муу хэлж буй хүмүүс манай улсад дургүй хүмүүс юм" гэж хэлсэн байна. Макрон ийм эмзэг цаг үед Ойрх Дорнодод айлчилсан, мөн Ням гарагт ард түмэндээ хандан үг хэлэхдээ цаашдаа яаж ажиллах талаар тодорхой чиг шугамыг дэвшүүлээгүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа. Гэхдээ эх орондоо буцахаасаа өмнө нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авч чадсаныг тэр онцлон хэлсэн юм. "Сандран тэвдэж буй ямар ч шинж тэмдэг харуулах ёсгүй. Би өөрийн үүргээ гүйцэтгэж байна. Би хариуцсан албан тушаалаа хашиж байна" хэмээн Макрон хэлжээ. Эх сурвалж: AFP

Read full article →