Системийн ноцтой “цоорхой” илэрсний улмаас дэлхий даяар вэб сайтуудын ажиллагаа тасалдав
Интернэтийн ихээхэн хэсгийг бүрдүүлэгч программчлалын хэлэнд илэрсэн кибер аюулгүй байдлын хоёр ноцтой алдааны улмаас Лхагва гарагт дэлхий даяар олон мянган вэб сайтын үйл ажиллагаа тасалджээ. Эдгээр нь PHP программчлалын хэлэнд илэрсэн бөгөөд Лхагва гарагийн үдээс хойш үүнийг засварлах шинэчлэлт гарсан байна. Кибер аюулгүй байдлын хэд хэдэн байгууллага хэрэв засварыг цаг тухайд нь хийх боломжгүй бол вэб сайтуудаа түр хаахыг зөвлөсний дагуу Финландын засгийн газар, Эдинбург хотын зөвлөл, BBC зэрэг байгууллагууд өөрсдийн вэб хуудаснуудаа сүлжээнээс түр салгажээ. Эдгээр алдааг хиймэл оюун ухаан илрүүлсэн аж. Хиймэл оюун ухаан нь өнөөдөр кибер орчны дүр төрхийг бүхэлд нь өөрчилж байна. Финланд улс засгийн газрын олон нийтэд зориулсан вэб үйлчилгээнүүдээ түр хугацаагаар хаасан бол Нидерландын кибер аюулгүй байдлын агентлаг мөн дээрх сул талуудын улмаас өөрийн вэб сайтаа хааж байгаагаа мэдэгджээ. АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг (NSA) сошиал хуудсаараа дамжуулан байгууллагуудад хандаж, хэрэв системийн засварыг хийх боломжгүй бол системээ сүлжээнээс салгахыг зөвлөсөн юм. Тус агентлагийн мэдэгдэлд "Эдгээр алдаанууд нь ихэвчлэн серверийн файлын систем эсвэл өгөгдлийн сан руу шууд нэвтрэх боломжийг олгодог" гэж тайлбарласан байна. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын холбооны агентлагууд хиймэл оюун ухааны тэргүүлэх лабораториудтай хамтран асуудлыг шийдвэрлэхээр шуурхай ажиллаж байгааг Цагаан ордон мэдэгджээ. Японы ерөнхий сайд Санаэ Такаичи нээлттэй вэб сайтууд нь PHP хэл дээр ажиллаж байгаа эсэхийг шалгахыг хүмүүст сошиал хуудсаараа дамжуулан уриалжээ. Википедиа цахим нэвтэрхий толийг эрхлэн хөтөлдөг "Wikimedia Foundation" байгууллага уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдсэний дараа Лхагва гарагт зарим хэрэглэгчид Википедиагийн тодорхой хэсгүүдэд хандах боломжгүй болсон байна. Түүнчлэн Эдинбург хотын зөвлөлийн вэб сайт болон BBC-ийн "Doctor Who", "The Traitors" зэрэг хэд хэдэн нэвтрүүлгийн цахим хуудаснууд мөн адил хандах боломжгүй болжээ. PHP хэлний системд арван жил гаруй хугацаанд байсан уг алдааг OpenAI компанийн дэвшилтэт хиймэл оюун ухааны хэрэгсэл илрүүлсэн юм байна. OpenAI компани блог нийтлэлдээ үүнийг "сүүлийн үед гарсан аюулгүй байдлын хамгийн ноцтой асуудлуудын нэг" хэмээн тодорхойлжээ. Дэлхий даяар ажиллаж буй вэб сайтуудын 70 орчим хувь PHP хэлээр бүтээгдсэн байдгийг кибер аюулгүй байдлын Wiz компани блог нийтлэлдээ мэдээлсэн байна. OpenAI компани алдааг наймдугаар сард илрүүлж, PHP Foundation байгууллага уг асуудлыг бүрэн шийдвэрлэх шинэчлэлтийг (программ хангамж хөгжүүлэгчдийн хэллэгээр "patch" буюу нөхөөс) бэлтгэж, энэ сарын сүүлээр олон нийтэд зарлахаар төлөвлөж байсан ч сая уг алдааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл сошиал сүлжээгээр нийтэд задарчээ. Үүний улмаас PHP Foundation уг алдаа болон түүний цар хүрээний талаарх мэдээллийг яаралтай зарлахаас өөр аргагүйд хүрсэн байна. "PHP хаа сайгүй бий. Энэ нь WordPress, Drupal, Joomla, Magento сайтууд, хамтын хостинг (shared hosting) платформууд, удирдлагын самбарууд, тэр ч байтугай цаанаа PHP ашиглаж байгаагаа огт зарладаггүй маш олон төрлийн программ хангамжуудын үйл ажиллагааг чимээгүйхэн хангаж байдаг" гэж кибер аюулгүй байдлын Huntress компани мэдэгджээ. Sophos компанийн аюул заналтай тэмцэх нэгжийн (Counter Threat Unit) кибер аюулгүй байдлын шинжээч Дон Смит илэрсэн алдаа нь хакеруудын хувьд "нэн тэргүүний бай" болох магадлалтайг анхааруулсан байна. "PHP-ийн хэрэглээ маш өргөн хүрээтэй, энэ нь олон нийтэд нээлттэй вэбсайтууд, контент удирдах системүүд, хостинг платформууд болон гуравдагч талын бүтээгдэхүүнүүдийн цаана нуугдаж байж болох бөгөөд зарим тохиолдолд үүнийг ашиглаж буй байгууллага өөрөө ч үүнийг анзаараагүй байх магадлалтай" гэж тэр хэлжээ. Байгууллагуудын системд хакерууд "аль хэдийн нэвтэрч, байр сууриа бэхжүүлсэн" байж болзошгүй тул хэдийгээр нөхөөсөөр шинэчилсэн ч шинж тэмдгүүдийг сайтар анхаарч үзэх нь нэн чухал болохыг Смит сануулсан байна. Эх сурвалж: BBC
