Тусгай замын автобус төслийн хоёрдугаар шатны тендерийг энэ сард нээнэ
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх төслүүдийн явцыг танилцуулав. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас танилцуулснаар “Тусгай замын автобус BRT” төслийн зураг төсөл (DED) болон үйл ажиллагааны төлөвлөлт(DOD)-ийн зөвлөх үйлчилгээний тендерийн хоёрдугаар шатыг 2026 оны аравдугаар сарын 26-ны өдөр нээж, техникийн болон үнийн саналыг үнэлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус зөвлөх үйлчилгээний тендерүүдийн оролцох сонирхлыг Олон Улсад нээлттэй зарлаж, материалыг 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авсан бөгөөд Зураг төсөл(DED)-ийн зөвлөх үйлчилгээний тендерт 23, үйл ажиллагааны төлөвлөлт(DOD)-ийн зөвлөх үйлчилгээний тендерт 13 оролцогч материалаа ирүүлсэн байна. Үнэлгээний хороод ирүүлсэн материалыг хянан үнэлж, тендер тус бүрд зургаан оролцогч буюу нийт 12 оролцогчийг богино жагсаалтад шалгаруулжээ. Цаашид төслийн хэрэгжилтийг хангах хүрээнд эрчим хүчний инженерүүдийн оролцоог нэмэгдүүлж, шаардлагатай мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатайг төслийн удирдагчдын зүгээс тодотгов. Харин “Улаанбаатар трамвай” төслийн хувьд, техник, эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дууссан, дараагийн ажил буюу газар чөлөөлөлтийг шуурхайлах гарц шийдлийг гаргажээ. BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх төслийн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулах суурь судалгааны ажил эхэлсэн болохыг мэдээлэв. “Sky Shuttle” нь батарейгаар ажилладаг, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих тээврийн хэрэгсэл байна. Сануулахад трамвай төслийн нэгдүгээр шугам буюу Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл явах чиглэлийн шугамыг Оросын компани барих саналаа илэрхийлээд байгаа бол хоёрдугаар шугамыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болоод байгаа юм. Трамвайны нэгдүгээр шугамыг барих төсөвт өртөг 1.2 их наяд, хоёрдугаар шугамыг барих төсөвт өртөг 1.5 их наяд буюу нийт өртөг 2.7 их наяд төгрөг шаардлагатай. Энэ онд нийслэлийн төсвөөс санхүүжих дүн 325 тэрбум төгрөг байна. Харин Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намьянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд нийт 12.9 километр урттай, 19 буудалтай тусгай замын автобусыг(BRT) явуулахаар төлөвлөөд буй. Төслийн урьдчилсан зураг төслийн ажлыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа аж.
