Depository of News

Орос улс АНУ, Украинтай энхийн яриа хэлэлцээ эхлүүлэхээр болсныг Трампын элчтэй уулзсаныхаа дараа Путин мэдэгдэв

newsdepo.com · world

АНУ-ын зуучлалтайгаар Украинтай хийх энхийн яриа хэлэлцээг ирэх сард багтаан сэргээхийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зөвшөөрсөн тухай Лхагва гарагт Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. Энэхүү шийдвэр нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европ тивд гарсан хамгийн том цуст мөргөлдөөнийг зогсоох гэсэн АНУ-ын хүчин чармайлтын хүрээнд Путин өчигдөр Трампын тусгай элч Стив Виткоффтой уулзсаны дараа гарч байна. Санкт-Петербург хотын эзэнт гүрний үеийн сүрлэг ордонд болсон энэхүү уулзалт нь Виткофф, Путин нарын ес дэх нүүр тулсан уулзалт байв. Уулзалтын эхэнд Оросын талаас сайн санааны илрэл болгож, тус улсад хоригдож байсан АНУ-ын тэтгэвэрт гарсан багш Стивен Хаббардыг сулласан юм. Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг сулласныг сошиал хуудсаараа баталгаажуулахдаа АНУ-ын зүгээс үүний хариуд ямар нэгэн зүйл өгөх шаардлага гараагүйг мэдэгджээ. Хаббард 2022 оны дөрөвдүгээр сард анх саатуулагдаж, улмаар зургаан жил, 10 сарын хорих ял сонссон юм. Гэвч түүнийг буруутгасан үндэслэлд гэр бүлийнхэн нь болон АНУ дахь өмгөөлөгч нь эргэлздэг. Лхагва гарагт болсон энэхүү уулзалт нь Украин улсаас АНУ нүүрээ буруулж байж болзошгүй гэсэн болгоомжлол Киев болон түүний холбоотнуудын дунд үүсээд буй цаг үед тохиож байна. Тухайлбал сүүлийн үед Оросын халдлагын талаарх бодит цагийн мэдээллийг өгөхөөс АНУ заримдаа татгалзаж, Украины цэргийн харилцаа холбооны үйл ажиллагаанд саад учруулж байна гэсэн шүүмжлэл гарах болсон. Энэхүү уулзалт нь Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украины дайныг 24 цагийн дотор зогсооно гэж амласнаас нь хойш хоёр жил гаруй хугацааны дараа болж байна. Кремлийн мэдээлснээр техникийн түвшинд явагдах энэхүү гурван талт энхийн хэлэлцээг Абу Даби хотод зохион байгуулж магадгүй бөгөөд гол анхаарлаа дайн дууссаны дараа Украин болон Оросын аюулгүй байдлыг хэрхэн баталгаажуулах асуудалд хандуулах гэнэ. Яриа хэлэлцээ арваннэгдүгээр сарын 10-ны өдөр эсвэл түүнээс хойш эхэлж болзошгүйг Кремль мэдээлжээ. АНУ-ын зуучлалтай өмнөх энхийн хэлэлцээ хоёрдугаар сард, тодруулбал АНУ болон Израиль улс Ираны эсрэг дайн эхлүүлэхээс өмнө болж байв. Виткоффын уулзалтаас нэг өдрийн өмнө Осло хотноо Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, Финланд, Норвегийн удирдагчид, Европ, НАТО-гийн төлөөлөгчидтэй уулзсан юм. Виткофф энэ уулзалтын үр дүнгийн талаар Путинд мэдээлэл өгсөн байна. Гэвч гурван цаг орчим хугацаанд үргэлжилсэн Санкт-Петербургийн уулзалтын дараа Кремлийн зөвлөх Юрий Ушаков сэтгүүлчдэд хэлэхдээ “Уг уулзалтаар яригдсан зарим нарийн ширийн зүйл бидний сэтгэлд бүрэн нийцэхгүй байна" гэж хэлжээ. Украин, Орос хоёр энхийн хэлэлцээр байгуулах нөхцөл дээр санал зөрөлдөж байгаа ч Трамп сүүлийн үед Киевийн эрх баригчдад ямар нэгэн тохиролцоонд хүрэхийг тулган шахалт үзүүлэх нь нэмэгдсэн. Мягмар гарагт тэр хэлэхдээ Украины хувьд дайныг зогсоох цаг болсон, эс тэгвээс "маш муу зүйлтэй нүүр тулна” хэмээн анхааруулж байв. Путин мөн Лхагва гаригийн уулзалтын үеэр Трампын засаг захиргаанд Ирантай хэлэлцээр хийхэд нь туслах санал тавьсан байна. Орос улс Техрантай олон арван жилийн харилцаатай байсныхаа хувьд Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх АНУ-ын санаа зовнилыг шийдвэрлэх хөшүүргийг олоход туслах саналыг тавьсаар ирсэн юм. Үүнээс гадна Орос улс АНУ-ын тариаланчдад туслах зорилгоор их хэмжээний бордоо нийлүүлэх боломжтойг тэр Виткоффт дуулгажээ. Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай ирэх сард Хятадад уулзах боломжийн талаар талууд мөн энэ үеэр хэлэлцсэн байна. Путиний хувьд Украины дорнод хэсэгт орших Донецк мужийг Оросын бүрэн хяналтад байлгах, Киевийг НАТО-д элсүүлэхийг хориглох, түр гал зогсоохоос татгалзаж, шууд энхийн гэрээ байгуулах зэрэг дайны гол зорилтуудаасаа ухрах шинж тэмдэг харагдахгүй байна. Виткоффтай хийсэн уулзалтад Путиний хөрөнгө оруулалтын тусгай элч Кирилл Дмитриев мөн байлцсан бөгөөд хоёр улсын эдийн засгийн хамтарсан томоохон төслүүдийн талаар хэлэлцсэнийг Кремлиэс мэдээлжээ. Трамп энэ сарын эхээр АНУ-ын зах зээлд үнэ бууруулах зорилгоор Оростой дизель түлш экспортлох гэрээ байгуулснаа зарласнаас хойш АНУ-Украины харилцаа эрс муудсан. Иранд дайн эхлүүлснээс хойш түлш шатахууны үнэ өссөн нь ирэх сард болох Конгрессын завсрын сонгуулийн өмнө Бүгд Найрамдах намынхныг хүнд байдалд оруулаад байгаа. Дизель түлшний хэлэлцээр хийснээс хойш тагнуулын мэдээлэл солилцох, Starshield цэргийн хиймэл дагуулын системийг ашиглахад саад тулгарсан талаар Киевийн эрх баригчид гомдоллож байсан ч Мягмар гарагт болсон Ослогийн уулзалтаар эдгээр асуудлыг шийдвэрлэх тохиролцоонд хүрснийг Зеленский мэдэгджээ. SpaceX-ийн Starlink хиймэл дагуулын холбооны цэргийн зориулалттай хувилбарын хурдыг удаашруулах тушаалыг тэрбумтан Илон Маск өгсөн тухай Уолл Стрит Журнал сонин өчигдөр Цагаан ордны албаны эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна. Өмнө нь Маск ийм шийдвэрийг АНУ-ын арми эсвэл ерөнхийлөгч л гаргадаг гэж хэлж байсан юм. Гэвч Трамп ийм шийдвэр гаргаснаа үгүйсгэж байгаа. Лхагва гарагт төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио бас ийм шийдвэрийг засаг захиргаа нь гаргаагүйг дахин баталсан байна. Эх сурвалж: Reuters

Read full article →