Дулаан зогсоолоос татвар авч буйг цуцлах өргөдөлд 49,000 орчим хүн гарын үсгээ зураад байна
Орон сууцны В1 давхрын дулаан зогсоолоос үл хөдлөхийн хөрөнгийн татвар авч байгаа. Үүнийг цуцлах саналыг иргэн О.Батхүү гарган, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. 100,000 хүний гарын үсгийг цуглуулах зорилготой энэхүү цахим өргөдөлд одоогоор 49,000 орчим хүн нэгдсэн байна. Саналынхаа талаар иргэн О.Батхүү "Улаанбаатар хотод хоёр орон сууцтай хүн үл хөдлөхийн татвар төлдөггүй. Гэтэл нэг гарааштай бол татвар төлөх хуультай. Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө биш. Манайх шиг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай хотод гарааш тансаг хэрэглээ гэхээсээ илүү автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц юм. Гарааштай байх нь түгжрэлд нөлөөтэй. Машинаа гудамж, орц гарц, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай дээр тавихын оронд зориулалтын талбайд байрлуулна гэсэн үг. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд дараах нэмэлт оруулах санал гаргаж байна" гэжээ. Санал авах хугацаа дуусахад 15 хоног үлдсэн бөгөөд хэрэв дулаан зогсоолыг татвараас чөлөөлөхийг дэмжих бол энд дарж гарын үсгээ зурах боломжтой. Дулаан зогсоолын татварын талаар өмнө нь Татварын Ерөнхий Газраас тодруулахад "Татвар төлөгч нь хөрөнгөө бүртгүүлэх үүрэгтэй. Хэрэв бүртгүүлээгүй бол татварын алба бүртгэх эрх бий. Энэ дагуу бүртгэж байгаа. Бүртгэл үүсгэснээр ногдуулалт хийгдэнэ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(ИТХ)-аас баталсны дагуу ногдуулах хэмжээ нь 0.6-1 хувь байна. Хаяг байршлаасаа хамаарч 0.6, 0.8 болон нэг гэсэн ялгаатай хэмжээтэй" хэмээж байв .
