Depository of News

Орано групп Монгол Улсад ураны хайгуулын чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллах эрмэлзлээ дахин нотоллоо

newsdepo.com · sport

Орано групп өөрийн охин компани болох “Орано ИМП Монгол Ресурс” ХХК-иар дамжуулан Монгол Улсын Үндэсний геологийн албатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь талуудын геологийн судалгааны чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Орано группийн зүгээс Монгол Улсын хайгуулын нөөц боломжид итгэх итгэлийг дахин баталж байна. Монгол Улсын Үндэсний геологийн албатай байгуулсан энэхүү санамж бичиг нь геологи, гидрогеологи болон хайгуулын судалгааны чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Санамж бичигт 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр GIMAR 2026 бага хурлын үеэр гарын үсэг зурлаа. Санамж бичиг нь хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэрэгжүүлэх хамтарсан төсөл, хөтөлбөрийн хүрээг тодорхойлохын зэрэгцээ талуудын хооронд байгуулах хамтын ажиллагааны гэрээний үндэс суурийг бүрдүүлж байна. Энэхүү хамтын ажиллагаагаар Монгол Улсын геологийн нөөц боломжид итгэх итгэл, ирээдүйд ашигт малтмалын нөөцийг хөгжүүлэхэд бий болж болох боломжуудад тулгуурлан Монгол Улсад ураны хайгуулын чиглэлээр урт хугацаанд тууштай ажиллах Орано группийн эрмэлзлийг илэрхийлж байгаа билээ. Үндэсний геологийн байгууллагуудтай хамтран ажилласнаар тус компани Монгол Улсын геологийн тогтоц, онцлогийн талаарх мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулж, хариуцлагатай хайгуулын үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Монгол Улс дахь Орано группийн уул уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Корали Прин хэлэхдээ: “Орано групп Монгол Улсад түншлэл, харилцан итгэлцлийн зарчим дээр тулгуурлан ажиллаад олон жил болж байна. Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар Монгол Улстай урт хугацаанд хамтран ажиллах тууштай эрмэлзлээ дахин нотолж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын геологийн нөөц боломжийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, ашигт малтмалын нөөцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн төлөө Монгол Улсын төр, засгийн байгууллагуудтай мөр зэрэгцэн ажиллах бидний бат эрмэлзлийг илэрхийлж байна” хэмээн онцоллоо. Орано группийн Геологийн албаны захирал Николя Флотте нэмж хэлэхдээ: “Геологийн тогтоц, онцлогийг ойлгох нь аливаа уул уурхайн төслийг хөгжүүлэх эхний алхам байдаг. Газрын хэвлийн талаарх бидний мэдлэг, туршлагыг нэгтгэснээр Монгол Улсын геологийн мэдлэгийг ахиулахад хувь нэмэр оруулж, өөрсдийн хүлээсэн үүрэг, амлалтад нийцсэн хариуцлагатай, тогтвортой ашигт малтмалын хайгуулыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна” гэв.

Read full article →