Depository of News

Монгол, ХБНГУ-ын иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрч, Франкфурт хотод Консулын газар нээхээр болов

newsdepo.com · sport

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр /2026.10.20/ ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан ёсоор угтан авсан юм. Угталтын ёслолын дараа төрийн тэргүүнүүд хоёр улсын хооронд байгуулсан хамтарсан тунхаглалын талаар мэдэгдэл хийлээ. Хамтарсан тунхаглалаар хоёр улсын стратегийн түншлэлийг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон юм. Талууд хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжиж буй “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль”-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих, анх удаа зохион байгуулж буй “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг” зэрэг санаачилгад тулгуурлан эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, монгол оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы тэргүүн туршлагыг нэвтрүүлж, Монгол Улсад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон уулын явган цэргийн чиглэлээр төрөлжсөн сургалтууд зохион байгуулахаар тохиролцов. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, ногоон эдийн засгийн шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад тэргүүлэх ач холбогдол өгөхөөр боллоо. Түүнчлэн хоёр улсын иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах боломжийг судалж, энэ чиглэлээр яриа хэлэлцээг эхлүүлэх, Франкфурт ам Майн хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхээр болсныг зарлав. Эргэн сануулахад ноён Штайнмайэр 2024 оны хоёрдугаар сард манай улсад төрийн айлчлал хийж байсан билээ. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр "Миний бие Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монголд 27 хэмийн хүйтэн өвлийн улирал байсан бол өнөөдөр бид зуны температуртайгаар та бүхнийг хүлээн авч байна. Эрхэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамтарсан тунхаглалын баримт бичигт гарын үсгээ үзэглэлээ. Энэ айлчлалын хүрээнд хоёр орны түншлэл улам гүнзгийрч байгаагийн илрэл энэ юм. Монгол, Герман хоёр орны харилцааны гүн гүнзгий бат бөх холбооны үндэс нь хоёр орны иргэд хоорондын хэлхээ холбоо юм. Энэ жил онцгой нэгэн тэмдэглэлт жил тохиож байна. Тэртээ 100 жилийн өмнө монгол залуус Европын соёл, боловсролтой танилцахаар алсын замд гарсан байдаг. Тиймээс бидний 100 жилийн өмнөх учрал л өнөөг хүртэл бидэнд нөлөө үзүүлж байна. Энэ айлчлал дууссан хэдий ч олон сайхан учрал үргэлжилсээр байх болно. Герман хэлээр ярьдаг олон сайхан монголчууд байна. Монголын алдарт зохиолч Ч.Галсангийн уран бүтээл герман хэл дээр туурвиж байгаа бөгөөд эрхэм Ерөнхийлөгч танай хоёр охин хүртэл Герман улсад суралцаж байгаа нь бидний харилцааны том бэлгэдлийг харуулж байна. Өнөөдөр хоёр орны түүхэн солилцоо, харилцааны уламжлалыг Берлин хотноо нээлтээ хийх гэж байгаа Чингис хааны үзэсгэлэнгээр улам тодруулж байна. Энэхүү үзэсгэлэн нь ХБНГУ-ын олон мянган иргэдэд Монгол Улсын түүх соёлыг гүнзгий хүргэж, танин мэдэх боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна. Бид боловсролын салбар дахь хамтын ажиллагааны баялаг сайхан уламжлалтай. Герман, Монголын хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль болон мэргэжлийн боловсролын хосолмол сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэх мэтээр олон сайхан хамтын ажиллагаа бий. Ногоон чиглэлийн шилжилтийг хэрэгжүүлэхүйц ирээдүйн сорилтуудад дасан зохицох чадвар бүхий тогтвортой эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурийг энэ айлчлалын хүрээнд бүрдүүлж байна. Ингэснээр олон жилийн уламжлалт харилцааг шинэ түвшинд гаргаж байна. Энэ айлчлалын хүрээнд Германы Франкфурт-Майны хотод Монгол Улсын ерөнхий консулын газар бий болж байгаа нь хоёр орны эдийн засаг, орон нутгийн түвшинд хөгжихөд том хувь нэмэр болно гэж найдаж байна" гэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улс Герман улсыг гуравдагч хөрш, дотнын итгэлт түнш, анд нөхөр хэмээн үздэг бөгөөд Европын орнуудаас нэн тэргүүнд Герман улстай байгуулсан стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг Герман улсад 14 жилийн дараа хэрэгжүүлж буй төрийн айлчлал нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Эрхэм хүндэт ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч тантай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжил дэвшил, дэлхий ертөнцийн асуудлаар илэн далангүй ярилцсандаа баяртай байна. Та бидний яриа хэлэлцээний үр дүнд хоёр орны хамтарсан тунхаглалыг гаргаж, стратегийн түншлэлээ өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэтийн зорилгоо тодорхойлж чадлаа. Түүнчлэн хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаа, батлан хамгаалах, банк санхүү, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг энэ айлчлалын үеэр байгуулж байгааг цохон тэмдэглэж байна. Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын ерөнхий консулын газрын Франкфурт хотноо нээхээр болсныг албан ёсоор зарлаж байгаадаа баяртай байна. Монгол Улс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийн төлөө байдгаа харилцан ярилцлаа. Энэ хүрээнд 2011 онд байгуулсан ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар саналаа солилцлоо. Түүнчлэн Берлин хотноо зохион байгуулж байгаа Монгол-Германы бизнес форумд нийтдээ 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна. Манай хоёр улсын хөгжлийн бодлогын хамтын ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулж ирсэн Герман улсын Сэргээн босголтын зээлийн банканд Монгол Улсын "Чингис хаан баялгийн сан" нэгдэлтэй тогтвортой хөгжил, ашигт малтмалын нөөц, аж үйлдвэр, технологи, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилт зэрэг хариуцлагатай хөрөнгийн удирдлагын чиглэлээр тохиролцож байгааг энд хэлэхэд сайхан байна. Монгол-Германы банк хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулж байгааг сайшааж байна. Одоогоос 100 жилийн өмнө манай хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа эхэлж байсан юм. Их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй 30 гаруй залуус Герман улсад суралцаж байсан түүхтэй. Бид боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойг хамтдаа тэмдэглэж байгаад баяртай байна. Мөн Германы нэрт монгол судлаач болон Их зохиолч Д.Нацагдорж нарыг алдаршуулсан дурсгалын самбарыг нээж байгаад талархаж байна. Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөгийн энэ айлчлалын хүрээнд анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгааг тэмдэглэн хэлье. Эрхэм Ерөнхийлөгч та хоёр жилийн өмнө Монгол Улсад айлчлахдаа нэг зүйлийг тохирсон. Энэ бүхэн таны санаачилга байсан гэдгийг хэлэхийг хүсэж байна" хэмээлээ.

Read full article →