Depository of News

Хасын харилцагчаар зочилсон тэмдэглэл #01: Тоон дээрх санхүүжилт үйлдвэр болсон нь – “SUU 2.0”

newsdepo.com · world

ХасБанк, Сүү ХК-ийн хамтын ажиллагаа 2013 онд эхэлж, 2019, 2021 онд ЕСБХБ (Европын сэргээн босголт хөгжлийн банк)-тай хамтран үйлдвэрийн шинэчлэл, сүү бэлтгэлийн системд санхүүжилт олгож байсан түүхтэй. Харин энэ удаагийн шинэ үйлдвэрийг ХасБанк дангаараа санхүүжүүлж, миний бие сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол Улсын ууган үйлдвэр Сүү ХК-ийн шинэ үйлдвэрийн нээлтэд оролцон, үйлдвэртэй танилцах боломж олдсон юм. Банканд ажилладаг бидний хувьд зээл, санхүүжилт гэдэг өдөр тутам хардаг тоо. Тэр тоо, тэр мөнгө данснаас дансны хооронд нүдэнд харагдахгүйгээр хаашаа шилждэгийг мэддэг ч хэдэн сарын дараа очоод харахад өнөөх тоо барилга, үйлдвэрийн шугам, лаборатори, агуулах, автомат систем болж хувирчихсан байхыг харах, сонсох мэдрэмж шал өөр байлаа. Үйлдвэрийн нээлтийн үеэр удирдлагууд өмнө нь хоногт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтай байсан бол шинэ үйлдвэр ашиглалтад орсноор энэ үзүүлэлт 400 тонн болж хоёр дахин нэмэгдсэнийг онцоллоо. Таван жилийн өмнө малчид, фермерүүдээс жилд 16 сая литр сүү татан авдаг байсан бол өдгөө энэ тоо 32 сая литрт хүрч, мөн л хоёр дахин өсжээ. Нэг ёсондоо бизнес өссөөр 68 жилийн туршлагатай үйлдвэрээ өргөжүүлэн тэлэх нь тодорхой байжээ. Тэд шинэ үйлдвэрээ SUU 2.0 гэж нэрлэсэн нь ч утга учиртай аж. Шинэ үйлдвэрийн эрчим хүчний зарцуулалт 30–40% буурч, хүчин чадал өсөхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн хаягдал багасаж, хэрэглэгч бидэнд ирэх бүтээгдэхүүний чанар, хүртээмж ч нэмэгдэх боломжтой болжээ. Мөн Сүүгийнхэн Улаанбаатар хотоос 500 км-ийн радиуст 6 аймгийн 2,500 малчин, фермерээс түүхий сүү татан авдаг гэж сонсоод нэг зүйл бодогдсон нь: Ганц үйлдвэрийн хүчин чадал өсөж байгаа хэрэг биш юм байна. Үүнийг дагаад үйлдвэрт сүүгээ нийлүүлдэг малчин, фермерүүдийн зах зээл, орлого, цаашлаад хөрөнгө оруулалтын боломж нь хүртэл томорч байгаа хэрэг аж. Ташрамд сонирхуулахад тэдний орлогоо хүлээн авах, худалдан авалт хийхэд нь зориулан ХасБанк Сүү ХК хамтран тусгайлсан “Шимт” UnionPay картаа зах зээлд нэвтрүүлсэн байдаг. Ингээд бодоход санхүүжилт, бизнесийг тоо, тайлангаар л хардаг миний хувьд тайлан дээрх “зээл” гэдэг мөрний ард хэдэн зуун ажилтан, хэдэн мянган нийлүүлэгч, хэдэн сая бүтээгдэхүүн байдгийг дахин нэг сануулах шиг. Харин хажууд сууж байгаа байгууллагын банкны захирлын хувьд энэ нь аль хэдийн танил ертөнц. Тэд үйлдвэрийг харилцагчаас дутуугүй мэдэж тайлбарлах нь санхүүжилт гэдэг ерөөсөө ч тоо биш, хамтдаа өсөх итгэлцэл юм байна гэж бодогдлоо. Үйлдвэрээр зочлов: Шинэ үйлдвэр малчны хотноос ирсэн түүхий сүүг хүлээн авахаас эхлээд ариутгах, боловсруулах, савлах хүртэлх үндсэн дамжлагуудыг нэг цогц системд нэгтгэсэн, автоматжсан үйлдвэр байлаа. Үнэндээ л үйлдвэрээр явж байхад нэг зүйл тун сонин. Нэг, хоёрхон ажилтан таарснаас бусдаар биднээс өөр хүн амьтангүй шахуу. Малчны хотоос хэдэн арван тонноороо орж ирээд боловсруулагдаж байгаа гэх сүү нь ч нүдэнд үзэгдэхгүй. Эргэлзсэндээ тайлбар хийж явсан үйлдвэрийн даргаас: “Нээлтээ л хийж байгаа болохоос үйлдвэрлэл нь яг эхлээгүй байгаа юм уу?” гэж тодрууллаа. Гэтэл үйлдвэрлэл аль хэдийн яваад эхэлчихсэн байжээ. Данснаас данс руу мөнгө нүдэнд харагдахгүй шилждэг шиг сүү ч битүү хоолойгоор үйлдвэр дундуур урсаж, шат шатандаа хянуулж, боловсруулагдан бүтээгдэхүүн болон гарч ирдэг юм байна. Түүнчлэн банкны хүн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг харахаараа “ямар гоё шинэ юм бэ” гэж хараад өнгөрдөггүй юм байна. "Хэдэн цаг хэмнэж байгаа бол? Хаягдал хэдэн хувиар буурсан бол? Нэгж бүтээгдэхүүний өртөг яаж өөрчлөгдөх бол?" гэдгийг өөрийн эрхгүй бодохын зэрэгцээ үйлдвэрийн автомат удирдлага, лаборатори, нөөц систем, хөргөлт, CIP цэвэрлэгээ зэрэг нь миний нүдээр зүгээр нэг технологи биш, бизнесийн эрсдэлийг бууруулсан хөрөнгө оруулалт юм байна гэсэн өөртөө л томдсон дүгнэлтийг хийгээд амжив. Гэхдээ хүнсний үйлдвэрт температур алдагдах, ариутгал, цэвэрлэгээ доголдох, хүний алдаа гарах, үйлдвэрлэл зогсох зэрэг нь бүгд санхүүгийн эрсдэл, эдийн засгийн үр дагавартай гэдгийг бодохоор бас ортой ч юм шиг. Автомат үйлдвэр гэхээр “ажилтан цөөрчихсөн юм биш үү?” гэж бодогдох ч хүний шууд оролцоо 60 орчим хувиар буурч, ажилтнууд давтагддаг ажлуудаас чөлөөлөгдөн, бүтээмж нь нэмэгдэж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг илүү үнэ цэнтэй ажлуудад төвлөрөх боломжтой болсон гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл автоматжуулалт гэдэг заавал хүн цөөлөхийн нэр биш, харин хүнийг машинаар хийлгэж болох ажлаас нь чөлөөлөхийн л нэр юм байна. Үйлдвэрээр аялахдаа мэдсэн өөр нэг сонирхолтой зүйл нь ариутгал зөвхөн үйлдвэрт эхэлдэггүй аж. Малчин, фермерүүдээс сүүгээ анх авахдаа л чанарыг нь шалгана. Бидний мэддэг шиг эмээ, ээж сүүг амсаж үзээд “энэ жаахан гашилж магадгүй юм байна, сода хийчих” гэдэгтэй адил юм энд байхгүй гэж хөгжөөнтэй тайлбарлав. Түүгээр ч зогсохгүй замд таардаг сүүний машин нэг саванд бүгдийг холиод аччихдаггүй, чанарын үзүүлэлтээс нь хамааран тус тусад нь тасалгаанд авч явдаг гэнэ. Үйлдвэрийн даргын тайлбар дундуураа хавчуулах хөгжөөнтэй, мэдрэмжтэй үгсийг сонсоод сүүнүүд ч гэсэн өөр өөрийн “өрөөтэй” юм шиг санагдаж, энэ мэт тайлбар нь үйлдвэрийн аяллыг сонирхолтой болгож байлаа. Маркетер хүний хувьд өөр нэг сонирхолтой зүйл анзаарагдсан нь “Миний Монголын сүү”, ХасБанк хоёрын ижил тал байлаа. Гаднын нэмэлт орцгүйгээр, цэвэр дотоодын түүхий эдээр боловсруулж, дотоодод борлуулсан сүү, сүүн бүтээгдэхүүн НӨАТ-аас чөлөөлөгддөг тул иргэд НӨАТ-гүй үнээр худалдан авдаг. Яг үүнтэй адил ХасБанк ч харилцагчдаа шимтгэлгүй үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Хоёр өөр салбарын бизнес ч гэлээ хэрэглэгчээ дэмжсэн энэ философи нь хоорондоо тун ижилхэн санагдсаныг нуух юун. Төгсгөлд хэлэхэд, тоон дээр л харж байсан санхүүжилт үйлдвэр болж, Монголын малчид, фермерүүдийн буянт малын сүү бүтээгдэхүүн болж савлагдан гарч байгааг нь харах сайхан байлаа. Түүний зэрэгцээ Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгын нээлтийн үгэндээ “ХасБанкдаа баярлалаа” гэж хэлэхэд яагаад ч юм тэр үед “Хасчууд ч энэ үйлдвэрийн нэг хэсгийг бүтээлцсэн юм байна даа” гэсэн бахархал төрж байснаа бардам хэлээд энэ тэмдэглэлээ дуусгая. ХасБанк харилцагчдынхаа өсөлтийг дэмжиж, дараагийн алхам бүрийг нь хамт бүтээлцсээр байх болно. Тэмдэглэлийг маркетер

Read full article →