₮3.9 тэрбумаар уулын зам дагуу 1.5 км явган хүний болон дугуйн зам тавихаас 560 метрийг нь хучжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, уулын зам дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр явган хүний болон дугуйн замыг тавьж буй. Уг ажлын явцын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас "Уулын зам дагуух явган хүний болон дугуйн замын урт 1.5 км, зорчих хэсгийн өргөн 3.5м, авто зам болон явган хүний замын эгнээг тусгаарлах тоног хайс, иж бүрэн гэрэлтүүлэгтэй хийгдэхээр төлөвлөгдсөн. Тендерт "ЗГБ холдинг" ХХК шалгарч, гэрээ байгуулан далан, суурь байгуулах, явган хүний болон дугуйн замын хашлага суурилуулах, гэрэлтүүлгийн суурь суулгах, цахилгааны кабель татах, туузан хайс суурилуулах, хана цутгах ажлуудыг гүйцэтгэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 560 метр замын хучилтын ажлыг дуусгаад байна" хэмээн мэдээллээ. Уулын зам дагуу 1.5 км явган хүний болон дугуйн замыг энэ онд барьж дуусгахаар төлөвлөсөн бол нийслэлийн төсвөөс зарцуулах төсөвт өртөг ₮3.9 тэрбум байна.
