"Туул голыг дагасан экосистемийг цэцэрлэгт хүрээлэн болгож унадаг дугуй, явган хүний болон гүйлтийн зам тавина"
Нийслэл хотод энэ жил 76 км дугуйн замыг барьсан бол ирэх онд 115 км дугуйн зам шинээр тавихаар болжээ. Нийт дугуйн замын 450 км сүлжээтэй болж, Өнөр хорооллоос Амгалан хүртэл унадаг дугуйгаар явах боломжийг бүрдүүлэх гэнэ. Хотын дарга Б.Пүрэвдагвын мэдээлснээр Туул голыг дагасан экосистемийг цэцэрлэгт хүрээлэн болгож, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн зам тавина. Зайсангийн Bella Vista хотхоноос Сүхбаатарын талбай хүртэл унадаг дугуйгаар хүрэх гүүрэн байгууламжтай замыг 2027 онд барих бөгөөд MCS компани 1%-ийн татварын хөнгөлөлтийн хөрөнгөөр энэхүү бүтээн байгуулалтыг хийж өгөхөөр болжээ. Дугуйн спортын талаар Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон "Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Энэ жилийн Айчи Нагоя наадамд манай дугуйн тамирчин, ОУХМ С.Жамбалжамц Монголын 303 тамирчнаас медалийн салхийг хагалсан амжилтыг үзүүлж, хошой хүрэл медалийг хүртлээ. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн" хэмээн ярилаа. Авто замын баруун талын ногооноор будсан хөвөөгөөр унадаг дугуйтай хүн явдаг болсон нь жолооч нарт тэдний аюулгүй байдлыг хангах анхааруулга болсныг Монголын дугуйн холбооныхон онцлов. Нийслэлийн 2026 оны төсөвт дугуйн зам барих ажлын нийт төсөвт өртөг, хугацааг дараах байдлаар баталжээ. Уулын зам дагуух явган болон дугуйн замын ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг) ₮3.9 тэрбум (2026 он) Сэлбэ голын эргийн дагуу дугуйн зам тохижилтын ажил ₮478 сая (2024-2026 он) Гэндэнгийн гудамж, Чойжин ламын сүм музейн баруун, зүүн талд явган, дугуйн зам шинээр барих болон засвар, тохижилтын ажил ₮1.1 тэрбум (2022-2026 он) Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг тойрсон бетон суурьтай төмөр хашааг нурааж, явган хүний болон дугуйн зам барих ажил ₮108 сая (2022-2026 он) Ногоон нуурын гудамжны хоёр талын явган зам, дугуйн зам, авто зогсоол болон тохижилтын ажил (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9, 10, 11 дүгээр хороо)-ын дуусгал ₮5.6 тэрбум (2023-2026 он) Авто зогсоол, явган болон дугуйн зам, тохижилт ногоон байгууламж ₮8.2 тэрбум (2022-2026 он) Дугуйн замын зураг төсөл ₮55 сая (2018-2026 он)
