Говь-Алтай аймгийн хоёр суманд годрон өвчний улмаас 13,890 ямаа устгажээ
Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр суманд годрон өвчний улмаас өчигдрийн байдлаар нийт 32 өрхийн 13,890 ямааг устгалд оруулсан талаар Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ. Тодруулбал тус аймагт өвчний тохиолдолд бүртгэгдсэнээс хойш 570 ямаа годронгоор өвчлөөд байгаа аж. Улмаар голомтод байсан Цогт сумын 27 өрхийн 11,891, Дэлгэр сумын 5 өрхийн 1,999 ямааг устгасан байна. Годрон өвчний вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай ₮1.5 тэрбум болон малчдад нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлээд байгаа юм.
